Thursday, April 23, 2009

Элбэгдоржийг ирэхэд эцгээ санасан хүүхэд шиг байлаа, Ард түмэн

Монгол нутаг хавар, намар гэсэн хоёрхон улиралтай болоо юу даа.Дөрөвдүгээр сарын 16-ны үүрээр бидний хэдэн нөхөд мянга хол илүү километр замыг туулж, баруун гурван аймагт очихоор мордсон юм.
Өдийд армаг тарлан цастай, хаврын шар ус хаа сайгүй мяралзанхан урсдаг байж билээ. Тэр алга. Хангайгаас Алтай хүртэл тэр аяараа хуу малтсан хонины хот шиг хар бараан нутгууд үргэлжилнэ. Цан хүүргэний цаанаас дүүхэлзсэн омголон морьдтой адуучин залуус төрөл арилжжээ. Оронд нь эцэнхий ямааг хятад мотоциклиор эргүүлж яваа хижээл авгайчуул хааяагүй.
Энэ мэт байсаар нэг л мэдэхэд зуныг луйвардсан намар улам даварч хавартай хуйвалдан малгайлан лавсах цасан ширхгийг манай эх оронд үл авчирахаар тохиролцоно. Тийм болчихсон юм шиг л санагдаж байлаа. Тийм байлгахыг хэн нэгэн хүсээд байгаа ч юм шиг. Тийм бодол давын өмнө төрөх нь манай ард түмний амьдралын байдлаас үүдэлтэй. Монголд хэвийн боломжийн амьдралтай айл өрх тун цөөхөн харагдаж байна. Хаа нэгтэй эртний феадолын дүрийг санагдуулам бийлэгжүү хүмүүс тааралдана. Тийм хүмүүс голдуу шударга бус аргаар хөрөнгөжсөн гэж бусад нь баримт тоочин хэлцгээнэ.
Цөөхөн монголчуудад ихэдсэн, ихэдүүлсэн ядуурлын буруутанг янз бүрээр тайлбарлаж, “эзэн холбогдогч”-ийг хайж эхлэхтэй зэрэгцэн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэв.
Цаг агаарын хувьд тэнгэрийн муухай арилдаг гэсэн үг бий. Хүмүүсийн муу амьдрал сайн тал руугаа эргэхгүй байсаар нэгэн үе өнгөрөх нь юутай харамсалтай. Өнөөдөр бидний үед аж төрж байгаа маш олон хүнийг сайн цагийг харах хувьгүй болтол нь доройтуулсан байна. Хүн морийг цоровдож, чөдөрлөж , хүлж баглаж байж эрхшээлдээ оруулдаг. Тэрэн шиг Монголын төр [Орос, Хятадын төр ч ялгаагүй] эхлээд ард түмнээ сайтар ядууруулдаг. Дараа нь аливаа сонгууль болоход хүн тус бүрт таарсан мөнгө төгрөг, гурил өгөөд санал худалдаж авдаг жишиг тогтжээ. Морь ямаанаас илүү номхон болчихсон байдаг. Эх оронч хүмүүсийн хэлээд байдгаар бол манай орон маш баян, манай ард түмэн эрэлхэг зоригтой омог төгөлдөр хүмүүс байдаг. Ийм ард түмнийг сайхан амьдралтай болгох амархан. Таван зуухан мянган айлын асуудлыг шийдэхэд л цаана нь ядуу хүнийг хайгаад олохооргүй тийм цөөхүүлээ. Зуу гаруй сая хүнтэй Африкийн орнуудыг өөд татах бол хэцүү л дээ. Тэгэхээр манай эрх баригчид энэ хэдэн өрх гэрийг ядуу зүдүү, дээр нь гөлөг шиг болгон амьдруулах гэж үнэхээр их хүч хөдөлмөр, оюун ухаанаа зарцуулдаг юм байна. “Хоолны мөнгө хулгайлсан эмэгтэй, тэрбумаар нь хусчихсан дарга хоёрын идсэн хохироосон өөр өөр авч эдлэх ял агаар нэгэн буй” гэдгийн учир энэ юм байна. Өөр цаана нь зөндөө их ажиллагаа явагдаж арай гэж ядууруулж, номхруулна. Ази тивийн энэ бүс нутагт эрх чөлөөтэй, хангалуун амьдрал бий болчихвол хөрш орнуудын олигархи, коммунистуудад яаж сайхан санагдах юм. Тийм ч учраас манай коммунист угшилтай улс төрчдөд тэр зүгээс ихээхэн найдлага тавьж байдаг биз ээ.

