Sunday, April 26, 2009

Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудлаа



Ц.Элбэгдорж МАХН-аас нэр дэвшиж буй Н.Энхбаярыг оюутны асуудлаар халз мэтгэлцээнд урив. Хоёр нэр дэвшигч тус тусын мөрийн хөтөлбөртөө оюутан залуусын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаараа тусгасан. Хэрэв хоёр нэр дэвшигч оюутны асуудлаар халз мэтгэлцээн хийвэл хэн нь бодитой юм хийх нь ард түмэнд ил харагдах учиртайсан. Бас халз мэтгэлцээнээс аль амлалт нь хэргэжих болит боломжтой нь харагдах биз ээ.



Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч
Цахиагийн Элбэгдоржийн оюутан сурагчидтай
уулзахдаа сургалтын төлбөрийн талаар хэлсэн үг

Уучлаарай залуусаа, би ийм шударга бус,
хуурамч, хорлонтой амлалтыг
хараад дуугүй байж чадсангүй

(Би оюутныг мөнгөтэй, цалинтай,
сонголттой байхыг дэмжинэ)

Оюутны сургалтын төлбөр тойрсон асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ шударгаар шийдэх нь зөв. Оюутныг хохироож болохгүй. Монголын ирээдүйг сүйтгэж болохгүй. Авлига хээл хахуулийг улам цэцэглүүлж болохгүй.
Зөвхөн сонгогдохын тулд Монголын ирээдүйг, Монголын боловсролыг хорлож болохгүй. Сүүлийн 20 гаруй жил арай ядан босож байгаа дээд боловсролын тогтолцоог нурааж болохгүй.
Сургалтын төлбөрийг үгүй хийнэ гэдэг бол боловсролыг үнэгүй болгоно гэсэн үг. “Боловсролыг чинь үнэгүй болгоно” гэж ирээдүйгээ занаж болохгүй. Энэ бол өнөөгийн оюутан залуусыг, ирж буй шинэ үеийнхэнийг амьдралынх нь турш хорлох хамгийн муухай бодлого.
Ямар ч хүн үр хүүхдээ, ирээдүйгээ муу явахаас муухай амьдрахаас айдаг. Үнэгүй боловсролтой ирээдүй бол үнэгүй байх болно. Ажил амьдрал нь үнэ цэнэгүй байх болно.
Үнэгүй юм амьгүй байдаг. Үнэгүй юмны цаана хэт өндөр үнэ нуугддаг. Үнэгүй юмны ард авлига гаардаг. Шударга бус байдал гаардаг. Үнэгүй юм үнэтэй бүхнийг үнэт зүйлсийг үхүүлдэг. Тэр бүх хохирлын үнийг жирийн ард түмэн, хойч үе төлдөг.
Ингэж хэлэх нь өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ерөнхийлөгч бус цорын ганц нэр дэвшигч миний хувьд эрсдэлтэй алхам. Уучлаарай залуусаа, би ийм шударга бус, хуурамч, хорлонтой амлалтыг хараад дуугүй байж чадсангүй. Монголын ирээдүйг ингэж хорлуулмааргүй байна. Та нарын амьдралыг харж суугаад бүрмөсөн баллуулмааргүй байна.
Сургалтын төлбөрийг үгүй болголоо гээд харин ч та нараас илүү их төлбөр татах болно. Өнөөдөр алхах бүрт авлига, хөдлөх бүрт хөлс, хүнд суртал байгаа. Та нар үүнийг мэднэ. Өнөөдөр авлигачдад амьсгалж байгаа бүхэн хэрэглээгээрээ дамжуулж төлөөс төлдөг. Зүгээр л тэд боловсролыг чинь үнэгүй болгоно гээд бусад юмныхаа үнийг нэмнэ. Эцэст нь та нар баталгаагүй ирээдүйтэй, баахан өртэй үлдэнэ.
