Sunday, April 12, 2009

Н.ЭНХБАЯР БОЛ (онцлох) ХҮН МӨН

МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр 100 хувийн санал (коммунистуудын дуртай тоо) авсан гэх Н.Энхбаярын сонгуулийн сурталчилгаа түүнийг “гүтгэсэн мэдээлэл” ихээр тарааж байна хэмээн эхэллээ. Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны ажилтан, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг сүр бараатай хэдэн улс сэтгүүлчид цуглуулаад ярьж байна. Хэд хэдэн хэвлэмэл материал өмнөө тавьчихсан харагдлаа (баримт юм байх). Харин тэр дунд нь миний бие эрхлэгчээр ажилладаг ҮНДЭСТНИЙ ТОЙМ сэтгүүлийн маань ХУЛГАНА ЖИЛ дугаар байж байх юм. Ардын эрх сонины редакцтай хамтран гаргасан энэ оны анхны дугаар л даа. Энэ дугаарт Хулгана жилийн онцлох хүмүүсийг дугаарлан нэрлэж, хүн тус бүрд зориулсан жижиг өгүүллийг өнгөт зургийн хамт хэвлэсэн юм. Мэдээж манай Ерөнхийлөгч Н.Энхбаяр онцлох хүний тоонд багтсан (багтаагаагүй бол ёстой гүтгэлэг болохсон). Уг дугаарт миний бие хэд хэдэн өгүүлэл бичсэний нэг нь #4 НАМБАРЫН ЭНХБАЯР билээ. Тэнд чухам ямар гүтгэлэг байгааг хамтдаа шүүе, болох уу?! Юм тодорхой нь дээр байдаг юм. (доорх бичвэрийг Үндэстний Тойм сэтгүүлийн “Хулгана жил” 2009/2 сар дугаарын 26 дугаар талаас бүрэн эхээр нь авч хаалтан дотор гүтгээгүй гэдгээ нотлох тайлбарыг хийсэн болно)

#4 Намбарын Энхбаяр (энэ манай одоогийн Ерөнхийлөгчийн Монголын улсын иргэний бүртгэл дээрх овог, нэр мөн гэж олон хүн боддогийн нэгэн адил би ч мөн тийм ойлголттой явдаг. Бас овгийг нь “Самбарын” гэж тавиагүйг анхаарна уу!)

Монголын ардчиллын 20 жилийн түүхэнд төрсөн хамгийн сонирхол татам (элдэв гаж дотнын хуял хөдөлгөх тухай огт хэлээгүй бөгөөд түүхч, улстөр судлаачдын хувьд судлууштай бодгаль гэсэн санаа) фигур (гэдэг нь “шатрын бод” гэсэн орос үг. Орос-Монгол толь. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв. Улаанбаатар. Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр. 1983 он гэсний 775 дугаар тал. Уул нь Н.Энхбаярыг улстөрийн шатрын хөлөг дээрх “БОД” гэсэн ухаантай юм. Тэгэхдээ бүүр “БЭРС” гэх гэж байснаа чухам ямар БОД болмоор байгааг асууж завдаагүй тул ерөнхий нэршлээр нь тавьсан болно). Ганц үгээр бол феномен (бас гадаад үг, дээрх Орос-Монгол толины 774 дугаар талаас утгыг нягтална уу. Чухаг үзэгдэл, Гоц зүйл гэсэн буй).

