-Таныг засаг төр барилцаж байх үед 1990 онд олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль болж байлаа. Энэ үеийн түүхээсээ хуваалцаж яриагаа эхлэх үү дээ?
-Засаг тэргүүлж байсан тэр богино хугацаа энэ асуултыг тавихад өөрийн эрхгүй нүдэнд харагдаж байна даа. 1990 он бол монгол орны түүхэнд их чухал байр суурь эзэлж байсан үе юм аа. Энэ бол хуучин нийгмийн системээс шинэ нийгмийн систем рүү шилжсэн шилжилтийн үе байсан. Богино үе байсан авч энэ үе их амаргүй үе байсан. Ялангуяа улс төрийн их том давалгаа болсон тэр үед талбай дүүрэн хүн, төрийн ордон тойроод л Монголд анх удаа өлсгөлөн зарлаж улс төрийн товчоо огцроод дараа нь 3 сарын 23-наас эхлэн шинэ Засгийн газар ажиллаж эхэлсэн үе шүү дээ. Анхны ерөнхийлөгч Очирбат АИХ-ын даргаар, би Сайд нарын зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Тэр үед бид их хүнд нөхцөлд ажилласан. Хичнээн богино хугацаа ч гэсэн тайван замын 3, 4 жилтэй тэнцэхүйцээр ажилласан гэж би боддог юм. Ингээд 1990 онд олон намын оролцоотой анхны ардчилсан сонгууль болж манай засаг төрд, ялангуяа засгийн газарт маш их үүрэг ноогдож байсан. Тэр үед олон хоног гэртээ харилгүй ажилласан өдөрт 15-17 цаг ажиллах нь юу ч биш байсан. 4 сарын 26-наас 5 сарын 7 хүртэл үргэлжилсэн улс төрийн суулт давалгаа 8 аймагт өлсгөлөн зарласан тэр үед зах зээлдээ шилжих эдийн засаг, улс төрийн хямралыг давах, сонгуульдаа бэлдэх гээд олон асуудал давхцаж байсан. Тэгээд ч энэ бүх асуудлыг давж 5 сарын 7-нд бүх өлсгөлөн зогссон. Үүнийг бид гэрээ хэлэлцээр хийж, нэг ч оготны хамраас цус гаргаагүй, нэг ч цонх хагалуулахгүйгээр маш тайван замаар шийдэж чадсан шүү. Тэр үед ч хүмүүсийн хариуцлага дэг журам маш өндөр байж дээ. Түүнээс хойш би 17 жилийн хугацаанд ийм айхтар улс төрийн үймээн үзсэнгүй. Дээрээс нь би түрүүн хэлсэн олон намын оролцоотой анхны сонгууль болсон. Тэр үеийн сонгуулийн онцлог нь одоогийнх шиг мөнгө төгрөг тараадаггүй, будаа гурил өгдөггүй, нэр дэвшигчид, сонгогчидтойгоо уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулан шударга өрсөлддөг байсан. Тэр үеийнх шиг шударга сонгууль одоо байхгүй болж.
-Харин энэ 7 сарын 1-ний үйл явдлыг та юу гэж тайлбарлах вэ?
-Энэ бол булхайтай бусармаг сонгууль явуулсны гай. Дээрээс нь одооны төр барилцаж байгаа нөхөд өөрсөддөө хариуцлага тооцохоо болжээ. Энэ бүх асуудлыг тайван замаар зөвшилцлийн хүрээнд шийдэж зохицуулж болох л байсан. Намууд хоорондоо суугаад энэ бүгдийг яаж зохицуулах сонгууль болоогүй бол сонгуулиа дараа нь яаж сайжруулах тухай ярих зүйтэй байсан. Манайд өнөөдөр улс төрийн зөвшилцөл гэж юм үгүй болж. 1990 оноос сургамж авах юм их бий шүү.
-Хямралаас бид яаж гарах вэ? Сангийн сайд Баярцогтын туршлага дутаад дээрээс нь жаахан залуудаад байна уу даа. Та юу гэж бодож байна?