Боловсролын тогтоцыг, ирээдүйгээ ингэж хорлосон улс орон, сонгогдохын төлөө, сандал суудлаа хадгалахын төлөө сохорсон удирдагчид хаа сайгүй бий. Боловсролоо зөв шударгаар дэмжиж байсан улс орнууд ч бий. Ганцхан жишээ хэлье. Боловсролын бодлогоор нь Гана, Өмнөд Солонгосыг харьцуулсан судалгаа хамгийн сургамжтайд тооцогддог.
Гана улс сургалтын төлбөрөө чөлөөлсөн, боловсролоо үнэгүй болгосон. Өмнөд Солонгос боловсролыг хамгийн үнэ цэнэтэй зүйл гэж үзсэн. Өрсөлдөөнийг дэмжсэн. Боловсролоо дэмжих зөв, шударга бодлого хэрэгжүүлсэн. Хөгжлийн ижил түвшинтэй байсан хоёр орон хэдхэн жилийн дараа хөгжлийн газар тэнгэр шиг ялгаатай болсон.
Өмнөд Солонгос өнөөдөр нэг хүнд ноогдох чанартай боловсролынхоо үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Хөгжлийнхөө түвшингээр бар улс болсон. Гана улс “Боловсролыг чинь үнэгүй болгоно” гэсэн удирдагчдынхаа хорлонтой бодлогод иргэдийнхээ боловсролын түвшингээр ч, хөгжлөөрөө ч дэлхийд сүүл мушгигчдын нэг болсон. Ингэж Гана улс Яана улс болчихоод байна.
Би Монголоо, Монголынхоо ирээдүйг ингэж “Яанаа” гэж халагламаар хорлонтой бодлогоор хөнөөмөөргүй байна. Би Монголын боловсролд хөгжил авч ирэхийг хүсэж байна. Чанар авч ирэхийг хүсэж байна. Өрсөлдөөн авч ирэхийг хүсэж байна. Шударга зөв бодлогоор боловсролыг хөтлөхийг хүсэж байна.
Аливаа үйлчилгээний хөгжил, чанарыг үйлчлүүлэгч нь хөтөлдөг. Боловсролын үйлчилгээг авдаг хүмүүс нь оюутнууд. Иймээс дээд боловсролын чанарыг сайжруулъя гэвэл оюутнуудаа дэмжих хэрэгтэй. Оюутнаар дамжуулж дээд боловсролыг дэмжих хэрэгтэй. Дэмжлэгийг оюутнуудад, оюутны гарт, оюутны мэдэлд өгөх хэрэгтэй.
Боловсролыг үнэгүй болгох бус оюутныг мөнгөтэй болгох нь чухал байна. Би оюутныг гар дээрээ төлбөрөө, мөнгөө авдаг байхыг дэмжинэ. Би оюутныг мөнгөтэй, цалинтай, сонголттой болохыг дэмжинэ.
Боловсролыг хөгжүүлэх, тэнд өрсөлдөөн бий болгох амин сүнс нь оюутныг сонголтын эрх чөлөөтэй болгоход оршино. Оюутан хүн сургуулиа сонгох эрхтэй байх ёстой. Багшаа сонгох эрхтэй байх ёстой. Оюутан хүн аль сургуулиас, аль багшаас багц цаг-кредитээ цуглуулах вэ? хаана, хэнд мөнгөө төлөх вэ? гэдгээ мэддэх байх ёстой.
Ингэхийн тулд байгууллагад, хүнд сурталд, авлигалд төр, эцэг эхчүүд мөнгөө төлөх биш, мөнгийг оюутны гар дээр тавих цаг болсон. Оюутныг сонголттой болгох цаг болсон. Сайн оуютныг, хичээл зүтгэлтэй оюутныг, өөртөө итгэлтэй оюутныг цалинтай, мөнгөтэй болгох цаг болсон. Ингэж боловсролын төлбөрт үндсэн, чанарын, шударга өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэвэл боловсрол үнэ цэнэтэй болно. Хөгжинө. Чанартай боловсролтой иргэн чанартай хөгжлийг бий болгоно.