Коммунист намаас гараагаа эхэлсэн тэрээр эрийн цээнд хүрээнд ардчиллын хараацайнуудын даль жигүүрийг эцээж туйлдуулсан “шидтэн” (нөхөн сонгуулиар УИХ-д орж ирээд олонход шахуулан бүлтгэнэж суусан нөхдөө араасаа дагуулан цөөнхийн бярыг мэдрүүлсэн гавьяаг нь цохон тэмдэглэж буй ухаантай). Үйлдэлд нь “дүн” тавилгүй (хүнийг элдэв шидээр нь дуудах ад донг минь дарсан буяндаа баясму) хүрсэн өндөрлөгийг нь харвал яах аргагүй “Жонотан Ливингстон хэмээх цахлай” (Н.Энхбаярын гаргасан 150 000 төгрөгийн үнэтэй 9 боть номон дундаас Р.Бахын энэ туужийг л унших гэж найзаасаа авч билээ). Н.Энхбаяр мэргэжлийн дагуу Р.Бахын энэ зохиолыг орчуулсан байдаг (орчуулга нь яахав дээ л санагдсан шүү, Горький төгссөн мэргэжлийн хүний ажил гэхэд). Түүнтэй эгнэхээр карьер хийсэн хүн Монголын түүхэнд ховор (Энхбаяраас илүү хүн байдаг гэж боддог хүний хувьд бол гүтгэлэг мөн). Цаашид гарах эсэх нь ч эргэлзээтэй (тийм ухаан, тийм аз хэрийн хүнд заяадаггүй юм). Эхийн хэвлийд олдоод амьдралд хөл тавьдаг энгийн мөчлөгийг (мань мэт нь хөлд орсноосоо хойш сайн л бол ганц эхнэр олж аваад, хэдэн хүүхэд үлдээгээд, гоц гойдыг үзэлгүй явсаар үхэлтэй учирдаг) нь тооцохгүй байлаа ч үргэлж “өссөөр” өнөөг хүрчээ (Ленин бүхнээс амьд, амьд бүхнээс амьд гэдэг шиг Энхбаяр өнөө ч оршсоор авай). Тэгэхээр Н.Энхбаяр өөрийгөө (төрсөн өдөр, эхнэр г.м) ямар ч хамаагүй сэжмээр Чингис хаантай холбох гэдэг нь зүй юм (чухам хэнээс анх гарсныг бүү мэд ямартай ч Чингис, Энхбаяр хоёр нэг өдөр төрсөн мөн Энхбаярын эхнэр Цолмон бол Чингисийн удмын цагаан ястай гэсэн яриа хэвлэлээр хүртэл гарсан санагдана). Гагцхүү өсөх графикаар дүрслэгдэх түүний замнал улстөрч болох (гаж биш) донтой залууст бодит жишээ (Энхбаяраас өөр жишээ болгочихмоор карьер хийсэн улстөрч байвал заагаад өгчих). Харин хэд нь (мөрөөдөгсдийн тоонд хязгаар үгүй) Н.Энхбаярын энд (хэмжээнд) хүрэх бол?! (энэ хоёр тэмдэг гүтгэсэн утгагүй болохыг зарим нь мэдэх байх).

Монголын зохиолчдын хороонд орчуулагч, редактор (байхдаа спирт сайхан найруулдаг байсан гэж худал цуураагүй л байгаа биз дээ), албаны дарга, гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Монголын орчуулагчдын холбооны дэд ерөнхийлөгч, Соёл урлагын хөгжлийн хорооны тэргүүн дэд дарга (сүүлийн хоёр албан тушаалыг асман гэж доромжлоогүйг анзаарна уу), Соёлын сайд (байхдаа жүжигчин эмэгтэйтэй үүлэн борооны ажил хийсэн гэж гүтгээгүйг болгооно уу), УИХ-ын гишүүн (болоод төрийн машиныг гацаасан хэмээх Баабарын санааг, Энхбаяраас өмнө Монголын улс төр цэвэр байсан юм шүү гэсэн Элбэгдоржоос ч ишлээгүйг ойлгоорой), МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга (байхдаа одоогийн сайд нэгэн эмэгтэйтэй бэлгийн ажил хийж байгаад гардуулсан гэж ер гүжирдээгүй шүү), МАХН-ын дарга (болмогцоо Даш-Ёндон, Гомбосүрэн нарын шилдэг сэхээтнүүдийг намаасаа эгнэгт хөөн зайлуулсан гэж гөрдөөгүйг ч хараарай), Монгол улсын Ерөнхий сайд (болонгуутаа албан тушаалыг дуудлага худалдаа болгосон гэсэн санаа энд огт байхгүй байгааг нягтална уу), УИХ-ын дарга (болоод Засгийн газрыг багалзуурдсан гэсэн гүжир санаа ер агуулаагүйг ч болгоо), Монгол улсын Ерөнхийлөгч (болчхоод одоо ханаачээ, цадаачээ гэж нүд үзүүрлээгүй байгаа биз дээ. Тэгээд ч Н.Энхбаярын энэ товч намтрыг www.president.mn сайтаас бүрэн эхээр авсан юм. Эдгээр дотор гүтгэлэгийн чанартай зүйл байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар хариуцлага хүлээх нь зүй). Энэ бүхэнд ухамсарт амьдралынхаа (элий балай л биш бол хүн ухамсараар баримжаа хийж амьдардаг юм) 28 жилийг (1980 МЗХ-д орчуулагчаар ажиллаж эхэлсэн огноо – 2008 шинэ гараад хараахан удаагүй үед дугаар гарсан тул өмнөх оноор нь авсан болно = 28 энгийн арифметик үйлдлийн хариу) зарцуулжээ. Н.Энхбаяр энэ жил 50 хүрэв (өнгөрөгч оны Хүүхдийн баяраар төрсөн өдрөө тэмдэглээд хүүхдүүдтэй талбай дээр бужигнаж явахыг нь зурагтаар харсан болно). Харих (хадан гэр гэсэн санаа огтоос биш, улстөрчийн бяр тэнхээ гэдэг утгаар хэлж байна) яагаа ч үгүй. Дор хаяж 10 жил Монголын улстөрд нөлөөгөө хадгалах (дор хаяж 7 хоногт нэг удаа зурагтаар үг хэлж өөрийгөө сануулдаг Н.Багабандиас доор юм гэж үү?! Тэгж бодож буй хүн бол жинхэнэ гүтгэгч мөн) боломжтой. Гэтэл халхын хавтгайд (ярианы хэлэнд “Монгол” гэсэн санааг илэрхийлдэг) Н.Энхбаярын гарах ёстой “оргил” (хашиж үзээгүй албан тушаал) үлдээгүй байдаг (байгаа юм уу, ер нь? Тэргүүн хамба энэ тэр гэж доош нь хийгээгүйг анзаарсан биз). Нээрээ тиймдээ гэсэн шиг мань хүн сүүлийн жилүүдэд аль өндөр уулын оргилд (нисдэг тэргээр гээгүй байгаа биз дээ?) гаран (уул, ус бузарлав гээгүй шүү дээ) салхи залгих (тэнд өөр юм залгисан эсэхийг нь би мэдэхгүй) болов.

