Sunday, April 12, 2009

АН-ын ардчилалгүй нэр дэвшигч

Ардчиллынхан амаа барьж байна. Хаа сайгүй л хүмүүс халаглаж, ардчилсан ерөнхийлөгчтэй болъё гэж ардчилсан намынхан шийдсэн нь л юм бол албан тушаал хэзээ ч гаргаж яваагүй, авлига хээл хахуулд бараг гар дүрээгүй, ардчиллын алтан хараацай гэж ч хэлж болох Э.Бат-Үүлийгээ ерөнхийлөгчийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэх байсан юм гэлцэж байх юм. Э.Бат-Үүлийг “ардчиллын үүл” хэмээх ажээ. Ардчиллын үүлнээс аадар хур асгарсан бол хуурайшиж ган гачигт нэрвэгдсэн энэ улс төрийг хураар тэжээж аз жаргалын цэцэг дэлгэрэх байсан гэх ч хүн байх.
Тэгэвч Э.Бат-Үүлийн өөрийнх нь хэлсэнчлэн “Элдэв бүлэг, фракцууд “Түгжил” мэт хавирга сүвээ рүү дахин дахин бүлсэн чинь, андгай тангарагтнууд хээвнэг урвачихаад “Ичсэн хүн хүн ална” гэгчээр эргэж бас элдэвлэн дайрсан чинь, арай ичих нүүртэй нэг нь булан тойрч зугтсан чинь угаас мунхаг харанхуй учраас адал балмад авиртайгаа лут ухаан гэж хөөрөн тэнэглэх нөхрөө харсан чинь (Энд Ц.Элбэгдоржоо хэлсэн бололтой)”, элдэв амлалт гоё үгэнд хууртаж хашрахгүй тоглуулж явдаг хөнгөн сэтгэлтнүүдийг өрөвдсөн чинь, лангууны ард зогсч байгаа худалдагч шиг дандаа аваа өгөө ярьж байдаг фракцын
гишүүн эрхэмтэй ярилцсан чинь тал талаасаа бүчүүлэн балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм” гэжээ. (Э.Бат-Үүлийн олон сонинд зэрэг хэвлүүлсэн “Бахирмаар санагдсан хором” нийтлэлийн хэсгээс) Э.Бат-Үүл бахирч байгаа харагдсан.
Хөөрхийг хаа хамаагүй мөртлөө би ч хүртэл өрөвдсөн. Гэвч улс төр гэдэг үнэн бохир юм болохоор буруу нь зөвийгөө баллаж, булай булхайтай нэг нь шулуун шударгыгаа дарчихдаг болсон энэ ээдрээтэй цаг үе таарсан юм болохоороо Эрдэнийн Бат-Үүлийг Элбэгдорж нь зальдчихсан бололтой. Э.Бат-Үүл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх юм гэнэ гэх яриа газар явсан нь хамтарсан Засгийн газар байгуулах үеэс л ам дамжин яригдсан билээ.
Ц.Элбэгдорж анх улсын нууцыг задалж, орон шоронд орох дээрээ тулж байх үеэс монголд “нууц” гэдэг юм үндсэндээ алга болж байх шив дээ. Бодвол “Бат-Үүл минь чамд сайдын суудал амлаад яах вэ. Чи ер нь нэг мөсөн ерөнхийлөгч л болох хүн юм шүү дээ” гэж хэн нэг нь ятгаа байлгүй дээ. Энэ тухайгаа уг нь нууцалсан л байх л даа. Тэгэвч нууц задлахдаа нугасгүй Элбэгээ мэт эрээ цээрээ алдсан нөхөд тэр дунд байсан болохоороо Бат-Үүлийн тухай нууц нь салхи хөлөглөн хийсээ биз ээ.
Э.Бат-Үүл ч их хурлын эрхэм гишүүд хурлаа хийцгээе, хурдхан цугларцгаая гэж уриалан их хурал маань ч хуралдаж “Эвслийн гэх нэртэй засгийн газраа” байгуулж сайд, дарга нар эрхэм сэнтийдээ заларсан бөлгөө. “Ардчилсан нам ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулах сүүлчийн шатны хуралдаанаар Э.Бат-Үүл ямар баяртай бардам алхалж очиход хуй салхи хоромхон зуур бүтэн эргэж, Элбэгдоржид тахимаа өгөв дээ. Урьд нь ярьж тохирсон тохироо, эрийн цээнд хүрлээ гээд нас тогтож намба сууснаа гайхаад байгаа. Дөч гарсан эрс, дөрөө дарсан ат шиг гэж зүйрлэмээр тэр сайхан журмын нөхөд, тэр тусмаа Элбэгээгийн элдэв ов мэхэнд хууртаж унасан Э.Бат-Үүл бачимдаж балартах нь аргагүй ч биз. Бархирч уйлах нь ч бас л аргагүй биз ээ.