Би боловсролын үнэ цэнийг мэднэ. Сайн, чанартай боловсрол гэж юу байдгийг бас мэднэ. Би оюутны хотхон байгуулахыг дэмжинэ. Би Монголын нийслэлийн ойролцоо цорын ганц зарагдаагүй үлдсэн “Их Тэнгэр” гэж Богд уулын уужим, үзэсгэлэнт амыг гурван даргыг тусгаарлах газар биш Монголыг хөтлөх “Оюуны төв” болгож хувиргах гэсэн мөрөөдөл надад байдаг. Би энэ мөрөөдлөө хэрэгжүүлэхийн төлөө явна. Бүсийн төв, томоохон суурингуудын ойролцоо оюутны хотхон, хот байгуулахыг дэмжинэ.
Манай оюутнууд өнөөдөр хүний наад захын хэрэгцээгээр дутаж байна. Амьдрах оюутны байраар дутаж байна. Хийх ажлаар дутаж байна. Сургуулиа төгсөөд ажил олдохгүй дутаж байна. Энэ дутаж байгааг нөхөхөд би онцгой анхаарна. Оюутнууддаа хэрэгтэй үед нь тусалдаг Ерөнхийлөгч байна. Залуусаа шоронд биш сургуульд явахад нь дэмжлэг үзүүлдэг Ерөнхийлөгч байна.
Өнөөдөр дээд сургууль төгссөн 10 оюутны дунджаар 7 нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Би жил бүр Монголд шаардлагатай мэргэжлийн жагсаалт гаргадаг болгоно. Шаардлагатай мэргэжилтний тоог зарлуулдаг болгоно. Захиалгат, шаардлагатай боловсролд зарцуулах мөнгийг захиалагч тал нь төлдөг болгоно. Тэр төлбөрийг захиран зарцуулах эрхийг оюутанд өгнө.
Бид боловсролын тухай, төлбөрийн тухай олон жил ярьж, олон хурал зөвлөлгөөн хийсэн. Тэндээс боловсрол үнэтэй байх ёстой гэсэн ганц дүгнэлт гардаг. Нэг тийм хурлын үеэр илтгэл тавьсан оуютны дүгнэлтийг би сайн санаж байна. Тэр оюутан Төрийн ордны их танхимд тавьсан боловсролын тухай илтгэлээ төгсгөхдөө “Боловсролыг гэрэлт ирээдүй гэдэг. Ирээдүйгээ гэрэлтэй, гэгээтэй байлгахын тулд гэрлийнхээ мөнгийг төлцгөөё” гэж уриалж байсан. Оюутнууд тэр уриалгыг дэмжиж байсан.
Би боловсролын тухай ярихдаа 4-н жилээр хязгаарлахыг хүсэхгүй байна. Дөчин жил, олон зуун жил, Монгол орон мөнхөд орших тэр ирээдүйг бодож боловсролын бодлогоо төлөвлөх хэрэгтэй. Жил бүр төрөөс гадаад дотоодын дээд сургуульд сургах оюутны захиалгын тоог 5000-аас доошгүй байлгая. Ийм бодлогыг 40 жилийн хөтөлбөр гаргаж хэрэгжүүлье. Бид 40 жилийн хугацаанд төрийн захиалгаар, хамгийн гол нь шударга системээр доод тал нь 200 мянган иргэнээ ингэж бэлдье. Шалгалт шүүлгийг нь тусгай программаар, гадны нөлөөгүй, олон улсын жишгээр авдаг байя. Ингэж бид үнэ цэнэтэй, боловсролтой иргэдээ шударга, зөв бодлогоор тогтвортой бэлдэж чадвал Монгол улс хөгжинө. Хурдан босно.
Хамгийн гол нь чанартай боловсрол, цаана нь баталгаатай ажлын байр байх нь чухал. Өнөөдөр Монголын залуус сургууль төгсөөд ажилгүй байдаг. Гадныханд тэдний ажлын байрыг найр тавьж өгдөгийг зогсоох ёстой. Сургуульд сурч байгаа оюутан бүрийн ард захиалагч нь байдаг, төлбөрийг нь төлдөг, тэр мөнгийг хэнд төлөхөө оюутан мэддэг тийм систем тогтоох нь зөв. Оюутан сурч байхдаа ажлын байрны захиалгаа авчихсан, гэрээгээ хийчихсэн байх ёстой. Тэгвэл тухайн оюутан төгсөөд ажилгүй, байнгын орлогогүй байхын түмэн зовлонг эдлэхгүй.
