
П.Туяа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт эрүүл мэндийн салбарынхантай уулзсан. Ц.Элбэгдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлынхаа хүрээнд салбар салбарын ажил мэргэжлийн хүмүүстэй уулзалт зохион байгуулж тэдний санаа бодлыг сонсч байгаа. Тэрээр энэ удаад эрүүл мэндийн салбарынхантай уулзах болсон нь цаанаа нэг учиртай аж. Учир нь, эмч, эрүүл мэндийн салбарынхны цалинг хасахгүй байх хүсэлтийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад уламжилсан аж. Мөн тэрээр 1996 онд Ерөнхий сайд байх үедээ бие эрүүл мэндийн салбарыг төлбөртэй болгосон. Энэ бол эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон алхам болсон. Сүүлийн үед эрүүл мэндийн тогтолцоонд нэг буруу зүйл үйлчлэх болсон. Энэ юу вэ гэхээр эм, тариаг тендерт оруулсан явдал юм. Эм, тариа ямар цемент шохой юм уу. Тендерт чанар муутай эм тариа нийлүүлэгдэх нь тодорхой. Тиймээс төрөөс энэ байдлыг зогсоох ёстой. Анагаах ухааны чиглэлээр зургаан жил суралцаж төгсөөд гарсан дадлагажигч эмч нарыг шууд эмчээр ажиллуулдаг болох. Харин нарийн мэргэжлийн эмч нарын сурах хугацааг уртасгаж өгье гэсэн саналуудыг тавих болно гэлээ. Ийнхүү түүнийг эрүүл мэндийн салбарынханд хандаж үгээ хэлсний дараа иргэд түүнд асуулт тавьсан юм.
-1.5 сая төгрөг өгөх үү. Энэ амлалтыг биелүүлэх боломж хэр байгаа вэ?
-Энэ 1.5 сая төгрөг бол 2008 оны УИХ-ын сонгуулиар МАХН, АН-аас ард түмэндээ тавьсан өр. Ийм учраас энэ өрөө төлөх ёстой. Жирийн ард иргэд, хөдөөнийхөн, хотын эмч нар ялгаагүй бүгд цалингийн зээлтэй. Өгье гэвэл аргаа олдог, өгөхгүй гэсэн хүн шалтагаа олдог гэдэг шүү дээ.
-Эрүүл мэндийн байгууллагыг хэрхэн хөгжүүлэх вэ?
-Өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын гарах гарц бол эрүүл мэндийн даатгал. Төрийн гүйцэтгэж байгаа үүргийг даатгалаар орлуулж өгөх хэрэгтэй. Харамсалтай нь, өнөөдөр эрүүл мэндийн нийт зардлыг аваад үзэхээр 25 хувь нь даатгал 75 хувь нь төрөөс байна. Ийм байдлаар бол явахгүй. Үүнийг л эргүүлье. 75 хувь нь даатгалаас, 25 хувь нь төрөөс хамаралтай болгох хэрэгтэй. Өнөөдөр иргэд эрүүл мэндийн даатгалыг дөрвөн хувь төлж байгаа. Энэ дөрвөн хувиа төлж байгаа хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа иргэдийн магадгүй 20-30 хувь байгаа. Нөгөө 500 төгрөгийн татвар төлж байгаа иргэд бол эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа хүний 90 гаруй хувийг эзэлж байна. Энэ хүмүүс эрүүл мэндийн салбарыг маш хүнд байдалд оруулж байгаа. Төр эрүүл мэндийн салбрыг аваръя гэвэл энэ даатгалыг дэмжээд өгөх хэрэгтэй. Эмч нарыг дэмжье гэвэл даатгалыг нь дэмжээд өг, төрөөс даатгалд төлдөг мөнгийг нэмээд өг. 500 төгрөгийг наад зах нь 2000 төгрөг болгоё. Ингэсэн байхад манай эмч нар хангалттай цалин авдаг болно.
-Таны эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмэр юу вэ?
-Би 1996 онд Ерөнхий сайд болоод эрүүл мэндийн бүх үйлчилгээг төлбөртэй болгосон. Эрүүл мэнд гэдэг хувь хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл. Үнэгүй юм амьгүй байдаг. Үнэгүй юмыг хэн нэгэн хүн төлдөг л байхгүй юу. Өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээг үнэгүй болгоно гэж шоу хийж магадгүй. Ингэвэл эрүүл мэндийн салбарыг сүйрүүлнэ. Бүх эмнэлгүүдийг цахим сүлжээнд холбоё. Төрсөн хүн болгоныг цахим мэдээллийн карттай болгоё. Үүнийг төр хийж өгөх ёстой. Үндсэн сүлжээний үнийг төр төлөөд өг. Иргэн бүр жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт ордог байх гэсэн заалтыг хуульчилж өгөх. Эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй хүнд мөнгийг нь эргүүлээд өгдөг байх. Энэ бүгдийг төрөөс хийж өгөх шаардлагатай байна. Чи өөрийн эмчээ тэжээж чадахгүй бол харийн эмчийг тэжээх болно. Орж ирж байгаа байгаа бүх мөнгийг эрүүл мэнд боловсролд зарцуулдаг болъё. Ийм зарчмаар ажиллах болно. Та нарт би тусаля, намайг дэмжээрэй.
Уулзалтын үеэр эмнэлгийн зарим ажилтнаас эрүүл мэндийн салбарт ямар тулгамдсан асуудал байгааг сонирхсон юм.
-Монос эмийн үйлдвэрийн эм зүйч Г.Нарангэрэл
-Эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх ёстой ямар асуудал байгаа гэж та бодож байна вэ?
-Эм ханган нийлүүлэх төв, эмийн үйлдвэр эрхэлдэг олон газруудыг цэгцлэх хэрэгтэй гэж бодож байна. Хэн дуртай хүн эмийн сан ажиллуулдаг болж. Үүнийг цэгцэлж эмийн худалдаа эрхэлдэг газруудад лиценз олгохдоо өндөр шаардлага тавих хэрэгтэй. Мөн эмийн нийлэлтийг тендрээр зохицуулах нь буруу. Үүнээс болж манай эмнэлгүүд иргэдэд чанаргүй эм, тариагаар үйлчлэх нь ихэсч байгаа. Одоо жишээ нь дэлхий нийтээр пенциллин хэрэглэхээ болиод удаж байхад манайд л хэрэглээд байгаа шүү дээ. Тиймээс эмнэлгүүдэд чанартай эмээр үйлчилдэг болгоё гэвэл эмийн тендрийг зогсоох шаардлагатай.
-Таны бодлоор эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахад төрөөс ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Ер нь бол иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулья гэвэл эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Төр засгаас эрүүл мэндийн даатгалыг үйлчилгээг боловсронгуй болгох тал дээр анхаараач гэж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарт төсөвлөгддөг мөнгийг нэмэгдүүлэх. Эмч эмнэлгийн ажилчидын цалин бууруулах талаар яриах болсон. Хэрэв эмч нарын цалинг хасвал улсын эмнэлэгт ажиллах эмч олдохгүй л болов уу. Тиймээс эмч нарыг цалинг хасах биш нэмэх талаас нь төр засгаас арга хэмжээ авах цаг нь болсон гэж бодож байна.