Cap гаруйхны өмнө Элбэгээ анд нь “Бат-Үүл минь чи л ерөнхийлөгчид нэр дэвшинэ. Бат-Үүл минь бат шүү. Би харин чиний ерөнхий менежер болно. Одоо харин гол өрсөлдөгч, дийлдэхэд бэрх дээлтэй мангас Н.Энхбаярыг Баабартай хүч хавсарч байгаад нэр төрийг нь гутаагаад орхоё” гэж ам өчиг өгч явсан гэж яригдаж байгаа. Эрхэм анд Элбэгээгээ цаг нь болохоор царайгаа цааш нь харуулаад хуурах юм гэж хар муу санаагүй шулуун шударга буриад эр Бат-Үүл зүүдлээ ч үгүй бололтой. Тэгээд ч Э.Бат-Үүл “… угаас мунхаг харанхуй учраас адал балмад авиртайгаа лут ухаан гэж хөөрөн тэнэглэх нөхрөө харсан чинь тал талаасаа бүгчүүлж балбуулах хөөрхий муу сэтгэл гээч маань өвдөхдөө байдгаараа орилсон юм” гэж бичсэн байх даа.
Тэгээд ч тэрхэн агшинд 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр адал балмад авиртайгаа лут ухаантай гэж хөөрөн тэнэглэх анд Элбэгээ нь хувьсгалт намын байрыг шатаалгачихаад Хувьсгалт намын дарга С.Баяр руу мунхаг авирлан асаж ноцож байсан дүр төрх нүдэнд нь бууж нулимсан дунд нь тэр тонгочиж, хашгичиж харагдаа биз ээ.
Хээр холын замд хэдэн адуу хамт хөөж, өдөр шөнийг умартан зовж зүдэрч явсан байтлаа, ханилж яваад нөхрөө унаж яваад морио гэдэг шиг цахиур Төмөрийн хавирга руу хутга шаачихаад хялам хийн нулимаад зугтах Түгжилийг санагдуулсан тул, Элбэгээ жанжиндаа хандаж, ардчиллын замд анхнаас нь хамт явж өдийг хүрчихээд эр хүн шиг байж чадахгүй, хорон хорчин авирласанд нь хорсохдоо “Түгжил” мэт хавирга сүвээ рүү дахин дахин бүлсэн” хэмээн гомдчихсон бололтой. “Эр хүнд итгэснээс эрхий хуруундаа итгэ” гэж нэг сайхан сургамжийн үг байдаг даа. Элбэгээд итгэсэн нь Э.Бат-Үүлийн хувьд маш том сургамж болоод л хоцрох шив дээ.
Ц.Элбэгдоржийн хувьд Бат-Үүл минь чи хамгийн нэр цэврээрээ ерөнхийлөгчид нэрээ дэвшүүл гээд өөрөө нэрээ татахад бас л харамсалтай болсон байлгүй. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж дөрвөн жилийн тэртээгээс ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө өрсөлдөнө гэж зорилго тавьж хамгийн хүчтэй өрсөлдөгч маань одоогийн ерөнхийлөгч Н.Энхбаяр болох нь тодорхой гэдгээ ч тооцоолж, Энхбаярыг өнгөрсөн дөрвөн жилд элдвээр гүтгэж доромжлох багаа ч бүрдүүлж ажилласан хүн гэж хувьсгалт намынхны дүгнэж цэгнээд байгаа нь. оргүй хоосон ч зүйл биш билээ.
Н.Энхбаярыг Монголын ард түмэн муучилж элдэвлэсэн юмгүй, харин Ц.Элбэгдоржийн хүмүүс гэх сэтгүүлч Г.Дашрэнчин, Г.Жамьян, Г.Уянга, Л.Мөнхбаясгалан, улс төр судлаач гэх Д.Ганхуяг, Баабар зэрэг нөхдийн бүтэн дөрвөн жил зохион байгуулалт зорилготойгоор Н.Энхбаярыг гүтгэж гүжирдэж бичсэний утга учир цагийн аясаар Цахиагийн Элбэгдоржийн 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө нухчин дарах төлөвлөгөө байжээ гэдэг нь өнөөдөр нэгэнт тодорхой боллоо.
Бүтэн дөрвөн жил хүн хүч гарган, сайд, ялаа хоёрыг сонингоор алж болдгийг үзүүлэх гэж .Н.Энхбаярыг үсийг нь цайтал үйл тамыг нь үзчихээд гүтгэж гүжирдэж ард түмэн бүр эргэлзэхээр байдалд хүртэл доромжилж, доош нь чихчихээд өөрөө зорьсон зорилгоосоо буцаж, Э.Бат-Үүлд зам тавьж өгнө гэдэг Ц.Элбэгдоржид хэцүү л дээ, хэцүү.
Тэгэвч Элбэгдорж чухам хэн бэ? Ц.Элбэгдоржийн өөрийнх нь өргөмжлөн тунхаглаад байгаа “Бүх салбарт шударга ёсыг тогтоохоор зүтгэж чадах” шударга хүн мөн эсэхийг ард түмэн бид даанч сайн мэддэг нь болчихсон байгаад л хамаг учир орших биз ээ.