Монголд хийх ажлаас их юм алга. Манай оронд маш олон мэргэжил, мэргэжилтэй хүн шаардлагатай. Монгол улсад эзэмшье гэвэл баялаг байна, хийе гэвэл ажил байна. Баялагаараа бид чинь дэлхийд эхний 10-т ордог. Тэгвэл хийх ажлын ийм их хэрэгцээ бас байна гэсэн үг. Монгол хүн баян, амгалан, бүтээлч амьдрах ийм их боломж байна. Ийм орны төр дээд сургууль төгссөн иргэнээ ажилгүй байлгах, ядуу явуулах нь ичгэвтэр.
Монголд оюутны төлбөр чөлөөлнө, боловсролыг үнэгүй болгоно гэж Ерөнхийлөгч хүн амлах ёсгүй. Харин оюутны төлбөрөөр оролдохоос илүүтэй Оюу толгойг харьд шоудаж, авлигаар өгсөн байж болох шийдвэрээ хүчингүй болгох хэрэгтэй. Ингэвэл бид тэр нэг Оюу толгойгоос илүүтэй олон мянган баян оюутан толгойтой болно.
Үнэтэй боловсрол олсон хүн амьдралынхаа турш боловсролынхоо үнийг хэд дахин эргүүлж олдог. Үнэ цэнэгүй боловсролтой хүн тэр өртөгөө амьдралынхаа турш төлдөг. Чи төлбөрөө бусдаар даатгасан ч, амьдралаа бусдаар бас даалгаж чадахгүй. Сайн боловсрол орлого болдог. Муу боловсрол зарлага болдог. Боловсрол нь үнэ цэнэгүй оронд хүн нь үнэ цэнэгүй байдаг. Би ингэж иргэдийнхээ хамгийн үнэ цэнэтэй капиталаар, иргэдийнхээ амьдралаар тогломооргүй байна. Дахин хэлье, сонгуулийн ганцхан амлалтаар ирээдүйгээ, улсаа бүрмөсөн баллуулмааргүй байна.
Үүний оронд би өрсөлдөгчдөө өмнөх амлалтаа хэрэгжүүлээрэй гэж уриалмаар байна. 2000 онд амласан “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас аврах” амлалт нь хэрэгжсэн үү! Өнөөдөр Монголын нийгэм хямралгүй, Монголын ард түмэн баян амьдарч чадаж байна уу!
Харин 2004 оны сонгуулийн АН-ын МАХН-ын амласан нийгмийн амлалтын хэрэгжилтийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн Ерөнхий сайд би өөрөө, та нарын өмнө зогсож байна. Та нар санаж байгаа, төсөв хүрдэггүй байхад авлигатай тэмцэж, нийгэмд шударга ёс тогтоох ажлыг эхлүүлж байж хүүхдийн мөнгө, залуу гэр бүлийн мөнгийг олгодог болсон.
Ингэж би авлигачдын халаасыг зузаалж биш, харин хоосолж улсынхаа сан хөмрөгийг дүүргэж, иргэдийнхээ гар дээр мөнгө тавьж чадсан. Ингэж би мэргэжлийн боловсрол олгодог сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг босгож, тэнд сурч байгаа оуютнуудад цалин өгдөг болгосон. Өнөөдөр тэд 45 мянган төгрөгийн цалин гар дээрээ авч байгаа. Уг нь доод тал нь 108 мянган төгрөг авах ёстой юм. Би үүнийг хийж чадсан. Би дээд сургуульд сурдаг оюутнуудыг цалинтай, сонголттой болгох ажлыг хийнэ. Чадна.
Дахиад өрсөлдөгчөөсөө 2000 оны, мөн 2008 оны биелүүлээгүй амлалтаа эхэлж биелүүлье гэж хүсэх байна. Шударга ёс тогтоож, баялгийг иргэддээ хувиарлаж, төрөө хямралаас түмнээ ядуурлаас гаргая. Нөгөө алдарт, олон түмнийхээ хөхийг хавтгасан 1 сая, 1,5 сая төгрөгнийхээ амллатыг хэрэгжүүлье.
