
Энэ шөнө нэг л зэврүүн... хүйтэн, нойр хүрэхгүй юм. Би уг нь унтах гэж нэг их зовдоггүй юмсан. Яагаад нойр хүрэхгүй байгаа юм болоо. Тэнгэрт нэг ч од алга. Одод хүртэл үүлний цаана нуугджээ... ийнхүү унтах гээд тарчилж байгаад нэг л мэдэхэд унтчихсан байлаа.
Цонхоор гэгээ орж намайг сэрээлээ... би сэрээд усанд орж, нэг өндөг шарж идээд халуун кофе уунгаа цонхоор харлаа. Энэ чинь юу болох нь энэ вэ? гэж цочин цонхноос холдов. Би юу харчихваа... ийм зүйл байж болох уу... би буруу харсан байхаа...миний зүрх хүчтэй цохилж удахгүй амаар гарах гэж байгаа юм шиг санагдана.
Айдас намайг бүрэн эзэмджээ. Тэгээд би түрүүний өөрийнхөө харсан зүйлийг үнэн гэдэгт итгэхийн тулд дахин цонх руу дөхөж хартал... ээ бурхан минь би буруу хараагүй байна... миний хамаг бие хөшиж юу хийхээ мэдэхгүй салгалаад байв... энэ чинь одоо юу болоод байна аа... эсвэл энэ зүүд юм бол уу... арай ч дээ... тэгээд би шууд ариун цэврийн өрөө рүү гүйж нүүрээ хүйтэн усаар угаагаад сэхээ орон толинд өөрийгөө харлаа... би унтаагүй л байна даа.
Энэ чинь яагаад... би солиорчихсон юм бол уу... гэж янз бүрийн зүйл бодон хэсэг суулаа... тайвшир... тайвшир... энэ бол зүгээр л хий хоосон зүйл ... яав ч ийм зүйл байж болохгүй... тийм болохоор тайван байж байгаад хувцсаа өмсөөд ажилдаа гарах хэрэгтэй.... би ажил ажил гэсээр байгаад ядраад бүр хий юм хардаг болчихсон байна... гэж өөртөө итгүүлэхийг хичээнэ...
Тэгээд гурав дахь удаагаа би цонхоор харахаар очлоо. Нэг л айдас хүрээд харж чадахгүй баахан зогсов. За зоригтой бай ... гэж өөртөө хэлээд хөргөгч дотроосоо хагас шил архи гаргаж шилэн аяганы талаар хийж нэг амьсгаагаар уучихаад... за одоо бол харин чадна шүү гэж өөртөө хэлээд цонхоор харлаа...
Бурхан тэнгэр минь би буруу хараагүй байна... гадаа нэг ч хүн байхгүй харин хүмүүсийн оронд том том жоомнууд хойд хоёр хөлөөрөө явж байх юм. Бүр хүн шиг том жоомнууд шүү... энэ удаа би нэг их айсангүй...
Тэгээд ажилдаа гарлаа... гудамжаар дүүрэн жоомнууд... жоомнууд машин барьж, тамхи татаж, хоорондоо ярилцаж зогсоно... яг л хүмүүс шиг... гэтэл араас нэг юм нудрах шиг болоход би эргээд харвал нэг жоом зогсож байна... тэгээд над руу харан "сайн байна уу " гэж байх юм. Би гайхаж уучлаарай би өөрийг чинь танихгүй юм байна гэж хэллээ.
Тэр учиргүй гайхаж "за чи битгий маяглаад байгаа ч би хөрш чинь л байна шүү дээ" гэж хэлэх нь тэр... Ээ бурхан минь тэр бас жоом болчихсон байна. Тэр маш олон хөл гэх юм уу, гар гэх юм уу арзайсан олон зүйлүүдээрээ зангаад элдэв зүйл ярьж байна аа... би тэрийг нь сонсох ч сөхөө байсангүй... Би "уучлаарай би ажилтай одоо явахгүй болохгүй нь" гэж хэлээд яаран машиндаа суугаад хөдөллөө. Замын цагдаа, жолоочид хажуугаар зөрч байгаа амьтай бүхэн жоом болжээ... энэ тэндгүй дүүрэн жоом... миний гэрээр дүүрэн байдаг харах болгондоо гишгэж алдаг тэр жоом... хор цацаад цацаад алга болдоггүй тэр хэнд ч хэрэггүй, жигшмээр амьтад хотоор дүүрэн болжээ. ...бас хүний хэлээр яриад байх юм гээч...
