Ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд дахин залрахыг хүсээд байгаа ноён Н.Энхбаярыг залуучуудад ээлгүй хүн гэдэгт олон хүн санал нэгдэж байна. Тэрээр улс төрийн өндөр албан тушаалд гарч ирэнгүүтээ л залуучуудыг олноор нь өөртөө татаж эцэст нь хэд хэдээр нь тоглоомоос гаргаж хаяж байгаа нь нууц биш. Анх л тэрээр Ардчилсан социалист үзэл гээчийг санаанаасаа зохион бий болгож мөнөөх зохиомол үзэл санаагаараа нийгмийг өвчлүүлэхийн тулд Ардчилсан социалист залуучуудын холбоо, Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан социалист залуучуудын Улаан сарнай холбоо гэх мэт тойрон хүрээлэгчдийн зохиомол байгууллагуудыг бий болгож сэтгэлгээний гажуудал бүхий бүхэл бүтэн арми бий болгосон. Өнөөх зохиомол байгууллагууд нь цаашаа Ардчилсан социалист үзэлтэй оюутнуудын аймгуудын холбоо… гэх мэт олон арван жижиг бүлэглэлүүдийг бий болгон үндсэндээ Ху намаас ч гишүүнчлэлээрээ давсан олон нийтийн байгууллагууд болон өргөжсөн юм. Энхбаяр энэхүү зохиомол байгууллагуудаараа ихэвчлэн олон нийтийн тархийг угаалгах ажлуудыг хийлгэж, зарим тохиолдолд өөрийгөө сурталчлуулах шоу цэнгээний ихээхэн хэмжээний мөнгийг босгуулж байсан юм. МАХН-ын залуучуудаас сайн дураараа зохион байгуулдаг гэх "Алтан сарнай" шинэ жилийн ёслол мэт нь тэр хүрээнд нь л хийгдэж байсан ажил шүү дээ.
Нэг үе манай залуучуудын тавны хоёр нь ямар нэгэн байдлаар Ардчилсан социалист үзэл гээч юманд хамрагддаг болчихсон байсан. Ямар сайндаа их, дээд сургуулиудын оюутнууд хичээл номондоо анхаарахын оронд тийм ч аймгийн ийм ч Ардчилсан социалист үзэлтэй оюутнуудын хурал цуглаанд оролцож байна гэж наагуур цаагуур гүйдэг байлаа даа. Энэ талаар нийтлэлч Баабар аргаа барахдаа Ардчилсан үзэл, Социалист үзэл хоёр чинь өлгүүр, дүүжлүүр хоёр шиг л юм шүү дээ хэмээн халаглаж байхав дээ. Н.Энхбаяр тийнхүү Ардчилсан социалист үзэл гээчээ өргөжүүлэхийн тулд баахан эрдэм чадваргүй залуучуудыг элдэв яам тамгын газруудад дэд сайд хүртэлх албан тушаалыг хашуулж байхав дээ. Холыг бодсон, хорон муу санаатай Н.Энхбаярын уг үйлдлийг харсан залуучууд түүнийг л дагаад байвал юм, юманд хүрч болох юм байна гэсэн бодлыг тэр үед тархиндаа суулгачихсан юм. Уг нь Н.Энхбаяр дээрх зохиомол байгууллагуудыг бий болгохдоо Монгол төрийн гүйцэтгэх засаглалыг нэлээд хэдэн жил атгандаа барьж байх, цаашилбал зугуухан төрийн тэргүүний сэнтийд залрахад нь суурь үндэс нь болно гэж тооцоолсон нь харагддаг юм. Гэтэл 2004 онд Ардчилсан нам гэв гэнэт санаанд оромгүй амжилт олж Н. Энхбаярын холын шуналыг таслаад хаячихсан билээ. 2005 онд тэрээр арга буюу Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэрэгтэй болсон юм. Түүнийг Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөхөд нь тав, зургаан жил гар хөл нь болсон залуучууд нь ганц удаа ч харин хэрэг болсон л доо. Үүнээс хойш л Н. Энхбаярыг аялдан дагагч залуучуудын арми уруудан, доройтож эхэлсэн гэхэд ер хилсдэхгүй. “Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-ны Ц.Түмэнгэрэл, Санхүүгийн зохицуулах хорооны С.Бадраа нар чинь аль аль нь Н. Энхбаярын загалмайлсан залуучуудын байгууллагын гишүүд. Хадгаламжийн банкны 14 тэрбум төгрөгийн эзэн Чимэдцэрэн мэт нь мөн л Энхбаярын залуучуудын байгууллагын гишүүд. Хүрэлсүх, Занданшатар мэт нь харин яаж шүү нэг амь үлдэв дээ. Занданшатар нь ч яахав хулчгар амьтан хадаг яндраа барьж байгаад амь мултарсан гэдэг, Хүрэлсүх нь шоронд орчих шахаад арай гэж нэг юм Н. Энхбаярыг дахин Ерөнхийлөгч болгохын төлөө зүтгэнэ гэж ам өчгөө өгч байж дахин хүний нүүр харах эрхтэй болж байх шиг байна. Энэ мэтээр нь дурдаад байвал Н. Энхбаярыг бараадсан олон залуучууд амьдралынхаа жанжин шугамаас хазайж буруу замаар будаа тээсэн дээ. Ер нь одоо Н. Энхбаярыг нэг үе дагаж салбаганаад Ардчилсан социалист үзэл энэ тэр гэлцээд байсан залуучууд одоо яаж явна гэж санана. Ихэнх нь л нэг гонжоомны гол болсон ажилгүй залуучууд. Ямар ч чадвар байхгүй, олигтой мэргэжил эзэмшээгүй хэдэн зуун залуучууд. Яаж нэг дарга больё доо гэж мөрөөдөхөөс цаашгүй. Өнгөрсөн намрын сонгуулиар л гэхэд Ху намын баахан залуучууд дүүрэг, хорооны иргэдийн хуралд өрсөлдлөө дөө. Тэд чинь хийх ажилгүй болчихоод л тэгж яваа юм. Арга ч үгүй дээ. Ид сайхан сурч боловсрох насан дээрээ Ардчилсан социалист үзэл энэ тэр гэж энэ дэлхий дээр байхгүй сонин хачин үзэл санаанд хууртан гүйж явсан улс буруу замаар будаа тээгээд буцахдаа шороо тээж байгаа үлгэр нь л тэр байхгүй юу.
