Бодол үг дагуулдаг, үг үйл дагуулдаг гэлцдэг. Мөн “Үг бол үйл хэргийн дүр төрх юм”, “Үгээр нь хүнийг таньж болно” хэмээсэн суутнуудын сургаал ч бий. Үгийг хэрхэн гарамгай ашиглаж, ард түмний толгойг эргүүлж болдгийн сонгодог жишээ бол Адольф Гитлер. Айдас хүйдсийн дүр төрх болсон Адольф алгаа нулимж үсээ илчихээд толины өмнө бүтэн өдөржин эргэлдэн зогсож хэлэх үг нэг бүрээ чанга чанга давтан тоть шиг цээжилж, амьсгаа авах гаргах, хий ханиах мөчөө хүртэл тооцон бэлтгэдэг байсан гэдэг. Тэр үүнийхээ үр дүнд бүх юманд тооцоотой, няхуур ханддаг германы ард түмнийг үгээрээ “эзлэн түрэмгийлсэн” бөгөөд эцэст нь энэ нь хүн төрөлхтөнд бөөн гай гамшиг, хар толбо дагуулсан билээ. Дэлхийн хамгийн хариуцлагатай, яс тооцоотой хүмүүс гэгддэг германчууд л А.Гитлерийн үгэнд “яваад өгч байхад” санаа нь амгалан, сэтгэл нь цагаан сая гаруйхан монголчуудыг үгээр хуурах хялбархан байж мэднэ.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшээд байгаа хүний үг ч нэг л биш ээ. Тэгээд ч Ц.Элбэгдорж бол анхнаасаа л хэлэх үг, ярих яриагаа бэлдэхдээ А.Гитлертэй төстэй нөхөр л дөө. Гэхдээ сонгогчид руу давшилж байгаа түүний үг яриа тийм ч төөрөөд байхаар олон бус, арваадхан үгэнд тойрон эргэлдэж байна. “Устгана”, “ёстой”, “шударга”, “ард түмэн”, “ерөнхийлөгч”, “би, надад, миний” гэх ийм л үгсээр Ц.Элбэгдоржийн уулзалт яриа, мөрийн хөтөлбөр нь хахаж, жирийн иргэдийг пологтуулж байна. Сэтгэл судлаачдын ажиглалтаар бол иймэрхүү үг хэллэгийг дарангуйлагч удирдагчид л замбараагүй хэрэглэдэг юм гэнэ билээ. Зөвхөн мөрийн хөтөлбөрөөс нь л хальт харахад ердөө гуравхан хуудас цаасанд гурав дөрвөн зуухан үг хэлхэхдээ л 11 удаа “ард түмэн” гэдэг үгийг ашиглан бидний нэрийг барьж, “шударга” хэмээн 17 хэлж иргэдийн итгэлийг олж авахаар улайрч, “би, миний, надад” хэмээн 24 удаа цээжээ дэлдэж өөрийгөө өргөмжлөн, “ерөнхийлөгч” хэмээн 29 удаа “бут авч” аль хэдийнэ “ам Ерөнхийлөгч” болчихсон, “ёстой” хэмээн 23 давтан та биднийг зандарч байна. Гэтэл сүүлийн үед түүний уран үгийн цуглуулга хэрээс хэтэрч зурагтаар олон түмний өмнө хүмүүсийг устгаж, цээрлүүлэх тухай санаан зоргоороо ярьж явах боллоо. Тэр бүхнийг нь эв нэгдлийн бэлгэдэл, эрүүл сэтгэлгээтэй, саруул ухаантай Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний үг гэж итгэхэд бэрх. Түүний ярьж буйгаар бол олигархиуд, баячуудад зориулсан онцгой ялтай нэг хууль, жирийн иргэдэд зориулсан бас нэг хууль байх юм гэнэ. Тэгээд тэрбум турбум төгрөгийн хохирол учруулбал мянга мянган жилээр хоригдож, мянга, саяар нь хохирол учруулбал нэг хоёр жилийнхээ ялыг үүрээд гарах гэнэ. Энэ яваа нас хамаа алга юмаа гэхэд, хойд нас, түүний хойдын хойд гээд хэдэн үе дамжсан хойд насаараа нөгөө ялыг нь үүрч эдлэх тийм хуультай болох юм байх, энэ нөхрийг сонгочихвол. Соёлт хүн төрөлхтөнд байхгүй үлгэр домгийн хуулийг бий болгоно хэмээн массын тархийг угааж байна. Хүн төрөлхтний түүхэнд Ром, Германы болон Англи Саксоны, эх газрын эрхзүйн бүл гэж хууль эрхзүйн тогтолцоонууд байдаг ба хамгийн хатуу чанга гэгддэг Англи, Саксоны эрх зүйн бүлд ч мянган жилийн хорих ял байхгүй. Энэ эрхзүйн бүлд хамаардаг улсууд бүх насаар нь хорих ял эдлүүлдэг. Харин Монгол улс цаазаар авахгүй бол 30 жилийн хорих ял л өгдөг. Ц.Элбэгдоржийн яриад байгаа мянган жилийн ялыг өнөөг хүртэл ямар ч хүн төрөлхтөн, тэр тусмаа дарангуйлагчид Саддам Хусейн, Ким Чен Ир, Фидел Кастро гээд ер нь хэн ч өгч байгаагүй, өгөх ч үгүй биз. Ц.Элбэгдоржийн хэлээд байгаа тэр олигарх гэдэгт нь өөрийнх нь баруун зүүн суганд багтахгүй мөртлөө дагаж гүйгээд байдаг Х.Баттулга, Н.Батбаяр, Г.Батхүү, Батж.Батбаяр нар орохгүй бол өөр хэн байх билээ. Тэгээд ч Э.Бат-Үүлийн “Олигархиудыг устгая” нийтлэлд ч намынхан дунд нь буй олигархиудын тухай бий.
Өмнөх 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсээр ард түмнийг жийрхүүлсэн. Харин энэ удаа яг түүнтэйгээ утга агаар нэгэн “Олигархиудыг устгана” хэмээн ярьж эхлэв. Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлаж үл болох Үндсэн хуулийн заалт бий сэн. Төрийн толгойд гарч, түмний нуруун дээр мордож л байвал Ц.Элбэгдоржид энэ юу ч биш бололтой. Тэр “гэж үзнэ”, “байх ёстой”, “ирэхгүй”, “нэмэгдэхгүй”, “амьдрал дээшлэхгүй”, “өсөхгүй”, “зогсооно”, “хуулийг өөрчилнө”, “болох ёстой” зэрэг базаахгүй үгийн цуглуулгаараа бидний саналыг худалдаж авч дийлнэ гэж үү?