Thursday, April 30, 2009

Монголын хөгжлийн түлхүүр нэгээр нэмэгдлээ

Монгол Улсын хөгжлийг түлхүүрдэх бас нэгэн боломж нээгдэж байна.

Тэрхүү түлхүүрийг цоожинд нь тааруулан онгойлгож чадахаас ихээхэн зүйл хамаарах нь. Хоёр толгойн "үүцээс" ч дутахааргүй нөөц баялаг Монгол орны маань нутаг дэвсгэр дээр ашиглагдаагүй байна. Харин үүнийгээ чулуу болгож чадах эсэх нь улс орны бодлого тодорхойлогчдын Монголоо, иргэнээ гэсэн сэтгэл, зүтгэлээс хамаарах юм.

Хөгжлийн тэрхүү түлхүүр нь хоёр толгойгоос гадна ураны ордууд. Энэ нь эдийн засгийн өгөөжтэйгээс гадна үндэсний аюулгүй байдалд ч онцгой ач холбогдолтой. Гэхдээ зөвхөн ийм баялаг нөөцтэй байхад л хөгжчих юм биш. Гагцхүү түүнийг хэрхэн ашиглахаас, хэр зөв зохистой бодлого хэрэгжүүлснээс шалтгаална.

Ураны хэрэглээ хэд дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. 2015 оноос хойш дэлхийн улс орнууд эрчим хүчнийхээ хэрэглээг хэрхэн хангахаа мэдэхээ байж толгойны өвчин болно гэдгийг эрдэмтэд сануулах болж.

Мөн 2030 оноос нефтийн нөөц шавхагдаж., дэлхийн хүн ам есөн тэрбумд хүрэх нь. Тиймээс ч эрчим хүчний стратегийн бодлогоо өөрчилж, аль болох нөхөн сэргээгддэг нар, ус, салхины хүчийг дээрээс нь цөмийн эрчим хүчийг түлхүү ашиглахыг чухалчлах болжээ.

Энэ нөхцөл байдал нь Монголыг үнэд орж томоохон гүрнүүдийн ашиг сонирхлын төв болгох боломжийг олгож мэдэхээр байгаа юм. Нефть, нүүрс гэсэн баялаг руугаа дайрсаар байтал өнөөх нь дундарч дахин ургаж төлжөөд арвижихгүй болохоор өөр гарцыг хайхад хүргэж байна. Хэдийгээр нар, салхи, усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх нь байгаль орчинд хал бал багатай ч зардал их шаарддаг.

Дээрээс нь дэлхийн эрчим хүчний хэрэглээг энэ эх үүсвэрээр бүрэн хангах бололцоогүй ажээ. Тиймээс ойрын 20 жилд 600 гаруй цөмийн станц барих урьдчилсан төлөвлөгөө гарчээ. Манай улс ч гэсэн энэхүү олон улсын зорилтын гадна үлдэлгүй 2021 он гэхэд атомын цахилгаан станцтай болохоор тооцоолж байгаа аж. Ураны дэлхийн нөөцийг 10 сая тонн гэдэг. Харин Монголд 1,4 сая тонн ураны нөөц байгаа гэсэн судалгааг социализмын үед ЗХУ-ын мэргэжилтнүүд гаргасан байдаг юм байна. Зөвхөн одоогоор олж илрүүлсэн нөөцөөрөө дэлхийд эхний 15-д орж байгаа юм. Хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжүүд шинээр илрүүлэн тогтоож байгаа учир арвин нөөцтэй эхний арван орны тоонд орохыг үгүйсгэх аргагүй юм.

Монгол оронд ийм том боломж байгаа ч нэгдсэн дорвитой бодлого дутмагаас болоод сүйхээтэй гадаадынхан ашиг унагах болов. Лиценз нэрээр гадаадын баахан компаниудад тараагаад өгчихсөн. Тэдний олонхи нь хөрөнгө мөнгөө цацаад тогтвортой хайгуул хийдэггүй бөгөөд эгзэгийг нь тааруулан ашиг унаган худалдах эсвэл хөрөнгийн зах зээл дээр хувьцаа гаргаж арилжих, томоохон кампаниудтай хамтран ажиллах нэрээр мөнгө саах болжээ. Хатуухан хэлэхэд Монголын баялгаар яаж ийж байгаад хөлжих гэсэн бүлэглэлүүдийн атганд ашигт малтмалын ордууд оржээ. Лиценз нэрээр хамаг олигтой өнгөтэй ордуудаа хамаа замбараагүй тараасан алдаагаа засахаас ажлаа эхлэх хэрэгтэй байна.