Н. Энхбаяр залуучуудыг хэрэгтэй цагт нь ашигласан шиг ашиглачихаад хэрэггүй цагт нь хүссэнээрээ түлхэж хаядгийн хамгийн тод жишээ гэхэд л байгаль орчны сайд Шийлэгдамба гэгч нөхөр. Н. Энхбаяр Хүрэлсүхийг Ху намын ерөнхий нарийн бичгийн дарга болгох хороо найруулчихаад хажуугаар нь залуучууд Ху намын удирдлагад гарч ирж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх үүднээс Шийлэгдамбыг дэвшүүлээд унагаж байхыг нь харахгүй юу. Өч төчнөөн хүн санал өгдөг намын бага хурал дээр Шийлэгдамба бараг л өөрөө өөртөө санал өгч байгаа нь харагдсан шүү дээ. Үнэхээр Н. Энхбаяр Шийлэгдамбыг дэмжсэн бол өөрийнх нь фракцын хэдэн арван хүн Шийлэгдамбад саналаа өгч таарна шүү дээ. Одоо Шийлэгдамба нь хийсэн ажилгүй нэг сайхан амьтан гудамжинд лааз өшиглөчихсөн явж байна лээ. Ингээд л улс төрийн карерь нь дуусч байгаа юм даа зайлуул. Тэгэхдээ Н. Энхбаярын балаг үүгээр дуусахгүй ээ.
Ардчилсан социалист үзэлтэй олон залуучууд өдрөөс өдөрт толгойгоо шааж эхлээд байгаа юм. Мөдхөн тэд нь хүний хийгээгүй муу муухай бүхнийг хийж эхэлнэ л дээ. Ардчилсан социалист залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Мөнхбат гэгч нэг нөхөр байсан. Хадгаламжийн банкны хэргээр цагдаад баахан л дуудуулсан гэж байгаа. Одоо мөн л ажилгүй яваа. Тэр нөхөр л гэхэд "Болор цом"-ын наадмын хорин хэдэн жилийн түүхэнд анх удаа өч төчнөөн сая төгрөгөөр шүүгчдийг авлигадаж байгаад тэрггүн байрыг нь худалдаж авсан юм гэх чинь билээ. Н.Энхбаярын бий болгосон Ардчилсан социалист залуучуудын нүүр царай нь нэг иймэрхүү. Зүв зүгээр л хичээл номдоо шамдах ёстой залуучууд элдэв залуучуудын байгууллагын гишүүн болж Ху намын дарга нарыг дагаж далдаганан гүйснээр юу болов. Манай нийгмийн ирээдүйг чирч явах ёстой ирээдүйн боловсон хүчнүүд маань амбийцаас цаашгүй манкурт боолууд болсон шүү дээ. Энэ байдлыг хэн бий болгосон юм бэ. Эзэн нь тов тодорхой тэр үеийн Ху намын дарга асан, эдүгээгийн Ерөнхийлөгчийн суудлыг дахин горилогч Намбарын Энхбаяр. Энэ утгаар нь авч үзэх юм бол Н. Энхбаяр залуучуудад хамгийн ээлгүй, халтай хүн болж таарч байгаа юм. Нэг ёсондоо Монголын залуучуудын нэгэн үеийг эдүгээгийн хорин таваас гуч гаруй насны бүхэл бүтэн залуучуудыг үеэр нь, системээр нь бохирдуулсан хүн бол Н.Энхбаяр юм шүү дээ. Цаашдаа түүний бий болгосон амбийцтай залуучууд нь яаж хөгөө хөлдөө чирэх нь ил дол болохоор бүх зүйл тодорхой болно л доо. Хамгийн гол нь, тэр бүхнийг Н. Энхбаяр өөрийнхөө урт удаан ноёрхолын төлөө бий болгосон гэдэгт л хамаг муу муухай зүйл оршиж байгаа юм шүү дээ. Н.Энхбаяраас өөр ямар ч төрийн тэргүүн, улс төрийн лидер ингэж залуучуудыг олноор нь, системээр нь улс төржүүлж, өөрийнхөө тойрон хүрээлэгч болгож бэлтгээгүй юм шүү дээ. Харин Хятад л дарангуйлагч Мао улаан хамгаалагчид гэгч улаан сарнайгийнхан шиг улс төржсөн залуучуудыг гаргаж ирж хүний нийгмийн түүхэнд бузар булай зүйл хийсэн юм байх чинь лээ.
Яруу найрагч Ө.Эрдэнэ