
Д.Эрдэнэбат:
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, АН-ын сонгуулийн төв штабын Ерөнхий менежер Д.Эрдэнэбаттай сонгуулийн кампанит ажил, МАХН-аас санал болгосон шударга өрсөлдөөний гэрээний тухай ярилцлаа.
-МАХН-аас шударга өрсөлдөөний гэрээ санал болгосон. Танайх хариуд нь гэрээний төсөл явуулаад нэлээд хугацаа өнгөрч байна. Танай байр суурийг нөгөө нам юу гэж үзэж байгаа бол. Хариу ирсэн үү?
-Сонгуулийн кампани эхэлж байхад МАХН-аас хамтын гэрээний төсөл ирүүлсэн. Гэрээ байгуулж болно. Гэхдээ гэрээнд хоёр талын хариуцлага, хүлээх үүрэг тодорхой байх ёстой гэж бид үзсэн. Шударга хариуцлагатай байх гэдгийг юу гэж ойлгож байгаагаа тодруулъя гэсэн юм. Гэрээ гэдэг бол тунхгийн шинжтэй, уриа маягийн байж болохгүй. Бид долоо хоногийн өмнө таван зүйлтэй гэрээний төсөл явуулсан, Хувьсгалт намаас хариу ирээгүй л байна.
-МАХН-ын санал болгосон гэрээнд шударга өрсөлдөнө гэдгийг яг юу гэж тусгасан юм бэ?
- МАХН-аас бол бие биеэ муулахгүй байх, сонгуулийн үед маргаан гарвал харилцан ойлголцож шийдье гэх мэт ерөнхий зүйл санал болгосон. Улс төрд, сонгуулийн үйл ажиллагааны явцад асуудлыг ерөнхийлж ойлгож болохгүй. Урьд нь сонгуулийн үед гарч байсан зөрчлүүдийг дахин гаргахгүй байхад анхааръя. Ингэж чадвал шударга сонгууль болно л гэж манай нам үзэж байгаа юм.
-Танай талаас ямар таван нөхцөлийг гэрээнд оруулсан юм бэ?
-С.Баяр хэдийгээр МАХН-ын дарга ч гэсэн Ерөнхий сайд учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах нь зөв эсэхийг эхлээд ярилцъя гэсэн юм. Энэ нь сонгуулийг аль болох улстөржүүлэхгүй байх санаа. 1,5 сая төгрөг иргэдэд олгоно гэдэг бол Засгийн газрын хийх ажил. Гэтэл үүнийг Ерөнхийлөгчийн сонгууль руу хамж оруулахаа больё. Хэнд нь ямар ажил хамаатай вэ гэдгийг мэдэж, баримтлах ёстой. Монголчуудын 80 хувь ядуу амьдарч байгааг статистикчид хэлж байна. Ийм үед тэднийг татах зорилгоор горьдоосон уриа сонгууль болгоноор гаргаад байхаа больё оо гэж байгаа юм. Шууд мөнгөн амлалтаар нийгэмд хүлээлт үүсгэж, ард түмний амьдрал ядуу байгаагаар далимдуулна гэдэг бол хамгийн шударга бус хэрэг. Гурав дахь нь, сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны гишүүнээр МАХН-ыг дэмждэг, эсвэл намаас гарсан хүмүүс нам бус гэдэг нэрээр ордгийг болиулж, Сонгуулийн хуулиа мөрдөж, өрсөлдөгч намууд тэнцвэртэй байя гэж бид хүсч байгаа. Мөн сонгуулийн үед дарга нараа дагадаг төрийн түшмэд, сайд дарга нарын унаа машиныг ашигладаг, төрийн албан хаагч нарыг дагуулдгийг больё гэсэн юм. Сонгуулийн хэсгийн хороон дээр гардаг булхай, гишүүдийг нь мөнгө төгрөгөөр худалдаж авдаг, үнэмлэх солих, наалт солих гэх мэт булхайг зогсоож, нэг сонгогч нэг санал өгөх зарчмыг бүрдүүлье гэсэн таван шаардлага л тавьсан. Хэрэв ингэж чадах юм бол улс төрийн асар том соёлтой, хамгийн бага улс төржсөн сонгууль болно.
