Wednesday, April 22, 2009

"БОР ШУВУУ" ХЭМЭЭХ ХҮҮХДИЙН ЖҮЖИГ




Нэр дэвшигч Н.Энхбаяр сурталчилгааны багтаа зориуд хүүхдийн уран бүтээлчдийг сонгож авсан нь ихээхэн учир начиртай хэрэг байжээ. Хүүхдийн яруу найрагч З.Түмэнжаргал, хүүхэлдэйн найруулагч С.Мягмар, пионерийн удирдагч Я.Төмөрбаатар нар нийлж ээлжит хүүхдийн жүжгээ дэглэв бололтой.
Жүжгийн нэр "Бор шувуу", зорилго эзнийгээ ахин өрөвдүүлэх. Зохиомж нь яруу найрагч гарч ирээд хоолой зангируулан уйлагнаж бачимдах байдлаар өөрийнх нь бүтээлийг хулгайлж өөрчилсөн гэмт этгүүдийг цагдаад өгөхөөр далайлгана. үзэгчдийн анхаарлыг ингэж татмагцаа өрөвдүүлэх мессэжээ шиднэ. "Н.Энхбаяр хэмээх буян нь дэлгэрч, алдар нь бадарсан агуу удирдагчийг минь Ардчилсан намынхан муулаад байна”.
өмнөх жүжигт пионерийн удирдагч муухан тоглоод мэх илчлэгдсэн болохоор арай туршлагатайгаар нь яруу найрагчийг томилов бололтой.
Асуудлын мөрөөр Ардчилсан намын ажилтнууд шуурхай орж учрыг нягталбал Д.Гүррагчаа, Д.Борхүү, Б.Шинэсайхан гэсэн гурван залуу МАХН-ын даалгавраар тэдний зүгээс хийсэн гэж ойлгогдохооор жижиг сонин гаргаснаа хүлээжээ.
Тэд пионерийн удирдагчийн бодож олсон "өрөвдүүлэх тактикийн" гүйцэтгэлийг хийсэн гэдгээ хэлсэн байна. Я.Төмөрбаатар сэжгийг өөрөөсөө холдуулахын тулд уг сониноор өөрийгөө хөнгөхөөн түншээд авчээ. Гэвч булавч бултайж эхэллээ.
Коммунист суртал нэвтрүүлгийн онолд сонгогчдыг жаахан хүүхэд шиг бодож харилцах ёстой гэсэн алтан дүрэм байдаг гэх ба энэ сургаалаар боловсорсон пионерийн удирдагч сонгогчдыг пионер аятай үзэж ийнхүү гэнэн цайлган жүжгүүд цувруулан дэглэсээр байна.
Ардчилсан намын сонгуулийн штабын ажилтнуудын нотлож байгаагаар эдгээр хүмүүс Я.Төмөрбаатарын заавраар ажилахдаа шударга иргэдийн фронтын Г.Арслан гэгчийг нилээд ашигласан бололтой. “Бор шувуу” дээр түүний нэр харагдаад байгаа юм.
"Бид хоёрын хооронд ийм юм хэзээ ч гаргахгүй ээ. Гаргах дээрээ тулбал бодитой баримттай зүйл хангалттай байна шүү дээ. Улс орны амьдрал дор орчихоод байгаа нь Н.Энхбаярыг өөрийг нь хангалттай муу харагдуулж байхад бид нар нэмэх сонирхол алга" гэж Ардчилсан намын сурталчилгааны ажилтан Г.Жадамба хэллээ.