-Хямралаас гарах гол гарц нь уул уурхай. Амны уншлага болсон 2 толгойгоо ашиглах ёстой. Би хувьдаа Оюутолгойн гэрээг муу гэрээ гэж үзэхгүй байгаа. Яахав дутагдалтай тал бий, 30 жил энэ тэр гээд. Ер нь гэрээг хурдан байгуулах ёстой. Тэгж байж л хямралаас гарах гарц бий. Дээрээс нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой. Манайх 2004 оноос зээлийг баруун солгойгүй тараагаад юунд хүрэв. Мөн дотооддоо импортоо бий болгох хэрэгтэй. Гэтэл гаднаас сүү хүртэл аваад байгаа нь хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн дотоод эрх ашиг харагдаад байгаа байхгүй юу. Сангийн сайдыг хувь хүний буруугаас гэж цохож хэлмээргүй байна. Ер нь манай төр засаглалын тогтолцоо маань буруу яваад байна. 1992 оны Үндсэн хуулийг батлахдаа жаахан буруу болсон байх. Тийм болохоор төр засаглалыхаа тогтолцоонд, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах цаг болсон болов уу. Миний бодлоор сонгодог парламенттай, тэгээд ерөнхийлөгчөө парламентаас сонгодог бол зүгээр юм шиг. Одоо ерөнхийлөгч нь ард түмнээсээ, парламент нь ард түмнээсээ болохоор хоёр эрх маань хоорондоо зөрчилдөөд мөргөлдөөд байна шүү дээ.
-Сая Монгол банк бодлогын хүүгээ өсгөлөө. Гадны орнууд бодлогын хүүгээ тэглээд байхад манайх яагаад эсрэгээр байдаг юм бэ?
-Бид гадны орныг дагаж хазайж найгахдаа гол нь биш. Энэ хүүгээ өсгөж байгаа нь зөв хамгийн шалгарсан арга биш. Гэтэл бодлогын хүүгээ өөрчлөхгүй мөнгөний зөөлөн бодлого явуулна гэхээр бас сөрөг үр дагавартай. Энэ хоёр сөрөг юмны аль нь ашгаа өгөх вэ гэвэл мөнгөний арай хатуу бодлого бариад бодлогын хүүгээ өсгөсөвөл богино хугацаанд эргээд төгрөгөө хамгаалах үндэснийхээ валютыг хамгаалах давуу тал харагдаж байгаа юм. Мэргэжлийн эдийн засагчид хүртэл ингэж харж байгаа юм. Магадгүй энэ нь 3, 4 сарын дараа харагдах байх. Энэ хоёулаа шилмэл арга биш, тийм болохоор аль нэг гайгүй гэснийг нь сонгох хэрэгтэй.
-Таны хувьд хамтарсан засгийн газрыг хэр дэмждэг вэ? Яаж ажиллавал буурай таны саналтай нэг байх бол?
-Би хувьдаа хамтарсан засгийн газрыг дэмждэг хүний нэг. МАХН дангаараа засгийн газар бүрдүүллээ гэхэд ажиллахад хэцүү, сөрөг хүчин хийж байгаа ажлыг нь нураагаад байх байсан биз. Үүнийг үгүйсгэхгүй. Харин хамтарсан үедээ Үндсэн хууль, Сонгуулийн хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Манай сөрөг хүчин соёлтой орны сөрөг хүчин шиг байж чаддаггүй шүү дээ. Болж өгвөл нэгнийгээ бодлогын чанартай унагааж байдаг. Харин хамтарсан боломжоо их л тааруу ашиглаад байна уу даа гэж бодож байгаа. Цаана нь дандаа ашиг сонирхлын асуудал яваад байдаг.
-Таныг эхнэрээсээ саллаа гэж сайдын суудлаас хүртэл огцруулж байсан гэдэг. Та одоо яг юу хийж байна?
-Тиймээ, дээхнэ үед их хатуу чанга байлаа шүү дээ. Одоо би эрхээ эдэлж байна гээд дэг журам, зарчмаа алдаад байна уу гэж боддог. Одоо 6 хүүхэд 12 ач зээтэй, гэр бүлийн хүн маань сайхан сэтгэлтэй, сайн гэрийн эзэгтэй ардын багш хүн дээ. Надад хувийн компани энэ тэр байхгүй. Эзэмшсэн мэргэжил туршлагаа зах зээл дээр борлуулж бас бус хүмүүст зөвлөгөө өгнө, лекц уншина. Ингэж л амьдарч байна. Амьдрал боломжийн сайхан байна. Зүгээр суух хэцүү байдаг болохоор өглөөнөөс орой хүртэл ажиллаад нэг мэдэхэд орой болчихдог шүү дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тов ойртож байна. Та ерөнхийлөгчийг ямар хүн байгаасай гэж боддог вэ?
-Ерөнхийлөгч гэдэг нь нэг ёсондоо энэ Монгол улсын маань аав юм шүү дээ. Тийм ч утгаараа гадаад дотооддоо танигдсан хэл ус сайтай ард түмнийхээ төлөө цохилох зүрхтэй биднийхээ төлөө гэсэн хүн байгаасай. Одоогийн ерөнхийлөгч Энхбаяр 2 дахь удаагаа сонгогдон ажиллахад болохгүй гэх юм үгүй. Би бол дэмждэг.
-Ярилцсанд баярлалаа.
Сэрүүлэг сонин