Монгол улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж эхэллээ. Үүнтэй холбогдуулан өөрсдийн сонгуулийн сурталчилгааны уриа үгийг эхний байдлаар олон нийтэд сонордуулж эхлээд байна. АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж АН-ын ҮЗХ-ны хурал дээр тавьж байсан өөрийн илтгэлээ мөрийн хөтөлбөр болгож буй юм. Тэрээр гол зорилгоо “Шударга байцгаая” , “Ард түмэнтэйгээ амь нэгтэй Ерөнхийлөгч байна” хэмээн тодорхойлж буй ажээ. Сонгуулийн үндсэн мессеж ч дээрх агуулгийг илэрхийлсэн байх бололтой. Харин МУ-ын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр өөрийн сонгуулийн гол уриа үгийг “Төрд хариуцлага, түмэнд эх орны хишгийг авчирна” хэмээн томьёолжээ.Сонирхуулахад өмнө нь МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид дараах уриатайгаар сонгуульд оролцож байсан аж. Үүнд:
Л.Түдэв : “Монголоо Монголчууд л аварна”, П.Очирбат : “Шилжилтийн үеийг цэглэнэ, амьдралын доройтлыг арилгана”, Ж.Гомбожав:“Тусгаар тогтнол, шударга ёс, эгэл борчуудын төлөө”, М.Энхсайхан: “ Би авилгачдыг цээрлүүлнэ”, Б.Жаргалсайхан:“Төрд хяналт хариуцлага, түмэнд ажил, орлого”, Б.Эрдэнэбат : “ Төр хямралгүй аваас түмэн олон эвтэй”, Н.Энхбаяр : “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэх мэт.