АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж “Олон улсын валютын сангийн ах нартаа баярын бичиг мичиг, хадаг яндар өгөөд баяртай гэж хэлээд явуулах цаг болсон” гэж ярьж байгаа. Үнэхээр Монгол улс Олон улсын валютын сангийн тусламжгүйгээр хөгжих боломжтой юу? гэдэг асуудлаар УИХ-ын гишүүн, эдийн засагч Ч.Хүрэлбаатараас тодруулга авлаа.
-Монгол улсын эдийн засагт Олон улсын вальютын сан ямар нөлөө үзүүлсэн юм бэ? гэдгээс хоёулаа яриагаа эхлэх үү?
- Монгол улс бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн улс. Монгол улсын санхүү эдийн засаг дэлхийн том эдийн засгийн бүрэлдэхүүн хэсэг болсон. Нэн ялангуяа ашигт малтмалын салбар дээр Монгол улс дэлхийн эдийн засгийн томоохон хэсэг болж байна. Дэлхий даяар глобальчлагдаж, санхүүгийн асуудал ч гэсэн нэг бодлогоор явах хэрэгтэй юм байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч эхэллээ. Дэлхий дахинд санхүүгийн бодлогыг нэгтгэхэд ОУВС асар их үүрэг гйүцэтгэдэг. Энэ сангаас өгсөн зөвлөмжүүд Монголын эдийн засагт тун их нөлөө үзүүлсэн. ОУВС-гаас өгсөн зөвлөмжийг манайхан дутуу хийгээд алдаж байсан болохоос биш, эндээс буруу зөвлөмж өгөөд алдаа гарч байсан түүх байхгүй гэдгийг эдийн засагчид маань хүлээн зөвшөөрөх байх. Өнөөдөр дэлхийн тэргүүлэгч найман гүрэн бусад улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах асуудалд илүү их анхаарал тавихыг ОУВС-д сануулж, хөрөнгө мөнгө түлхүү өгч эхэллээ. Энэ байгууллагатай дан ганц Монгол ч биш Америк, Хятад Орос гээд дэлхийн бүхий л улс орон хамтарч ажилладаг, тэдний тус дэмийг авдаг, зөвлөмж, зөвлөгөөг ажил хэрэг болгодог. Харин манай ороны хувьд хямралд автаад ирэхээрээ энэ байгууллагын ач тусыг авдаг, арай гайгүй орлого олохоороо мартчихдаг тал бий л дээ. Монгол улсыг мөнгөгүй хүнд хэцүү байх үед ОУВС л тусламж дэмжлэг үзүүлж байсан шүү дээ.
-Ц.Элбэгдорж нэр дэвшигч “Одоо ОУВС-гаас тусламж авах шаардлагагүй, хадаг яндар, баярын бичиг мичиг хийж өгөөд явуулах хэрэгтэй гэж яриад байгаа?
-Нэр дэвшигч маань ОУВС-гийн ач холбогдлыг ойлгохгүй байна гэдэгт би эргэлзэж л байна. Ц.Элбэгдорж ОУВС-гийнхантай уулзаж, тэднээс дэмжлэг хүсч, “Та нарын ач тус Монголчуудад үр дүнгээ өгч байгаа шүү “гэж ярьж байхыг би өөрийнхөө нүдээр харж, чихээр сонсож байсан хүмүүсийн нэг нь би. Гэтэл өнөөдөр ОУВС-ынханг явуулах хэрэгтэй гээд яриад сууж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд, АХЭ-ыг засгийн эрх барьж байх үед Монголын эдийн засаг хамгийн доод шатандаа хүртэл уналтанд орж байсан. Тэр үед Элбэгдорж ОУВС-гийнхнаас л тусламж дэмжлэг авч л байсан. Харамсалтай нь ОУВС-гаас өгсөн зөвлөмжүүдийг бүрэн дүүрэн ажил хэрэг болгож чадаагүй. Харин 2000-2004 оны үед Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед ОУВС, Монгол улс хоёрын харьцаа илт сайжирсан, тэндээс өгсөн зөвлөмжүүд ч ажил хэрэг болж, Монгол улсын эдийн засаг сайжирсан. Үүнийг ч ОУВС-гийнхан хүлээн зөвшөөрдөг. ОУВС-тай харилцахаас татгалзаж байна гэдэг маань Монгол улс дэлхийн улс гүрэнтэй харилцах харьцаагаа л таслахыг оролдож байна гэсэн үг.ОУВС-г хөөчихвөл бусад улсаас орж ирэх бүх тусламж дэмжлэг зогсоно.
-Эдийн засгийн хямралын үед энэ байгууллагаас хичнээн төгрөгнийн тусламж орж ирж байгаа вэ?
-410 гаруй сая долларын тусламж орж ирж байгаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж, вальютын ханш огцом өгсөж, бэлэн мөнгөний хомсдол хаа сайгүй бий болчихоод байсан энэ үед ОУВС л бидэнд дэмжлэг үзүүлсэн гэдгийг бүгд л мэдэж байгаа.