"Хан Ресурс" гэсэн Канадын компани Дорнод дахь ордод хамтран ажиллах саналыг Японы Марубени корпорацид хүргүүлж Монгол дахь ураны орд газрыг хамтран эзэмших эрхийн бичигт гарын үсэг зурсан байх юм. Марубени корпораци нь Монголын уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг сайжруулахад анхаарал тавих бол "Хан ресурс"-ынхан нь хэрэгцээтэй мэдээллээр хангаж байх аж.

Дорнод аймгийн нутагт Мардай, Гурванбулаг, Дорнод гэсэн гурван томоохон ураны орд бий.
Гурванбулаг ордыг эзэмшигч Канадын "Вестерн проспектор" компанийг Хонгконгийн "CNNC интернэйшнл Ltd" 198 сая хонгконг доллараар энэ сарын 15-нд худалдан авсан талаар "Хятадын мэдлэг" сонинд мэдээлжээ. CNNC компанийн 74 хувийг Хятадын цөмийн энергийн газар эзэмшдэг. Тиймээс Хятадууд эрчим хүчний хямрал нүүрлэхэд аминд орох чухал зүйлд мөнгө хайрлахгүй гартаа оруулахыг чухалчилж байгаа гэж хэлж болохоор байна.

Гурванбулагийн орд нь 6900 тонны нөөцтэй бөгөөд жилд 700 тонныг үйлдвэрлэх боломжтой аж. Тус орд нь Хятадаас 100 гаруй километрт оршдог.

Ордын техник, эдийн засгийн үндэслэлийг 2004 оноос Канадууд гаргажээ. Тэдний үзсэнээр Гурванбулаг ордоос есөн жилийн турш өдөрт 700 тонн уран олборлоход 280 сая ам.долларын ашиг олох боломжтой аж.

Монголын ашигт малтмалын салбарын нэгдсэн бодлогогүй, уранаа хэрхэн ашиглахаа ч шийдээгүй хийрхэж улстөржин мунгинасаар байх зуур ашиглалтын 11 лиценз хятадуудын гарт оржээ.

Манай улс социализмын үед ч бусдад ашиглуулж байснаас өөрсдөө ашиг унагаж байсангүй. Орос ах нар манайд нууцаар уран олборлож байж. БНМАУ-ын Зас-гийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын "БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай" маш нууцын зэрэглэлтэй хэлэлцээр 1981 оны арванхоёрдугаар сарын 23-нд байгуулагдаж, Дорнодын Мардайн орд газарт оросууд дангаараа олборлолт явуулж байж. Мөн 1982-1988 онуудад оросууд Мардайн ураны орд газрыг түшиглэн, олборлолтын "Эрдэс" үйлдвэр ажиллуулж, Байгаль нуураас зүүн тийш 250 км зайд орших Краснокаменскийн уул уурхай-химийн үйлдвэрт түүхий эд нийлүүлж байжээ. Газар доогуур 800-900 метрийн урттай хонгил барьсан байсныг ч манайхан мэдээгүй байсан гэдэг.

Тиймээс ч Оросууд хамгийн түрүүнд ураныг ашиглахад хамтран ажиллахаар шургуу хөөцөлдөж, хөрөнгө оруулахаа амлаад байна.

Дэлхий дахинд эрчим хүчний хямрал нүүрлэхэд ураны ордыг гартаа оруулсан, Атомын станц байгуулсан улс гүрэн мөнгийг хүүлнэ гэдгийг хойд хөршийнхөн ч тооцоолж байгаа нь лавтай.

Манай улс энэ замбараагүй олгосон лицензээ цэгцэлж, алсыг харсан нүүдлийг хийх цаг болжээ. Олон улсын Атомын эрчим хүчний агентлагийн дарга Мохамед Эль Барадей манай улсад саяхан зочлоод хэд хэдэн баримт бичигт гарын үзэг зураад буцлаа.

Үүнийг уламжлалт албан айлчлал гэхээсээ илүү дэлхий дахин Монголыг анхаарч хараагаа бэлчээж эхэлснийг илтгэж байгаа хэрэг. Энэ байгууллага атомын цахилгаан станц ажиллуулах зөвшөөрлийг олгодог. Тиймээс цаашдын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ураныг ашиглахад чухал дэмжлэг үзүүлэх түншийн нэг юм. Монголын Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат "Төрөөс ураны чиглэлээр баримтлах бодлого 1990 онд гарсан. Тэр нь өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр л байна. Бид нар бол бодлогынхоо хүрээнд л ажиллаж байна. Харин бодлогоо шинэчлэх, их ажил эхлээд л явж байна" гэжээ.

Ураныг ашиглахад хамтарч ажиллах хүсэлтэй улс орнуудын тоо улам нэмэгдсээр. Тодруулж хэлбэл ОХУ, Хятад, Япон, Франц, Канад гээд хөвөрч байна.


Өнөөдрийн монгол