Би элдвийг бодож явсаар нэг л мэдэхэд ажил дээрээ ирлээ. Үүдээр ороход жижүүр өвгөн уртаа нарийнхан сахалтай жоом болчихсон сууж байна аа. Над руу харснаа "та хоцорсон байна би тэмдэглэж авлаа шүү" гээд бичиж байгаа харагдлаа би юм хэлэлгүй шууд цахилгаан шатанд орж дээш гарлаа. Манайхан бүгд жоом болжээ... би яаран өөрийнхөө ширээний ард суугаад гүнзгий амьсгаа аваад... за энэ чинь юу болоод байна вэ? яагаад ийм зүй болчихвоо. Би лав галзуурснаас зайлахгүй тийм биш бол хүн жоом болно гэж байхгүй шүү дээ... гэж амандаа үглээд тайвшрахыг хичээн жоохон суулаа.
Гэтэл ... гэтэл... манай ажлын нэгэн бүсгүй гараад ирлээ... байнга л хүнд тусалж, ажилдаа үнэнч, нягт нямбай ханддаг тэр бүсгүй жоом болоогүй байна... ээ аврал минь гэж ганц ч гэсэн хүн байдаг нь яамай даа гэж амандаа үглээд түүн дээр яаран очлоо.. тэр бас их айсан янзтай сууж байлаа. Тэгээд би түүний хажууд нь суугаад " чи эд нарыг харж байна уу" гэж асуулаа... гэтэл нөгөө бүсгүй толгой дохиж байна. Тэгэхэд нь би "чи хүн харж байна уу эсхүл..." гэж үгээ дуусгаагүй байтал тэр зөөлнөөр "жоом" гэж хэллээ. Ээ бурхан минь би галзуураагүй юм шиг байна.
Энэ бас надтай адилхан зүйл харж байна шүү дээ. Би тэр бүсгүйг аван гадагшаа гараад нэг жижигхэн намуухан зоогийн газар ороод суулаа. Тэгээд " энэ юу болоод байгаа юм болоо чи мэдэж байгаа юм байна уу гэж асуухад ".. би юу ч мэдэхгүй байна аа.."өнөө өглөө харсан чинь л бүгд ийм болчихсон байна..." гэж хоолой чичрүүлэн хэллээ. Тэгэхэд нь би " тиймээ би бас өглөө хараад бүр өөрийгөө галзуурсан гэж бодож байлаа" гэж хэлээд нэг туранхай жоомоор цай авчруулан уулаа. Тэр бүсгүй "... эд нар бие биеэ иддэг юм байна лээ. Удахгүй бие биеэ идээд дуусах байхаа. Олуулаа нийлж байгаад л нэгийгээ бариад идчихэж байна лээ. Бас өөртэй нь адилгүй нэгнийг бас идээд байх шиг байна лээ... тэгэхээр хоёулаа эндээс холдохгүй бол болохгүй... " гэж тэр бүсгүй амандаа шивнэх шахуу аажуухан хэллээ. " би бүр алмайрч орхив. Тэгээд нөгөө бүсгүйг машиндаа суулгаад хаашаа ч юм давхиж гарлаа.
Хотоос гараад нэлээд зэлүүд газар очоод машинаа зогсоов... ийм зүйл болох гэж нэг нэгийгээ барьж идээд л... одоо бүр хоол идэхгүй бие биенээ барьж иддэг болсон юм байна л даа тэгээд хэн үлдэх юм. ганцхан том жоом үлдэхүү...
Миний толгойд өчигдөр болсон нэг явдал орж ирлээ... манай хоёр ажилтан албаны мөнгийг завшсан байсан. Нэг нь нэгийгээ энэ л авсан гэж хэлсээр байгаад л ажлаас халуулсан... харин нөгөө халагдсан залуу дэндүү ноомой болохоор юу ч ярьж чадаагүй. Бид хүн байхдаа хүртэл бараг л бие биеэ барьж идэж байсан юм байна л даа гэж бодлогшрон сууж байгаад нэг мэдэхэд зүүрмэглэсэн байлаа.
Гэтэл нөгөө бүсгүй гэнэт"сэрээрэй сэрээрэй болохоо байлаа шүү" гээд намайг чангаахад миний машины урд хэдэн жоом зогсчихсон "та хоёр гараад ир гэж" хашгирч байх юм. Би яаран машинаа асаах гэхэд хажуунаас машины шил хагалаад нөгөө бүсгүйг маань цонхоор татаад гаргаж байна аа. Би түүнийг аврах гэж оролдсон ч үгүй өөрийгөө яая гэж байж ... тэгээд бүсгүйг хөлөөс нь гадагшаа түлхэж гаргаад өөрөө машинаа асаагаад цаашаа зугтлаа.
Арай гэж зүгтаад нилээн зайдуу газар очиж нэг амьсгаа аваад тамхи асааж татах санаатай халааснаасаа тамхиа аваад машиныхаа толинд өөрийгөө хартал... өөдөөс минь урт гэгч сахалтай улаан шар жоом ширтэнэ... ...
би жоом болчихсон байлаа... бас миний гэдэс аймшигтай өлсөнө...