60 мянга гаруй иргэд Алтайн хязгаар энэ нутгийг орхижээ
Бид Ховд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл гэсэн дөрвөн аймгийн нутгаар явж, орон нутгийн эрх баригчдын үгийг сонсч, дараа нь хүнс барааны захуудаар орж жирийн хүмүүсийн хэрхэн амьдарч байгаа, юу хэлж байгааг сонсч ирлээ. Эдгээр аймагт МАХН-аас сонгогдсон Иргэдийн хурал, Засаг дарга нар эрх барьж байна. Тэд нөхөр Ц.Элбэгдоржтой уулзаж орон нутгаа товч танилцуулж, хүн ам, мал сүрэг, мөн цаг агаарын байдлын талаар санал бодлоо солилцож байв. Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэрийн хэлсэн танилцуулгад “Иргэд төрсөн нутгаа хаяад нүүгээд явчихсан” тухай яриа анхаарал татав. Сүүлийн хэдэн жилд 60 мянга гаруй иргэд Алтайн хязгаар энэ нутгийг орхижээ. Түүнээс гадна ОХУ-ын Тувагийн дээрэмчид Соёны нуруу даван ирж монголчуудыг тонох явдал хэрээс хэтэрсэн гэнэ. Айлын хаалгыг гаднаас нь чулуугаар дарж орхиод хоттой хонийг нь туугаад хил даваад явж л байдаг. Орж ирж л байдаг. Ийм бүдүүлэг цөвүүн хөрштэй хаяа зэргэлдээ байдаг талаар тэрээр ярьсан юм.

Төрийн дарангуйлал, залхаан цээрлүүлэлт улам нэмэгдсээр байна
Хүнс барааны зах дээрээс хүмүүсийн амьдралыг бодитойгоор харах боломж олддог. Энд янз бүрийн амьдралтай хүмүүс цугларч өдөр тутмын шар бор амьдрал үргэлжилдэг. Зах дээрх чанга яригчийн зарлал, хүмүүсийн шуугиан, зохион байгуулалтгүй мушгиралдсан лангуу зэргээс болж энд хэн яваа нь ер анзаарагдахгүй. Ц.Элбэгдорж түүнийг дагалдан явагсад олны дунд гэнэт яваад орчихоор хүмүүс ихэд гайхацгаана. Арилжаа хийгсэд ажлаа орхин айдастай байдлаар харснаа төд удалгүй нүүрэнд нь баярын мишээл тодорч “Та сайн явж байна уу?” хэмээн догдолж гар барьцгаана. “Амьдрал ямар байна, Надад хэлэх зүйл юу байна вэ, Яамаар байх юм...” хэмээн энгүүнээр өгүүлэхэд хөгшин залуугүй бүгд л “шударга баймаар байна” гэх үгийг цаанаас нь заагаад өгчихсөн юм шиг дамжуулж байв. Энэ үгийг тойрсон бусад хувилбаруудад “Монголын төр нийгэм арай хэтэрлээ, үнэн үгээ хэлж чадахаа байлаа. Аятайхан амьдрах гэсэн бүх боломж хаагдаж, заавал арын хаалга, авлига нэхэгддэг. Ерөнхийлөгчөөс томилдог шүүх засаглалд жирийн иргэд итгэхээ больсон. Төрийн дарангуйлал, залхаан цээрлүүлэлт улам нэмэгдсээр байна...” гэх мэтээр тэрүүхэн хооронд санал бодлоо урсгаж амжина. Хүмүүс өдөр тутмын амьдралын хажуугаар ийм зүйлсийг байнга бодож, өөр зуураа ярилцаж байдаг болсон байна. Хэрэв амьдрал хэвийн байсан бол засаглалд хэн байх нь иргэдэд тийм чухал биш билээ.
Энэ жилээс манай нийгмийн амьдралд орж ирсэн шинэ хэллэг болох “Эдийн засгийн хямрал”-ын нөлөөллийн талаарх яриа мөн хаа сайгүй өрнөнө. “Хямралын үед Америкчууд Барак Обамад илүү итгэлээ. Бүр давалгаалан саналаа өгөөд байгаагийн учир нь тэр орон гадна талдаа хүчирхэг чухал биш, хар бор амьдралтай хар цагаан арьстануудад энэ хүн өмөг болно гэснийх бололтой. Хямралын үед монголчууд жирийн ард түмний амьдралаар амьдарсан, төрөөсөө баян биш хүнд итгэх нь хамгийн их хамаатай болж” гэж Ховд аймгийн иргэн Д.Энхбат хэллээ.