Өөрөө захиж авсан, өрөөл бусад нь тал засаж өгсөн гээд аваагүй хүндэтгэл, олоогүй хүндлэл үгүй (түүний мэдлийн гэгддэг хэвлэл дээр гарсныг би өөрийнхөө мөнгөөр захиж уншсан бас өөрийнхөө зурагтаар харсан л юм даа). Оны хүн, жилийн суутан, Хасбуу тамга (серваантанд нь хүндтэй байр эзэлдэг гэдэгт итгэл төгс байна). Басхүү сонсоогүй хараал, хэлүүлээгүй муу нэр ч алга (тодорхой хэдэн сониноос бусдыг нь сөхөөд хараарай бас интернэтээс үзэж болно). Төрсөн биеийнх нь өө сэвээс аваад хийсэн, хэлсэн бүхэнд нь өгсөн “хоч” (хашилтад хийснийг анзаарна гэж итгэнэм) түүнийг ямар хүн болохыг харуулаад өгнө (дуудах нэрийг эцэг, эх дуудуулах алдрыг ард түмэн гэдэг дээ). Хамгийн харамсалтай (харамсана гэдэг хайрлахаа байг гэхэд тоож харж явсны л тэмдэг билээ) нь “авилга” гэдэг үг Н.Энхбаярын сүүдэр (байнга л нэртэй нь хамт дуудагддаг л гэсэн санаа) болжээ. “Аавдаа авгай авахыг заах, Авилга авахыг Энхбаярт заах (мээсэнжрээр орж ирсэн спамын нэг нь, надаас бусад хүнд ч ирсэн л байх учиртай)” гэж эхлээд цааш хөвөрнө (Аалзны тор мэтийг хэлж байна). Улстөрчийн уран мэхнийх (арга ухаан, суу заль гэсэн хоёргүй санаа) нь тухай сонсвол Чейзийн детектив ч жолдмоор (Захиалгат аллага ном бичсэн Хон Хэрээдийн Энхбат харин ч нэг жолдоно шүү, ёстой доромжлол болно!) нарийн. Гэтэл “сэтгэл”-ээ нээж хэлсэн үгс (25 дугаар суваг ТВ –гээр шууд нэвтрүүлэгт орж байхдаа “цааш нь хүнд битгий хэлээрэй” гэж ирээд ярьсан гэх мэтийг нь санана уу) нь хөх инээд хүрмээр гэнэн (ариухан, цагаахан амьтан гэсэн санаа). Нэгэнтээ өөрийнх нь хэлсэнчлэн “нүгэл, буян”-ыг нь гагцхүү Бурхан л шүүнэ (буддист хүний амнаас гарсан гэхэд энэ бол тун буруу илэрхийлэл, буддын шашинтан үйлийн үрийг хоёргүй үнэн гэж ярих учиртай, гэхдээ тэгж мушгиагүйг минь бас болгооно биз). Энэ жил Н.Энхбаяр ихийг (юу ч ойлгоогүй гэвэл үнэнд ойртох байсан уу?) ухаарчээ. Маш ихийг. Хүн атаархмаар карьер хийж өдийг хүрэхдээ “тэнэг” явсан гэсэн үг биш (энэ өгүүлбэрээс гүтгэлгийн чанартай утга олсон хүн шагналтай). Ер нь түүний сэтгүүлчидтэй хийдэг ярилцлага (1-100 хүртэлх гэдэг тоог орхигдуулсан нь гүтгэлэг болчихов уу?!) сонирхууштай юмны нэг байдаг (Ерөнхийлөгч ярилцлага өгч байхад тоохгүй бол алдас болно шүү дээ). Тэрээр Монгол улсын Ерөнхийлөгч болоод “улстөрд ганцаардаж байж л ард түмний талд ордог” болохыг, “улстөрч хүн ямар нэг хамгаалалтай байх хэрэгтэй”-г, “ард түмэн гээч нь хоосон” болохыг “гэхдээ хэсэг хугацааны дараа ард түмнийг олж харах мэдрэмжтэй” болдгийг “улстөрч хүн ямар нэг юм болоход гүйж очоод намынхаа ивээлд орчихдог” бол “ард түмний талд орлоо гээд өнөөх (ард түмэн) нь өмгөөлж хамгаалдаггүй” гэдгийг, “ард түмэнтэй байна гэдэг нь ганцаараа л байна гэсэн үг” болохыг (Н.Энхбаяр өөрөө л Өдрийн сонин сэтгүүлч Энэрэлд ярьсан нь хэвлэгдээд, тараад, хүн уншаад, зарим нь өдийд мартчихсан л яваа) ухаарчээ.

