Monday, April 20, 2009

“Бүгдээрээ онц сураад төлбөрөө чөлөөлүүлье”


Оюутнууд гэдэг доргио хүмүүс. ШУТИС-ийн оюутны нэгдүгээр байрны өмнө цугларсан оюутнууд Ерөнхийлөгч Н.Энхбаярыг “Та гоё шүү” гэсээр угтлаа. Бямба гаригийн өглөө Ерөнхийлөгч, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр оюутны хоёр ч байраар орж, тэр тэр хавийн оюутны хотхоны залуустай уулзсаны нэг нь энэ. Нөгөө нь МУБИС-ийн оюутны дөрөвдүгээр дотуур байр байлаа. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхаасаа оюутан залуусын төлөө багагүй анхаарч ирснийг оюутнуудын зарим нь мэдэх юм. Санал санаачлага бүхэн тодорхой ажил болж, хамгийн гол нь оюутан залуусын талаар цааш цаашдаа төрөөс тавих анхаарлын суурь болж байгаа нь чухал юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа анх “Оюутны жил”-ийг санаачилж, оюутнуудын төрд үгээ хүргэх, асуудлаа шийдүүлэх идэвх санаачлагыг өрнүүлж байв. ХАС банктай хамтран оюутан залуусын дунд төсөл бичих уралдаан зарлаж, шалгарсан оюутанд таван сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон санаачлага ч Төрийн тэргүүнийх. Энэ зээлд 160 оюутан хамрагджээ. Түүнчлэн холын аймгийн оюутнуудын замын зардлыг 50 хувиар хөнгөлөх, оюутнуудыг зуучлалаар ажилтай болгох гээд санаачилж, хэрэгжүүлсэн зүйл бишгүй. Жилд 500 орчим оюутан ажлын байрны сургалтад хамрагдаж, ажилтай болдог бол Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр 30 оюутанд олгож байна. Мөн Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр эрдмийн их чуулганыг зохион байгуулж хэвшчээ.
Тэгвэл энэ удаа Ерөнхийлөгч Н.Энхбаяр оюутнуудын төдийгүй эцэг, эхчүүдийн хамгийн тулгамдсан бэрхшээл болох сургалтын төлбөрийн талаар тодорхой санал дэвшүүлж байгаа билээ. “Зах зээлийн нийгэмд дээд боловсрол төлбөртэй байх ёстой л гэдэг. Гэхдээ төлбөрийг зөв зохистой хэлбэрт оруулахгүй бол сургуулиуд санаан зоргоор нэмдэг. Сургалтын төлбөр нэмэгдлээ гээд сургалтын чанар сайжирдаггүй. Цаана нь хүүхдээ сургаж байгаа эцэг, эхчүүд ядуурдаг түгээмэл үзэгдэл бий болсон байна” гэж Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлэв. Тэгвэл сургалтын төлбөрийн зөв зохистой хэлбэр гэж юу вэ. Жишээ нь, тухайн оюутан онц сурвал төлбөрөөс 100 хувь чөлөөлье, сайн сурвал 50 хувийн хөнгөлөлт үзүүлье гэсэн санааг Ерөнхийлөгч Н.Энхбаяр дэвшүүлж байгаа юм. “Япон, Солонгост оюутнууд нь бүгдээрээ онц сурдаг. Монгол оюутнууд маань гэтэл “алтан дунд” л байвал болоо гээд хэнэггүй алхаад байдаг. Тэгвэл бүгдээрээ онц сураад төлбөрөө чөлөөлүүлж яагаад болохгүй гэж”. Ерөнхийлөгч Н.Энхбаяр оюутнуудад хандаж ингэж уриаллаа. Оюутан залуус Ерөнхийлөгч Н.Энхбаярын санааг дэмжиж байгаа ч гэхдээ... гэсэн зарим асуултыг араас нь дагуулав. Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн IV курсийн оюутан С.Энэбиш “Ерөнхийлөгчийн санаачлага зөв байна. Гэхдээ багш нар оюутнуудыг үзэмжээр үнэлдэг. Тиймээс үнэлгээг бодитой, чанга болгож байж, хэн нь ямар сурдгийг жинхэнээр гаргаж чадна” гэлээ. ШУТИС-ийн гуравдугаар дамжааны оюутан Б.Энхтунсаг “Ерөнхийлөгч Н.Энхбаяр ах үнэхээр зөв, цагаа олсон санаачлага гаргалаа. Бидний төлбөрийг төлөх гэж эцэг, эхчүүд маань зээлээс зээлийн хооронд л амьдардаг шүү дээ” гэв.
Нэр дэвшигч Н.Энхбаярын мөрийн хөтөлбөр нээлттэй байгаа. Б.Энхтунсаг нээлттэй мөрийн хөтөлбөрт хоёр санал нэмэрлэсний нэг нь оюутнуудын мэдлэг, практикийг уялдуулах бодлогод анхаарах, нөгөө нь оюутан залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх спорт цогцолбор барих санал байв. МУБИС-ийн Математик, статистикийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Г.Ган-Очир “Бүгдээрээ онц сураад төлбөрөө чөлөөлүүлье” гэж уриалаад “Бид Танд итгэж байгаа учраас саналаа өглөө” хэмээн оюутан залуусын тулгамдсан асуудлын багц саналыг Ерөнхийлөгчид гардууллаа. Г.Ган-Очир мөн “Би залуу хүн. Ирээдүйдээ лааз өшиглөж явахгүйн тулд Н.Энхбаяр ахыг сонгоно” гэдгээ илэрхийлэв.
Ерөнхийлөгчийн зорин очсон МУБИС, ШУТИС-иуд хоёулаа төрийн тэргүүнтэй холбогдох үүх, түүхтэй. Ерөнхийлөгч Н.Энхбаярын өвөө Раднаа гуай 1940-өөд онд Боловсролын их сургуульд багшилж байж. Харин хуучин Техникийн их сургуулийг ШУТИС болгож нэрийг нь өөрчлөх шийдвэр гаргасан хүн бол Н.Энхбаяр. Мөн Ерөнхий сайд байхдаа Энэтхэгийн Ерөнхий сайд асан Важпайн нэрэмжит танхимыг энэ сургуульд байгуулж өгөн, нэг сая долларын хөрөнгө оруулалт хийлгэж байжээ. Тиймээс ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаас Ерөнхийлөгч Н.Энхбаярт сургуулийнхаа хүндэт докторын цолыг саяхан олгосон байна.