Tuesday, April 21, 2009

ТООНЫ МАШИНАА ГАРГААРАЙ

МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаяр мөнгө үнэртүүлж эхэллээ. Мөнгөний үнэр "сайхаан". Гэхдээ сонгогч бид чинь сүүлийн хоёр сонгуульд нэг мэхэнд уначихаад юу ч олж долоогоогүй улс шүү дээ.
Тэгэхээр эрхэм Н.Энхбаярын амлаад байгаа мөнгөний хэмжээг эхлээд нэг барагцаалаадахъя
Тэр гурван төрлийн мөнгийг баруун солгойгүй цацах амлалт өгчээ. Эхнийх нь улигт "Эх орны хишиг". Иргэн бүрт 1 500 000 төгрөг өгнө гэж байгаа. Үүнийг долларт шилжүүлбэл 1000 доллар. Монгол улс хоёр сая 600 мянган хүнтэй. Тэгэхээр жилд энэ мөнгийг олгохын тулд хоёр тэрбум 600 сая доллар шаардлагатай болж байна. Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх мөнгө! Гэтэл бид чинь энэ жил төсвөө бүрдүүлж чадахгүй нэг тэрбум 300 сая ам.доллар гаднаас гуйж яваа.
За, энэ яахав дараагийн амлалт руу оръё. Оюутнуудын төлбөрийг улс даах, үнэгүй сургахаар Н.Энхбаяр амлажээ. Монгол Улс 160 мянган оюутантай. БСШУЯ-аас дээд сургуулиудын дундаж төлбөрийг 720 мянган төгрөг байна гэж зарласнаар жишиг болгон тооцвол 115 тэрбум 200 сая болж байна. Долларт шилжүүлбэл 76 сая 800 мянган ам.доллар. Өмнөх дээрээ нэмбэл хоёр тэрбум 676 сая 800 мянган доллар.
Дараагийн амлалт. Хүүхэд бүрт өдрийн хоол үнэгүй өгнө. “Үдийн цай” хөтөлбөрт 1-5 дугаар ангийн 79513 сурагч хамрагдаж 400 төгрөгийн зардал гардаг юм байна. Тэгэхээр хоол болгохоор энэ мөнгө дор хаяж хоёр дахин өснө. Өдөрт 63 сая 611 мянган төгрөг. Долоо хоногт 318 сая төгрөг болж байна. Сард нэг тэрбум 272 сая 208 мянган төгрөг. Жилдээ(9-5 сар) энэ зорилгоор 11 тэрбум 449 сая 872 мянган төгрөг шаардагдах нь ээ. Доллараар бол 7 сая 633 мянган ам.доллар. Бүх амлалтын нйилбэр дүн нь жилдээ хоёр тэрбум 684 сая ам.доллар. МАХН амлаж, зоригтой дуугарч чадахгүй хулчиганаж байгаа мөнгийг ганц хүн амлалаа.
Гэтэл төсөвт энэ мөнгө тусаагүй. Монголын эдийн засгаас энэ мөнгө гарахгүй. Гаднаас бол гуйгаад гуйгаад 230 сая ам.доллар олдох шинжтэй байгаа.
Мөнгө сайхаан. Мөнгөнд дургүй хэн ч байхав. Гол нь энийгээ сонгуулийн өмнөх сунайсан урт өдрүүдэд яагаад хэлээгүй юм. Засгийн газар, УИХ-ыг шахаж байгаад төсөвт тусгуулахгүй яасан юм бэ. 2000 оноос хойш завсаргүй есөн жил төрийн бүх эрх мэдлийг атгахдаа юу хийгээд хараад суусан юм бол гэх мэт асуултууд эрхгүй хөвөрнө. Байг гэхэд "Эх орны хишгээ" огт дурсахгүй, хямрал болж байхад юун хишиг гэж загнаж байснаа сонгууль ойртмогц ахиад яриад эхлэх нь эргэлзээ төрүүлнэ.
Н.Энхбаярт "бурхан" оросууд зөвлөгөө өгчээ. Сонгуулийн амлалтад "мөнгө" гэсэн үгс ахиухан байх хэрэгтэй гэж. Ингээд тэр бүх насныханд зориулсан амлалтдаа "мөнгө, мөнгө" гэж давтав. Одоо бурхан ба Энхбаярт өгөх сонгогчдын зөвлөгөөг сонс!
Та нар битгий горьд! Бид дахин хулхидуулахаасаа өнгөрсөн.