Д.Дорлигжав: Нотлоогүй байж АН-руу дайрч байгаагаас нь үзэхэд МАХН-ынхан “Бор шувуу”-г хийсэн биз
“Бор шувуу” хэмээх сонин, блогт гарсан мэдээллүүдээс үүдэн МАХН, АН-ын хооронд үл ойлголцол үүсчээ. Ерөнхийлөгчийн зөвлөх, яруу найрагч З.Түмэнжаргал АН-ынхан үүнийг хийсэн хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Мөн үүнийг хийсэн хүнийг шүүхэд өгөх талаараа ч дурдсан. Уг мэдээллийн талаар тодруулахаар Ардчилсан намын сонгуулийн штабын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан дарга Д.Дорлигжавтай холбогдлоо.
-Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёрын аль алины нь тухай баахан хар бараан мэдээлэлтэй “Бор шувуу” сонинг танай намынхан хийсэн юм уу?
-Тийм мэдээлэл явж байгааг телевизээр харлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Түмэнжаргал “АН-ынхны хийсэн хэрэг, новшийн юмнууд” гээд ярьж байна билээ. “Бор шувуу” гэдэг жижигхэн сонинг бид олж харсан. Тэрбайтугай хаанаас, хэн гаргав гэж гайхаж, сонгуулийн штабынхан ярилцсан. Гэхдээ энд ганц Н.Энхбаярыг биш, манай Элбэгдорж, Батхүүгийн тухай хүртэл муулсан мэдээлэн гарсан л байна. Гэтэл хэн хийснийг нь олж тогтоогоогүй, нотлоогүй байж, АН-ынхан хийлээ хэмээн довтолж, дайрч байгаад харамсч байна.
-Таны бодлоор үүнийг хэн, ямар зорилгоор хийсэн байж болох вэ?
-Нотлоогүй байж шууд манай нам руу дайрч байгаагаас нь үзэхэд МАХН-ынхан өөрсдөө ч хийсэн байхыг үгүйсгэхгүй. Эд ийм нэг башир аргатай. Өөрсдөө нэг ийм хүн итгэхээргүй юм хийчихээд, АН ингэлээ гэж дайрдаг, буруутгадаг. Хэрэв үнэхээр эзэн холбогдогчийг нь, хаана, хэн хэвлэснийг нь мэдэж байгаа бол шууд хэлээд өгөх ёстой.
-Танай нам сонгуулийн сурталчилгаандаа ямар тактик барьж байна вэ. Өрсөлдөгчийнхөө тухай сөрөг мэдээлэл тараах, өөрийнхөө нэр дэвшигчийн давууг илтгэх хоёрын алийг сонгож байна вэ?
-Бид өрсөлдөгчийн талаар сөрөг мэдээлэл гаргая гэвэл хоёрын хооронд энэ “Бор шувуу” шиг юм хийхгүй. Энхбаяр, Цолмон, тэдний ойр дотнын хүмүүсийн тухай баримт нотолгоотой юм бичье гэвэл хэдэн арван сонины хуудсанд ч багтахгүй. Тэдний тухай янз бүрийн баримт мэдээлэл хүмүүс өгч байгаа, хуучин ч байсан, гэхдээ бид түүнийг хэвлэж тараах мэтийн явуургүй арга хэрэглэхгүй байгаа. Тэгэх шаардлага ч алга. АН үүнийг хийгээгүй гэдгээ албан ёсоор хэлж байна.
-МАХН-аас танай намаас нэр дэвшигчийн тухай сөрөг мэдээлэл их явуулж байгаа гэж танайхан мэдэгдээд байсан байх аа?
-МАХН болчимгүй юм их хийж байна. Анх шударгаар өрсөлдье гээд л уриалаад байсан мөртлөө одоо янз бүрийн ухуулах хуудас тараах гэх мэтээр манай нэр дэвшигчийн нэр төрд халдаж байгаа. Баянхонгор аймагт л гэхэд Элбэгдоржийг хар мөртэй, хүн үхүүлдэг энэ тэр гээд л гутаан доромжилсон мэдээлэлтэй хуудас цаас тараасан байна. Тэгээд хажууд нь Энхбаярыг магтсан бас нэг хуудастай хамт тарааж л дээ. Хажууд нь байсан хүн үхдгийг нь хэлье гэвэл Энхбаяртай ойр дотно байсан Зэнээ, Отгонбилэг, Энэбиш амиа алдсан гэх мэтээр урт жагсаалт гаргаж болно шүү дээ. Бид энэ мэтийн юм хийхгүй байгаа. МАХН-ынхан үнэхээр шударга өрсөлдье гэж байгаа бол ийм юм хийхээ болих хэрэгтэй л гэж хэлмээр байна даа.


