Sunday, April 12, 2009

Цахиагын Элбэгдоржид зарласан 200 жилийн дайн

Одоогоос 20 жилийн тэртээ түүнд зарласан 200 жилийн дайн эхэлсэн юм. Ээлж халаагүй ноёрхол, хүлцэнгүй ард түмэн, дарга нарын тусгай хангамж, харийн цэргийн бааз, тоталитор дэглэмийг нөхдийнхөө хамтаар устгалцсан шавилхан биетэй хэлэмгий бор залуу «Улс төр бол үнгэгдсэн нэг төгрөгтэй адил бохир зүйл хэмээн нэрлэж байсан нь туйлын үнэн болохыг бид харж байна. Гэвч тэр бохир ертөнцөөс зайлж, яс амар амьдрахыг хүссэнгүй.
Тэр хэрээрээ түүнийхээ горыг амсаж байгаа нь ч мадаггүй үнэн. Өмнөх зуунд тэр нөхдийнхөө хамт намнуулж байлаа. Эрх мэдлээ алдсан пост коммунистууд түүнийг Монголын дайсан хэмээн нэрийдэж байв. Улс төрийн товчоог огцруулах «Мартын өлсгөлөн»-гийн үеэр төрсөн нутаг Ховд аймгийн Зэрэг суманд нь саальчин бүсгүйчүүдээр өлсгөлөн зарлуулж, түүнийг ямар нэгэн хэлбэрээр буруутгахын тулд удам угсааг нь хүртэл ухаж, төнхөх кампанит ажил өрнүүлсэн түүхтэй.

Нэгэн улс төрч түүнийг буруутгаж ядахдаа «Зэрэгийн малыг Цахиа, чоно хоёр барсан» хэмээн Бурхны оронд одсон эцгийнх нь ясыг хүртэл өндөлзүүлж байлаа. Өмнөх зуунд ганцхан түүнийг намнаж байсангүй. С.Зоригийг Оросын эрлийз, Э.Бат-Үүлийг нүдэнд хүйтэн гэх зэргээр тун ч ядмагхан доромжлолыг цацаж байсан юм. Доромжлох тусам улам хэлэмгий болж байсан энэ эрийг шоронд хатааж, шонд дүүжлэх хүсэл коммунистуудад байсан нь
тодорхой. Ц.Элбэгдорж нэгэнтээ «Монголд Хятадын тагнуулын 13 объект байна» гэж хэлснийхээ төлөө улсын нууц задалсан хэргээр орон, шоронгийн хаалга татахдаа хүрэв.

Тэр цөхөрсөнгүй, харин ч «Олуулаа болоод эргэж ирнэ» гэсэн алдарт үгээ хэлээд Саарал ордны хаалгыг гаднаас нь хааж одсон. Тэд эргэж ирж чадлаа. Бүр 50-иулаа болжээ. Эвслийн Засгийн газрууд ээлж дараалан унаж байсан тэр өдрүүдэд Ц.Элбэгдоржийн Засгийн газар л зоримог алхмыг хийж чадсан. Ямар ч найдваргүй болсон төрийн мэдлийн Сэргээн босголт банкийг Голомт банканд нэгтгэх реформ хийснийхээ төлөөсөнд огцорлоо. Өнөөгийн өндөрлөгөөс харахад Баабарын санаачилсан дээрх алхам нүдээ олсон хэрэг байсныг хэн хүнгүй ойлгож байгаа. С.Зориг алагдаж, Э.Бат-үүлийг мөнхийн сэжигтэнгээр татагдсанаар тэр шинэ ганцаараа намнуулах үйлийн үрийг эдлэх боллоо. Коммунизмын амьсгал тасраагүй XX зуунд түүнийг ямар нэгэн хэлбэрээр буруутгаж, яагаад шоронд хийж чадаагүй нь сонин байдаг.

Түүнийг дэлхий мэддэг болсон байлаа. Шинэ Монголыг гайхашруулж байсан Венесуэлийн «Халтар царайт» киноны гол дүрийн жүжигчин Сонин Сити Буянт-Ухаад буунгуут Ц.Элбэгдоржтой уулзахыг хүссэн гэдэг. Учир нь түүнийг Мамонт сурч байхад Ц.Элбэгдоржийн өдрүүд зохиогдож байжээ. Түүнийг Халтар царайт мэдэж байна гэдэг
нь дэлхийд танигдсаны гэрч. Тийм ч учраас посткоммунистууд дэлхийгээс айсандаа дээлийг нь нөмрүүлж чадаагүй биз.