Хоёр ч удаа Монгол Улсын Ерөнхий сайдын суудалд залж, Монгол Улс хөрөнгөө мэдүүллээ. Хөгжил дэвшлийн замаар түүчээ тогоруу шиг аваад яваачээ гэж итгэл хүлээлгэлээ. Гэтэл тэрбээр баахан дэмий ярилаа, баахан худлаа амаллаа. Уулын чинээ ололт, туулайн чинээ биелэлт хэмээх тайлан гаргаад Элбэгдоржийн улс төрийн бланс тооцоо дууссан гэж бодож байтал бүр дэврээд төрийн тэргүүн болохоор улайран давшилж уухайлан түрж байна.
Ц.Элбэгдорж бүр хэзээ ч байгаагүй шударга ерөнхийлөгч болж, бүх салбарт шударга ёсыг тогтоох юм гэнэ. Сайхан л амлалт. Харин тэгэхдээ Ц.Элбэгдорж өөрөө шударга байж, үлгэр жишээ шулуун шударга хүн гэдгээ ард түмэнд харуулж байж, шударга ерөнхийлөгч болох ёстой билээ.
Тэгвэл Элбэгээ өөрөө тийм шударга хүн мөн үү? Эх орондоо хайртай, ард түмэндээ хайртай жинхэнэ шударга хүн юм бол хамгийн анх улсынхаа нууцыг чухам юуны тулд илчилж дэлгэх болсон юм бол. Монгол Улс нууцтай учраас Дотоод яамтай, тагнуулын байгууллагатай, Үндсэн хуультай засаг төртэй байгаа биз дээ.
ЦЭлбэгдорж тийм шударга юм бол чухам юуны учир улсын банкийг хувийн банкинд бэлэглэж, түүнээсээ болж ерөнхий сайдаасаа огцорсон юм бол оо.
Ц.Элбэгдорж улсынхаа төлөө шударгаар зүтгэж, даалгасан ажлаа хийхийн төлөө мэрийдэг байсан бол танхимынхаа сайд нартай уулзаж, учирч ажил төрлөө явуулахын оронд Ж.Батзандан, С.Шагнай нарын удирдсан гудамжны хөдөлгөөнийхөнтэй эвсэж хуйвалдаж байгаад хоёр дахь удаагаа ерөнхий сайдаасаа огцорчихсон юм бол оо. Бас тийм шударга л юм бол “Би жолоочоосоо жолоог нь шилжүүлэн машинаа барьж яваад, дадлага туршлага дутсанаас онхолдож, хажуудаа явсан жолоочийнхоо амийг нь хохироочихлоо гэж хэлэхгүй байгаа юм бол оо.
Хэрэв Ц.Элбэгдорж тийм шударга л юм бол 2008 оны долдугаар сарын 1-нд олон сайхан аавын хүүхдүүдийн цөсийг хөөргөж, “ардчилалтай чацуу залуус та нар 18 нас хүрлээ, 19 нас хүрлээ. Сонгуульд бидний авах ёстой саналыг Хувьсгалт нам луйвардчихлаа гэж хийрхэж гал түймэр рүү, үхэл рүү, шорон руу турхирсанаа эр зориг гаргаад хүлээчихгүй үхээнц царайлаад байгаа юм бол оо.
Ц.Элбэгдорж тийм сайхан шударга хүн чанартай л юм бол “Бат-Үүл минь чи ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлчих, чи ер нь дарга сайдын суудалд санаархаж яваагүй шүү. Би харин хоёр удаа ерөнхий сайд болчихсон. Намын дарга ч болж явсан гээд хэлчихгүй, хойгуур урдуур нь гүйж, амьтан хүнд арга тал засч, Бат-Үүл чи шүү” гэж гордлого төрүүлж эцэст нь өөрөө торойж, нус нулимстай нь хольсон юм бол оо. Ханилж нөхөрлөж, ардчиллын төлөө зовж зүдэрч явсан нөхрөө хайрлаж өрөвдөх тэнхэлгүй хүн, Монголын ард түмний эцэг шиг ерөнхийлөгч болж, шударга ёс тогтооно гэхэд нэг л итгэж чадахгүй байна шүү.
Ардчилсан намаас ардчилсан ерөнхийлөгчийн шалгуурт тэнцэх цорын ганц хүн алдар нэр албан тушаал, авлига, хээл хахуулд хэзээ ч холбогдоогүй нэр цэвэр яваа Э.Бат-Үүл л байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Эрдэнийн Бат-Үүл энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болж чадаагүй нь ардчиллынхны хувьд халагламаар харамсмаар.
Ардчиллын “Үүл” асгаруулж мэлмэрүүлж байна билээ. Аргагүй ээ, хөөрхий. Ардчилсан ерөнхийлөгч ардчилал дотроосоо тодорсонгүй, ард түмний ерөнхийлөгч болчих магадлалтай ч анд нөхөд нь аргамжчихаад, тушчихаад их сунгаанд нь тавьсангүй ээ.