Г.Дашрэнцэн: Шүүхийн өмнө хариуцлага хүлээдэг сэтгүүлчид ийм юм хийдэггүй
“Бор шувуу” сониныг сэтгүүлч Г.Дашрэнцэнг эрхлэн гаргасан гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр МАХН-ынхан мэдэгдсэн юм. Түүнтэй холбогдлоо.
-“Бор шувуу” нэртэй сонин гаргаж Н.Энхбаярын нэр төрийг гутаасан гэж таныг хэвлэлээр яриад байна. Та үүнийг хийсэн юм уу?
-Би бол ийм хогийн юм хийдэггүй. Томоохон сонины тоймч бол ийм юм хийдэггүй юм. Шүүхийн өмнө хариуцлагаа хүлээдэг сэтгүүлч нар ч ийм юм хийхгүй. Өөрсдийгөө пиарчид гэж нэрлэсэн юмнууд ийм мэтийн юм хийгээд тарааж л байдаг шүү дээ. Өмнөх сонгуулиудаар ч ийм юм зөндөө л гарч байсан. Өөрөөр хэлбэл, МАХН-ын хэвлэлийн алба, пиарчдын зөрчлөөс л гарсан юм байх.
Энд бичигдсэн байгаа По Гамбаа, Төмөрбаатар хоёрт дургүй, бас тэднийг сайн мэддэг хүн цөөхөн л байгаа шүү дээ. Тэгэхээр үүнийг хийсэн хүмүүсийг олох хэрэгтэй. Дэмий бие биеэ хардаад яахав, хоёр нам хамтарч байгаад ч гэсэн олох нь чухал. Учир нь, аль аль нэр дэвшигчийн талаархи мэдээлэл энд байна.
-Энэ сонины эрх таны нэр дээр байдаг юм биш үү. Эсвэл та эрхээ худалдсан юм уу?
-Эрх юу байх вэ, “Бор шувуу” нэртэй сонин гаргаж болно гэсэн нэг бичиг л бий. Түүнээс биш тамга, тэмдэг, албан ёсны эрх байхгүй. Тэгэхээр би юуныхаа эрхийг худалдах вэ дээ. Энэ “Бор шувуу” сонин гээд байгаа юмыг харахад мэргэжлийн, сэтгүүлзүйн мэдлэгтэй хүний хийсэн ажил биш, юу ч бичиж чаддагүй л юмнуудын мөнгө олох арга л байна.



Шударга утас 1206-д өчигдөр ирсэн мэдээллээс:
Сонгуулийн булхай луйврын талаар бодит мэдээлэл авах шууд утас 1206 –д ирсэн мэдээллээс тоймлон хүргэж байна.
Шударга утас 1206 дугаарт хандсан иргэдийн аюулгүй байдал, эрхийг хамгаалах үүднээс нэр утасны дугаарыг нууцалж байгаа юм.
-Манай СХД-т 22 хороонд хогийн 22 байцаагч байдаг. Энэ хүмүүс айлын хаалга тогшоод МАХН-ыг дэмжвэл хогийн мөнгийг авахгйү гээд явж байна. Долоо, 18 дугаар хороон дээр ийм явдал гарсан. /СХД-ийн 18 дугаар хорооны иргэн …/
-МҮОНТ-ээр орой бүр гарч байгаа нэвтрүүлгээр Энхбаяр түрүүлж гарах юм. Заримдаа Элбэгээг эхэнд нь гаргаж болдоггүй юм уу. Тэгэхгүй бол Энхбаяраас залхсан хүмүүс сувгаа солиод Элбэгээг харж чадахгүй байна. /Орхон аймгийн иргэн …/
-СБД-ийнхэн болон наймдугаар хорооны Засаг дарга Жавзмаа МУБИС-ийн тавдугаар байрны багшаас хөдөөгийн оюутнуудын регистрийн дугаарыг нэртэй нь авсан. БЗД-ийн 19 дүгээр хорооны Засаг дарга хэсгийн ахлагч нартаа 5000 төгрөг тараасан. Энхбаяр сонгуулийн штабдаа өдрийн 8000 төгрөгөөр 60 оюутан хөлсөн авч ажиллуулж байгаа. Тэд нь хаана уулзалт болно, тэнд нь очдог. /БЗД-ийн иргэн …/
-МАХН сонгуулийн насны хүүхдүүдийг сонгуулийн өдөр бөөнөөр нь амралтанд амраахаар бүртгэж байна. СХД-т МАХН-ынхан 18 нас хүрээгүй хүүхдийг сонгуульд оролцуулахаар нэрс гаргаж байна. БГД-ийн 13 дугаар сургууль дээр байрладаг хэсгийн хороонд 1992 оноос хойш нам бус хэмээн ажиллаж байгаа луйвар хийхдээ гаршсан хүн байгааг анхааралдаа аваарай. /СХД-ийн иргэн…/