Баруун гурван аймаг дахь Ардчилсан намын гишүүдийн тоо хэдэн жилийн өмнө явж байснаас эрс өссөн байна. Дээр нь Иргэний зориг нам, Ногоон хөдөлгөөн энэ тэр нийлээд нүсэр том багц нэг талдаа гарчээ.
“Сонгуулийн луйвар” гэдэг рүү ороод “Долоон сарын-1”-нээр нэвт гараад явсан ард түмэн рүү буудсан сумны шарх дахиад л сэдэрч байна. Тэр шарх огт эдгээгүй улам л бугшиж байна. Харамсаад баршгүй дэмий юм хийж дээ. Хөвсгөлд болсон нэгэн уулзалт дээр “Одоо Монгол оронд ардчилсан Ерөнхийлөгчийг сонгох нэг л зам үлдсэн. Ардчилсан Ерөнхийлөгчийг ямар нэгэн луйвраар дахиад унагах юм бол бүр хувьсгал гарч гаарч мэдэхээр байна.” гэж сэтгэл зовж байгаагаа хэд хэдэн хүн илэрхийлж байсан.
Хөвсгөл аймагт ажиллаж байсан Ц.Элбэгдорж өдөр цайны цаг болоход захаас гарч буудал руу явалгүйгээр тэндээ хооллохоор болов. Тэгээд захын хуушуураас дөрвийг худалдан авч идэж “Ойрд идээгүй ямар сайхан хуушуур вэ” гэлцэв. Энэ нь сонгуулийн шоу гээч нь юм болов уу гэж бодож байсан чинь тэрнээс хойш хооллолгүй явсаар Эрдэнэт хот орж захын гуанзнаас дахиад л “хуушуурдав”. Энэ удаа Эрдэнэтэд иргэдтэй уулзах хуваарьгүй байсан тул төвөөр нь сүр бараа болж яваагүй. Манай Б.Цэнддоогийн нэгэн нийтлэл байдаг. Түүн дээр “Хиймэл дүр эсгэж явдаг дарга хөдөө явж байгаад дугуй хагармагц “Өө хүүр ээ” гэж үнэн сэтгэлээсээ хараахад Монголчууд бидэнд сайхан санагддаг даа…” гэсэн байдаг. Тэрэн шиг ийм жирийн амьдралтай, алдаа оноо нь ард олондоо ил энэ хүн 46 нас хүрчээ. Тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр ирэхэд хүмүүст холын аянд яваад ирсэн аав шиг нь дотно санагдаж байлаа.

Засгийн газар ард түмэндээ хэдэн төгрөг өгнө гэсэн билээ, Өгч л таарна даа
Тэрээр аймгийн төвүүд дээр болсон уулзалтад үг хэлэхдээ үнэнээсээ ярьж байв. Бидний ихэнх нь бараг цөмөөрөө хөдөө гаралтай, малчин угшилтай болохоор түүний нүүдэлчний сэтгэлгээ нэвт шингэсэн үгс ахаасаа сургамж авах лугаа нэн дотно. Яриан дундуур “Өвлийн идэшний цагаар”, “Үхрийн өрөөл мах”, “Цогийн индүү”, “200-гийн поошиг”, “Дөчийн бидон”, “Хөөш чимээгээ аядаач” гэх мэт үгс орж ирэхэд хүйтэн хөндий, худлаа юм ярилаа гэж Монгол хүн л лав бодохгүй байх.