Юм үзээгүй ардчилагчид хөнжилдөө хөлөө жийлцэж, бас зарим нь гэдсээ цэрийтэл идэж, посткоммунистууд алдаан дээр нь сайтар дөрөөлсний эцэст үнэмлэхүй ялалт байгууллаа. Ц.Элбэгдоржид өөрийгөө хөгжүүлэх сайхан боломж иржээ. Тэр эрх чөлөөний орныг зорьж боловсрол мэдлэгээ дээшлүүлэхээр шийдлээ. Америкт олон хүн сурсан, гэвч муу л бол хойд талын хар овоохой гэгчээр Ц.Элбэгдоржийг Харвардын сургуулийг төгсөөгүй гэх мессежийг өдгөө хүртэл бичсээр байдаг. Тэд өөрсөдтэйгөө адилхан санажээ. УИХ-ын 76 гишүүний олонхи нь ганц, хоёрхон жилийн дотор Барууны дөрөв, таван дээд сургуулийн диплом халаасалсан байдаг. Дамжаа дүүргэсэн хүмүүс Харвардыг 45 хоногийн курс хэмээн эндүүрч байгаа нь оюуны хоосрол гэхээс өөрөөр юу гэж нэрлэх вэ.

Харьд сураад чих амар байсан Ц.Элбэгдорж эргэж ирэн Ерөнхий сайд болсноор дахиад л цөөнхийн дургүйг хүргэжээ. XX зуунд тэр зөөлөн сэнтийгээ алдсан посткоммунистуудын дайсан байсан бол, XXI зуунд ард түмний өмчийг хувалз шиг сорсон олигархиудын дайсан боллоо. Хоёрдох удаагаа Ерөнхий сайдаар сонгогдсон Ц.Элбэгдорж авилгатай дайн зарлаж, Гаалийн Х.Баатарыг байх ёстой газар нь аваачив. Олигархиуд айдаст автжээ. Түүнийг газрын наймаачнаар сольж, лааз өшиглүүлэхээр шийдэв. Бас л барсангүй. Намын даргын сонгуульд өрсөлдөж ялан сонгуульд бэлтгэлээ.

Ерөнхий сайдын сэнтийгээс огцрохдоо тэр огтхон ч царай алдаагүйгээр үл барам «Энд суугаа хүмүүсийн цөөнгүй нь Саарал ордонд бус Ганц худагт байх ёстой. Бид олуулаа болоод эргэж ирнэ» хэмээн бардамхан өгүүлсэн. Харамсалтай нь булхай, луйвар «олуулаа» бус «цөөхүүлэхнээ» болгов.

Саналаа луйвардуулсан ард түмэн Ху намын байрыг шатааж, сонгуулийн луйвар булагдав. «Ертөнцийн төв нар» хэмээх нээлт хийснийхээ төлөө сүмийн мяндагтнуудад шатаалгасан Коперник, колончлолын эсрэг тэмцсэнийхээ төлөөсөнд инээмсэглэн буудуулсан Махатма Ганди, арьсны үзлийн эсрэг тэмцэж Америкийг сэхээрүүлснийхээ хариуд хөнөөлгөсөн Мартин Лютер Кинг нар шиг нам дарахыг олигархиуд хүслээ.

Уг жагсаалыг Ц.Элбэгдорж зохион байгуулж, санхүүжүүлсэн гэх мэдээллийг сонин хэвлэлээр зай завсаргүй нийтлэв. МАХН-аас хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй олон арван сая төгрөгний гэрээ байгуулж, зөвхөн Ц.Элбэгдоржийг гутаан доромжлох бүхэл бүтэн сэтгүүлчдийн баг ажиллуулсан юм. Тэр ганц ч сонинтой заргалдаагүй. Энэ тухайгаа гэрбээр «Даргыг гүтгэх эрхийг би авч ирэлцсэн» хэмээн итгэл төгс ярьж байсан. Долоодугаар сарын 1-ний өдөр үймээн ид газар авч байхад тэр Сүхбаатарын талбай дээр гарч хүмүүсийг тайван байж, ярилцъя хэмээн уриалсан боловч хилэгнэсэн олон «Чи луйварчдын талд байгаа юм уу?» хэмээн хөөж оруулсныг би нүдээрээ харж байсан.