Тэр амлалт хэрэгжвэл оюутан та хэнээс ч гуйхгүй, гар дээрээ мөнгө авна. Оюутан та сайн багш, сайн сургуулийг сонголтоороо, мөнгөөрөө олж, сайн боловсрол эзэмших боломжтой болно. Та баян орны, авлигатай орны ядуу оюутан биш баян орны, шударга нийгмийн баян оюутан, бүтээлч иргэн болж чадна.
Өнөөдөр Монголын авлигатай, хүнд сурталтай, олигархжсан төр юун оюутны төлбөр чөлөөлөх. Багшийнхаа цалинг, төрийн сургуулийнхаа тогтмол зардлыг ч бүрэн өгч чадахгүй хасаж танаж байна. Авлигажсан төрийн төлөх мөнгөний хэмжээнд Монголын дээд боловсролын тогтоцыг царцааж хөлдөөж болохгүй.
Харин төрд шударга ёс, албан тушаалтанд хариуцлага, ард түмэндээ баялгийг, эрхийг өгвөл өнөөдөр бид ямар ч асуудлыг шийдэж чадна. Хямралаас гарна. Би ингэж улс орноо хямралаас гаргасан, өнөөдрийн олон ужиг асуудлыг сууриар нь шийдвэрлэсэн Ерөнхийлөгч байх болно.
Авлигыг бүтээсэн хүн авлигын эсрэг тэмцэж чадахгүй. Шударга бусын хөрсийг тавьчихаад шударга ёсыг тогтоож чадахгүй. Хүн бүтээсэн юмныхаа эсрэг тэмцэж чаддаггүй юм. Харин авлига, шударга бусыг нэмж байж, ядуурлыг гааруулж байж, ядарсан ард түмнийхээ, залуус оюутны хамгийн эмзэг шархыг сэдрээж байж дахиж гарах гэж, байгаа газраа үлдэх гэж оролддог. Ийм увайгүй, хорлонт үйлдлийг ард түмэн сонголтоороо тас цохих болно.
Надаас дээрхи сэдвээр нийтийн өмнө халз ярилцлагад орооч гэж олон хүн хүсэж байна. Би Монгол улсын одоогийн суугаа Ерөнхийлөгчтэй Монголын ирээдүй, боловсролын сэдвээр халз ярилцлагад ороход бэлэн байна. Түүнийг халз ярилцлагад урьж байна. Би Монголын ирээдүйг, Монголын боловсролыг аврахын төлөө хэдий эрсдэлтэй ч, зоримог алхам хийж чадна.
Оюутнууд аа! хариуцлагатай цаг ирсэн шүү. Өөрчлөх цаг ирсэн. Сонголтдоо хариуцлагатай хандаарай. Сонгуульдаа идэвхтэй оролцоорой.
Нэг мэдэхэд хувь заяагаа өөрөө тодорхойлдог биш, авлигач түшмэдийн гарт амьдрал чинь оччихсон байх бий. Нэг мэдэхэд сургууль чинь мөнгөгүй, багш чинь цалингүй болчихсон байх бий. Нэг мэдэхэд сурах гээд сайн сургуульгүй, заалгах гээд сайн багшгүй болчих бий. Нэг мэдэхэд ирээдүй чинь баларчихсан, дахиж засах боломжгүй, зассан ч насаараа харамсаад, төлөөд, зүтгээд барахгүй том бул хар чулуу өмнө чинь хөндөлсөх бий.
Хүн хувь заяагаа өөрөө тодорхойлохоос илүү сайхан юм байхгүй. Алдсан ч алдаа чинь сургамж болно. Гэхдээ нөхөж болохгүй алдаа гэж бас бий. Ирээдүйгээ алдвал тийм алдаа болно. Ах нь ямар ч үед та нарт тусална. Миний дүү нар, Монголын гэрэлт ирээдүй, маргаашийн эзэд оюутнуудаа ах нь та нараас нэг юм хүсье. Ахдаа туслаарай. Баярлалаа.




2009.04.25.