Н.Энхбаяр ганцаардаж эхэлжээ (дээрх ярилцлагыг бүрэн эхээр нь уншаад тэгж ойлгосон юм). Тэрээр одоо “ЭНХБАЯР” гэдэг улстөрийн бодит хүчин болох замдаа гарчээ (ганцаардчихсан хүнийг улстөрийн “бодит хүчин” гэсэн нь дэндүү сайхан өргөмжлөл биш үү?!). Өөрийнх нь хэлснээр Ерөнхийлөгчийн институц нь тэгж ойлгуулдаг бөгөөд өөрөө ч үүнийгээ ойлгох чадвартай (чадваргүй гэвэл жинхэнэ доромжлол магадгүй гүтгэлэг) нэгэн ажээ. Энхбаяр хэмээх улстөрийн хүчин энэ жил “бусад албан тушаалуудыг нь хашаад, ялгааг нь гаргаад ирсэн хүний хувьд (өөрийнх нь энэ үг “халхын хавтгайд Энхбаярын гарах ёстой оргил үлдээгүй” гэсэн бичигчийн санааг давтаж байгаа тул өөрөө өөрийгөө гүтгэсэн байх уу???)” сонгуульд оролцоно (Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчийн үнэмлэх гардан авсан хүн сонгуульд оролцож л таарна биз дээ).

За, ямар вэ дээ?!? Ингээд байхад л гүтгээд байна гэх юм. Бас чиг гэж манай сэтгүүл (улсынхаа нэр сүрийг бодоод) энэ дугаартаа өнгөрсөн наадмаар олон түмнийг шагшуулаад байсан хөх эрээн энэтхэг торгон (хоргой ч бил үү?) дээлээ өмссөн Н.Энхбаяр Ерөнхийлөгчийнхөө баяр наадмаа ёслол төгөлдөр нээж буй сайхан зургийг (хамраар нь хүн олзлоод байдаг болохоор хажуугаас нь авсан зураг хайж олсон ба урт, шар дээлтэй зураг нь захаас аван таарсан ч гэлээ) нүүр дүүрэн тавьсан билээ. Энэнээс илүү яах билээ, бид чинь?!?

Харин уншигчдын хараанд өртөх гэж ядаж яваа сэтгүүлийг минь бүх зурагт, араажваар алагчаалалгүй харуулсан хүмүүст талархаад баршгүй. Нэг үгээр манай сэтгүүлийн нэр төрийг өргөсөн сайхан үйл явдал боллоо. Энхбаяр бол (онцлох) хүн мөн (биш гэх гээд байгаа юм уу?). Үндэстний Тойм бол (олон улсын ISSN 1993-0763 дугаартай) сэтгүүл мөн.

Үндэстний тойм сэтгүүлийн эрхлэгч Д.Батбаяр