Бид даргаа сольсны дараа түүний хэлж байсан үгнүүд дотроос олон санааг марталгүй тогтоож, одоо яах нь вэ гэж харах ёстой. Тухайлбал “Ард түмэн өр зээл тавихаар төр, банкууд яаж ийгээд л буцаагаад авдаг. Тэгвэл хамтарсан Засгийн газар ард түмэндээ хэдэн төгрөг өгнө гэсэн билээ. Өгч л таарна даа. Өгүүлэх ч болно”, “Иргэдээ шоронд биш сургуульд явуулдаг Ерөнхийлөгч болно”, “Зургаан хүүхэдтэй ээжүүд алдарт эхийн нэгдүгээр одон, зэрэг, дөрвөн хүүхэд төрүүлсэнд нь хоёрдугаар зэргийн одон хүртэж, мөнгийг нь нэмнэ”, “Үр хүүхдээ эрүүл саруул өсгөх тухай бидний яриа эхэлдэг. Эмнэлгийг эрс сайжруулна. Монгол хүний аюулгүй байдал Монгол Улсын аюулгүй байдал мөн.”, “Оюутолгой, Таван толгой зэрэг ашигт малмалын ордуудыг хэн нэгэнд өмчлүүлэхгүй. Нийт ард түмэндээ хувьцаа болгон тарааж өгнө. Хувьцаанаас гарах ногдол ашгийг аваад эхлэхээр юун сая таван зуу байтугай…”, “Ардчиллын төлөө өгсөн саналууд гадагшаа айлчлах дарга нарт хэрэг болдог бол одоо дотогшоо ард түмэн үр шимийг хүртэх цаг болсон”, “Зуун сая төгрөг луйвардсан этгээдэд зуун жилийн ял өгнө, Шүүх, эрүүгийн хуулийг иргэдээ бодсон энэрэнгүй заалтуудаар шинэчилнэ “…гэх мэтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд хийж болохоор олон ажлуудыг тэрээр дурдаж байсан.
Тэрээр жирийн байхдаа ч, эрх мэдэлтэй байхдаа ч энэ л сэдвээр хорин хэдтэйгээсээ эхлээд хорин жил тэмцэл хийж яваа. Одоо гэнэт ардчиллаас ухарч урваад, ардчилсан нийгмийн эсрэг тэмцэгч болно гэж юу байхав. Одоо түүнийг Их Хурлын хэдэн гишүүн, хэдэн олигархи хуйвалдаж байгаад огцруулж, дараа нь дураараа дургидаг байсан боломж Монгол Улсын Ерөнхийлөгчид байхгүй.


Дөрвөн жилийн өмнөхөөс ард түмний амьдрал эрс ядуурчээ
Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудаар явж байхад нийт иргэд энэ удаа заавал нам эвсэл гэлгүйгээр Элбэгээгээ сонгоод үзье гэцгээж байна. Энэ чинь ямар их хурлын сонгууль биш. Сонгуулийн дараа ямар нэгэн халаа солио болох биш. Солигдох дээрээ тулбал авлигачид л авснаа буцааж өгнө. Төрөөс төрсөн тэрбумтнууд сонгуулийг мөнгөөр худалдаж, луйвардаж болзошгүй тул энэ удаа давалгаалан цалгиж саналаа өгцгөөнө өө. Маш өндөр хувиар Элбэгээдээ саналаа өгчихөөр эд яаж ч чадахгүй. Ер нь сонгуулийн өмнөхөн сонгуулийн орон нутаг дахь хэсэг хороог дахиад нэг сольчихмоор байгаа юм. Сонгуулийн зарим ажилтан одооноос олох олзоо хүлээгээд эхэлсэн байж болзошгүй. Бид өнгөрсөн сонгуулиас маш их сургамж авч хаширдаг бол хашрахаар боллоо гэлцэж байв.
Хөвсгөл аймгийн хувьд тэнд олонтаа очиж нэр дэвшиж ялалт байгуулж өөрийн хүн шиг болсон Элбэгээгээ цөмөөрөө гаргана аа. Хөдөөнийхөн нэгийгээ андахгүй. Санал Элбэгээд дийлэнх нь очно. Авлигатай орооцолдсон хэдхэн нөхөд л эсрэг санал өгөх биз. Тэрнийг ч бараг гадарлаж байна гээд мөн л энэ удаа “нам хамаагүй” гэх хандлагыг илэрхийллээ.
Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны явцыг сурвалжилж явснаас өөрчлөгдсөн зүйл гэвэл дөрвөн жилийн өмнөхөөс ард түмний амьдрал эрс ядуурчээ. Ноолуурын үнэ 16 мянга хүрэхгүй болтлоо доош унаж, хүмүүс амьдрах итгэл алдарсан байна. Нөгөө нэг ажиглагдсан зүйл бол Ардчилсан намыг дэмжигчид заал танхимд багтахаа больтлоо нэмэгдсэн. Ардчилсан хүчнийхнийг элдвээр хэлж баалж суудаг тусгай даалгавартай хүмүүс алга болсон байна. Аймаг орон нутгийн удирдлагууд нэр дэвшигчийн ажиллагаанд оролцож юмыг яаж мэдэхэв гэсэн байр суурьтай болсон нь ажиглагдаж байлаа.