
Ц.Элбэгдорж хэлэхдээ “Оюутны сургалтын төлбөр тойрсон асуудлыг шийдэх хэрэгтэй. Гэхдээ шударгаар шийдэх нь зөв. Оюутныг хохироож болохгүй. Монголын ирээдүйг сүйтгэж болохгүй. Авлига хээл хахуулийг цэцэглүүлж болохгүй. Зөвхөн сонгогдохын тулд Монголын ирээдүйг, Монголын боловсролыг хорлож болохгүй. Сүүлийн 20 гаруй жил арай ядан босч байгаа дээд боловсролын тогтолцоог нурааж болохгүй. Сургалтын төлбөрийг үгүй хийнэ гэдэг бол боловсролыг үнэгүй болгоно гэсэн үг. “Боловсролыг чинь үнэгүй болгоно” гэж ирээдүйгээ занаж болохгүй. Энэ бол өнөөгийн оюутан залуусыг, ирж буй шинэ үеийнхнийг амьдралынх нь турш хорлох хамгийн муухай бодлого. Сургалтын төлбөрийг үгүй болголоо гээд харин ч та нараас илүү их төлбөр татах болно. Өнөөдөр алхах бүрт авлига, хөдлөх бүрт хөлс, хүнд суртал байгаа. Та нар үүнийг мэднэ. Өнөөдөр авлигачдад амьсгалж байгаа бүхэн хэрэглээгээрээ дамжуулж төлөөс төлдөг. Зүгээр л тэд боловсролыг чинь үнэгүй болгоно гээд бусад юмныхаа үнийг нэмнэ. Эцэст нь та нар баталгаагүй ирээдүйтэй, баахан өртэй үлдэнэ. Боловсролыг үнэгүй болгох бус оюутныг мөнгөтэй болгох нь чухал байна. Ингэхийн тулд байгууллагад, хүнд сурталд, авлигад төр, эцэг эхчүүд мөнгөө төлөх биш, мөнгийг оюутны гар дээр тавих цаг болсон. Оюутныг сонголттой болгох цаг болсон. Сайн оюутныг, хичээл зүтгэлтэй оюутныг, өөртөө итгэлтэй оюутныг цалинтай, мөнгөтэй болгох цаг болсон. Ингэж боловсролын төлбөрт үндсэн, чанарын, шударга өөрчлөлт хийх хэрэгтэй. Ингэвэл боловсрол үнэ цэнэтэй болно. Хөгжинө. Чанартай боловсролтой иргэн чанартай хөгжлийг бий болгоно. Би Монголын ирээдүйг, Монголын боловсролыг аврахын төлөө хэдий эрсдэлтэй ч, зоримог алхам хийж чадна.
Хүн хувь заяагаа өөрөө тодорхойлохоос илүү сайхан юм байхгүй. Алдсан ч алдаа чинь сургамж болно. Гэхдээ нөхөж болохгүй алдаа гэж бас бий. Ирээдүйгээ алдвал тийм алдаа болно. Ах нь ямар ч үед та нарт тусална. Миний дүү нар, Монголын гэрэлт ирээдүй, маргаашийн эзэд оюутнуудаа ах нь та нараас нэг юм хүсье. Ахдаа туслаарай. Баярлалаа.