-Танай намын нэр дэвшигчийн талаар янз бүрийн таагүй мэдээлэл, зураг олон нийтэд цацагдаж байна. Ер нь сөрөг мэдээлэл их гараад байх юм, энэ талаар?
-Манай нэр дэвшигчийг янз бүрийн аргаар гутааж байгаа. Нэг дээл өмсүүлсэн эвлүүлэг, гадна төрхөөр нь харьцуулсан байдлаар гэх мэт. Гэхдээ энд өндөр, нам хоёр хүний тухай, сайн муу хоёр хүний тухай яриагүй. Ард түмний эв нэгдлийг Ерөнхийлөгч хэрхэн хангаж, Монгол орны хувь заяаг ирээдүйд хэрхэн авч явах вэ гэдгийг л анхаарах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч монголчуудын эв нэгдлийг хангахын төлөө хэрхэн санаачилга гаргаж хэрэгжүүлэв, ард түмэн хэр эв нэгдэлтэй, бас хэр зэрэг амар амгалан амьдарч чадав гэдгийг л ярих ёстой. Хувь хүний гадаад үзэмж, байгаа байдлаар нь гутаан доромжилж болохгүй. Шударга өрсөлдье, хэмнэлттэй сонгуулийг явуулья гэж уриалсанаасаа бүх юм эсрэг яваад байгаад гайхаж байна. Хоёр намын хийж байгаа үйлдлийг ард түмэн тэртэй, тэргүй харж, үнэлж байгаа. Өнөөдөр доромжлол бол хэрээс хэтэрч байна. Үүнийг зогсоох, зогсоохыг шаардах хэрэгтэй. Нэг бол тэр зургийг нь эвлүүлж байгаа хүн өөрөө гарч ирээд, “Элбэгдорж оо би чамайг муухай, өрсөлдөгчийг чинь гоё харагдуулах гээд энэ эвлүүлгийг хийсэн юм” гэж хэлж чадвал энэ нь шударга үнэлэмж. Шүүмжилж байгаа нь ч гэсэн мөн адил нэрээ хэлээд ил гараад ирэх хэрэгтэй.
Ардчилсан нам улс төрийн хуучирсан бохир арга, башир залийг ил гаргаж, шинэ хандлагаар ажиллана.
-Энэ мэт гүтгэлэг, доромжлол үргэлжлээд байвал яах вэ?
-Урьд, урьдын сонгуулийн туршлагаас харахад үргэлжлэх байх л даа. Гэхдээ Ардчилсан нам хэзээ ч ийм юм хийхгүй. Монгол орны өнөөгийн байдал, манай улсад алдсан, оносон зүйл нь юу байгаа юм бэ, ард түмэн энэ өөрчлөлтийг хүсч байна уу гэдгийг л илэрхийлнэ. Үүнийг би шинэ улс төр гэж томьёолмоор байна.
-Сонгууль бүрээр л элдэв булхай гардаг. Иргэдийг олноор нь шилжүүлэх, саналын хуудас солих, иргэний үнэмлэхний хуурамч наалт гээд?
-Бид эхнээсээ л СЕХ-нд хуулийн дагуу ажиллая гэдэг санал тавьсан. Сонгуулийн бүх шатны хороодод энэ асуудал дээр урьд нь асар их зөрчил гарч байсан. Сонгуулийн байгууллагад хоёр намын төлөөлөл тэнцүү байх нь шударга сонгууль явуулахад хамгийн чухал. Үүнд СЕХ их нааштай хандаж байгаа. Энэ бол энэ удаагийн сонгуулийн давуу тал. Өнгөрсөн сонгуулиар гурван сонгогчийн үнэмлэхээр, гурван санал өгсөн тохиолдол илэрсэн. Үүнийг шүүх, цагдаад нь өгөх өгөх хэрэгтэй. Сонгогчийн үнэмлэх солигдсон ч, иргэний үнэмлэх дээр санал өгснийг нотлох тэмдэглэлээ хийдэг болох нь чухал. Тэгж байж нэг иргэн нэг санал өгөх боломж бий болно. Ингэж энэ удаагийн сонгуулийг шударга болгоход анхаарахаас биш намаа, өөрийн нэр дэвшигчээ ялуулахын тулд ямар ч хамаагүй арга хэрэглэнэ гэдэг бол байж болохгүй.