Үймээнийг санхүүжүүлэгч нь «Анод» банкны Даваа болох нь саяхан тодорлоо.
Тэр бас л дуугарсангүй. Шаабар хэдэн хонгио олоод Ц.Элбэгдоржоор дамжуулан цагдаад өгсөн нь бүр буруудсан. Эгээтэй л Ц.Элбэгдорж намынхаа байран дээр винтов бариад хэвтэж байсан гэх нь халаг юм бичицгээж байлаа. Сонгогчдын саналыг луйвардсан МАХН-ын тэргүүн Ц.Элбэгдоржийг ажлаа өгөнгүүт стандарт бусаар эвсэхийг АН-д санал болгов.
Намын толгойд гарсан «Алтан гадас» ийнхүү «Алтангудас» болж 18 настай онгон биеэ 80 гарсан өвгөнд тушаалаа. Өөрийнхөө авч ирсэн ардчиллыг тэр гишгэчүүлэхийг хүссэнгүй. Засгийн газарт илүү тохом бус, ташуур хэрэгтэй гэж хэлснийхээ төлөөсөнд өөрийн хүний нам дамжсан олигархиудын номер нэг дайсан болж хувирлаа. Өмнө нь түүнийг посткоммунистууд гутаадаг байсан бол шинэ зуунд намд нь шургалсан олигархиуд
нэмэгджээ. Эвссэн этгээдүүд олон олон хар мессежийг ард түмний зүг цацалж байна.

Ямар ч тохиолдолд 40 мянгатынхан төр барих хэрэгтэй, Ц.Элбэгдоржийг дагасан хүн хоосон хоцордог гэх мэтчилэн утгагүй балай үгсээр шүлсээ үсчүүлнэ. Коммунизмын эрин үед эдэн шиг новшнууд Б.Ренчин гуайг яг л энэ адилаар гутаан доромжилж байсан атлаа ардчиллын үед эх оронч хэмээн магтан дуулж зүсээ хувиргасан. Б.Ренчин гуайд зориулан «Далан настанд даруулга хэрэгтэй» гэсэн захиалгат нийтлэл хэвлүүлж байсан бол Ц.Элбэгдоржид зориулан «Дөчин настанд дөр хэрэгтэй» гэх нийтлэл бичих нь халаг байна.

Ц.Элбэгдорж үнэхээр тойрон хүрээлэгчдийг бий болгож чадсангүй. Түүнд том эрх ашиг байсан болохоос бус эргэн тойрон дахь бялдуучлагчдадаа бялуу хүртээх охорхон бодол байгаагүй юм. Ромео Жульета шиг янаглан дурлалцсан Засгийн газарт тэр УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхан мэтийн олон шударга нөхдийнхөө хамтаар сөрөг хүчин болж чадаж байна. Олигархиуд зөвхөн түүнд зориулж дайн зарлаад байгаа нь магадлалын онолоор Ц.Элбэгдоржийг номер нэг улс төрч болохыг нь харуулж байгаа юм.

Түүнийг ганцаардуулан буланд шахах оролдлого хийж байгаа нь томоохон эндүүрэл. Яагаад гэвэл түүний ард 2 сая 600 мянган Чингис бий. Эл нийтлэлийг бичсэнийхээ төлөөсөнд бялдуучлагч хэмээн нэрлүүлэхээсээ айх юм алга. Түүнийг «надаас» бусад нь хангалттай муулсан. Тийм учраас өчүүхэн ч атугай гэрэл гэгээтэй талыг нь энэ хүнд үед харуулахыг хүслээ.

Ц.Элбэгдорж хайрлаж энэрэх мэдрэхүйгээ алдсан үнэхээр новшын амьтан уу? Түүнийг эхнэрийнхээ хамтаар өнчин хүүхдийг асрах газар ажиллуулдгийг та мэдэх үү? Өдөржин доромжлуулаад үдэш нь гэртээ орж хэдэн хүүхэдтэйгээ муур, хулгана шиг хөөцөлдөн зовлонгоо нимгэлдэг эцэг гэдгийг та мэдэх үү? Ажил, ажил гэсээр амьдрал ахуйгаа хөсөр орхин хөлсний байранд амьдардгийг нь та нар ганц удаа харсан уу? «Эх орны хишиг» гэх 1,5 сая төгрөгний амлалтыг МАХН өгснийг бүгд санаж байгаа. Тэгвэл аль 2003 онд Ц.Элбэгдорж «Эрдэнийн хувь» нэртэй нийтлэл бичиж, ард түмэн томоохон орд газруудаас хувь хүртэж болох саналыг гаргаж байсныг санах гээд үз дээ. Хэзээ нэгэн цагт ард түмэн хувь хүртэх болно. Харин санаачлагчийг нь тэр үед мартсан байх вий.

Гэхдээ Ц.Элбэгдорж энхийн цагаан тагтаа биш. Усан нүдтэй, цусан зүрхтэй хүн юм болохоор алдаа, онооны аль аль нь бий. Ямартаа ч зууны дараах балчир үрс түүхийнхээ номноос «Элбэгдоржийн үеийн Монгол орон» гэсэн бүлэг сэдвийг сониучирхан унших нь дамжиггүй.

Ард овогт Д.Баатар