Sunday, April 26, 2009

Ц.Элбэгдоржийн үг залуучуудад үнэтэй



Монголын ирээдүй болсон оюутан залуустай АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гаригт уулзсан юм. Түүний лекцийг сонсохоор “Соёлын төв өргөө”-гөөр дүүрэн оюутан залуус ирсэн байна. АН-ын нэр дэвшигчийг дэмжиж, дуучин Quiza мөн хүрэлцэн ирсэн байлаа. Тэрээр залууст хандан “Залуус ядуу бол ял эдэлдэг. Буруутай бол буудуулдаг болоод байгаа энэ үед бидэнд боломж ирлээ. Боломжоо ашиглацгаая” хэмээн уриалж байсан юм. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг “Яг одоо 15.22 цаг болж байна. Дөрөвдүгээр паар орж байна. Гэтэл энэ заал дүүртэл оюутнууд цуглажээ. Энэ бол бид нэг зүйлийг хүсч байгаагийн шинж. Бид улс орны зүтгүүр. Тиймээс бид өөрсдийнхөө хэлээр ярьдаг. Бидний байдлыг хөндлөнгөөс биш дотроос нь харж чаддаг тийм хүнийг сонгох учиртай” гэдгийг хэлж байсан юм.
Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Гэрэл гаргаж чадахгүй бол битгий сүүдэрлээч гэдэгчлэн энэ удаад буруу, булхайг зүхэхийн оронд өөрсдөө сонгуульд оролцон, сонголтоо хийе” гэж уриалсан юм. Харин нийтлэлч Баабар “Айдас” нийтлэлээ уншиж, айдсаас салахын төлөө хамтдаа зөв сонголт хийхийг уриаллаа. Ийнхүү Ц.Элбэгдоржийг дэмжигчид үгээ хэлсний дараа тэрээр өөрийн мөрийн хөтөлбөрийн талаар оюутан залуус танилцуулсан юм. Оюутнууд сургууль дээрээ хоёр цагийн лекц сонсоод энд тэнд унтсан, үүрэглэсэн шигээ л цаг нөхцөөх үе бий. Харин Ц.Элбэгдоржийн оюутнуудад хандаж хэлсэн үгийг залуус нэг бүрчлэн чих тавин чагнаж байлаа. Ингээд танхим дүүрэн алга ташилтаар түүний энэ удаагийн оюутнуудтай уулзах уулзалт үргэлжилсэн юм.