Wednesday, April 29, 2009

Ц.Элбэгдоржийн байлдаантай кино

Морин дээрээс байлдаантай кино ярих амархан.
Мориноосоо буугаад төрийг засах хэцүү.

Сонгино дахь барилгын цэргийн ангийн ёолкны алиалагч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын олонх сонгогчдыг айлгах, хошгируулах, өөрийгөө хүндэтгэдэг хүмүүсийг бол инээлгэх хэмжээнд уран сайхны түвшингээ дээшлүүлжээ. Атаман цэргүүдэд зориулан ангийн хашаанд кино ярьж явсан бол одоо 21 аймагт гаргаж байна.
Байлдаантай кино нь улс төр, эдийн засаг, хууль, төрийн сэдэвтэй. “Хуягт онгоц Потёмкин”, “Шиндлерийн бүртгэл”, “Адольф Гитлер”, Монголын уран сайхны “Өглөө”, “Ядуусын хорооллын саятан”, сүнс, чөтгөр, айдсын тухай солонгос киноны хэсгүүд, цуглуулгаас бүрджээ. Сэлэм Тогмид, А.Гитлер, В.И.Ленин, хоньчин Найдан, Түгжил зэрэг олон дүр нэгэн дор холилдон гарна. Киноны найруулагч, гол дүрийн жүжигчин, продюсер нь Ц.Элбэгдорж. Түүний олон ангит киног зүрх муутай, даралт ихтэй хүмүүс болгоомжтой үзээрэй. Ялангуяа хүүхдийн хувьд хориотой.
Ц.Элбэгдорж АН-ын бизнес эрхлэгчид, оюутнууд, гишүүдтэй хийсэн уулзалтын тэмдэглэл буюу киноных нь телевизээр гарсан зарим хэсэг, өөрийнх нь хэлсэн үгийг үзэгчийн сэтгэгдэлтэй хамтатган толилуулж байна. Гол дүрийн жүжигчний хэлсэн үгийг тэр хэвээр нь буулгалаа. Ц.Элбэгдоржийн өөрийнх нь амнаас унаж, телевизээр гарсан бичлэг яг мөн болохыг телевиз үзэж амжаагүй, үзэхийг хүсээгүй хүмүүст дахин сануулъя.

Фанфар эгшиглэнэ. Гол дүр тайзнаа гарч ирнэ.
Гол дүр:
-\Дуугаа ихэд шахан\ “Валютын сан” \Олон улсын валютын сан\ ахдаа баярлалаа гээд баярын бичиг мэчгийг нь гоё хийгээд, хадаг мадаг өгөөд ерөөл хэлээд явуулах хэрэгтэй.
Үзэгч:
-Америкуудыг хадаг мадаг, баярын бичиг мэчгээр хөөргөж байгаад хөөнө гэж байх уу? Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшсэн хүн үгээ жаахан бодмоор юм. Засгийн газар Валютын сангаас 229 сая долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирч, 80 сая нь орж ирээд байхад хөөж гаргана гэж байдаг. Сангийн сайд С.Баярцогт хариуцаж хөөцөлдөж байгаа. Наанадаж намынхаа сайдыг, цаанадаж ард түмнээ бодохгүй юм аа. Амь тусдаа л юм байна.
Гол дүр:
-Хүнд суртал дээр гарааны ижил нөхцөлтэй байх ёстой.
Үзэгч:
- Хүнд суртлыг төрд тогтвортой хадгалан үлдээгээд зогсохгүй, дээр нь гарааны ижил нөхцөлд байх ёстой гэнэ үү? Хүнд суртлын гараа гэж байдаг, тэрэн дээр ижил нөхцөл дээр байж, хамтдаа хүнд суртлын ханыг мөргөе гэсэн уриалга байна даа.
Гол дүр:
-Төр гоё бизнесийг нь хийгээд та нар муухай бизнесийг нь хийдэг байхгүй юу... Одоо ойлгосон уу? Одоо ойлгогдож байна уу? Одоо ойлгосон байх аа.
Үзэгч:
- Бизнесменүүдийг ч сайхан доромжиллоо доо. Бүх бизнесменүүд муухай ажил хийдэг...Ресторантай, банктай, дэлгүүртэй, сүүний үйлдвэртэй, вакуум цонхны цехтэй бүх хүн муухай ажил, муухай бизнес хийдэг гэж тоглосон шинжгүй туудгийм байна. Дахин дахин “Ойлгож байна уу, ойлгогдож байна уу?” гээд давтаад байгаа нь бизнес эрхэлдэг бол ухаан дутуу, юмыг нэг хэлэхэд ойлгодоггүй, чих дүлий, оюуны хомсдолтой гэж боддогоос нь болж.

Гол дүр:
- 1,5 сая төгрөгийг мөнгөөр өгч чадахгүй бол талонаар авъя. Тэр талонаар Монгол бүтээгдэхүүн авъя. “Монголд үйлдвэрлэв” дэлгүүртээ “Монголд үйлдвэрлэв” талонаар үйлчлүүлье. Монгол ээжийн оёсон дээлийг авъя. Боорцог, чихэр, хүүхдүүддээ ундаа, бас чөдөр тушаа, төмөр авъя.

Үзэгч:
- Юу уу? Үгүй энэ чинь, эрүүл үү? Ямар бүгдээрээ найр, наадам хийх гэж байгаа биш. Дээл оёдог ээж байхад заавал өөр ээжийн дээлийг авч, эх орны хишгээ үрээд байхдаа яахав дээ. Тийм их мөнгөөр боорцог, чихэр авч яахийн. Зад найрлах уу? Хүүхдүүддээ цүрийтэл нь ундаа авч өгөөд дуусга гэнэ ээ. Сая таван зуугаар ундаа ууна аа. Эх орны хишгээрээ чөдөр тушаа аваад байхдаа яахав дээ. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийнхэн чөдрөөр “яадгийн, тушаагаар юу хийхийн. Нэгнийхээ гар хөлийг хүлж баглах юм уу? Хартай нөхрүүд авгайгаа чөдөрлө” гээд байгаа юм уу, Элбэгдорж минь ээ.
Бүр төмөр ав гэнэ ээ. Хятад руу гаргадаг нь гаргадаг, барилга барьдаг нь барьдаг юм байгаа биз. Иргэд төмрөөр яадаг байна аа? Зодоон цохион хийх юм уу? Байшин шатааж, эвдэлж сүйтгэх, цагдаа зодох зэвсэг болгох уу? Ядаж хаанаа хадгалах юм бэ, тэр их төмрийг. Балкон дээр ч, хашаанд ч багтахгүй. Төмрийн хог, машин онхолдуулж сэгийг хадгалдаг бол өөр хэрэг.
Эх орны хишгийг маань өгүүлэхгүй гэж нэг үзнэ. Өгвөл талонаар авъя ч гэх шиг. Өгүүлэхэд нь оролцохгүй юу, санал кнопоо нэмэрлэхгүй юу. Ямар дайн болсон биш талонаар яах вэ. Ерэн он санагдаж байна. Тэгээд бас төгрөгний оронд төмөр шахах санаатай, хошгируулдаг байна. Сая таван зуун мянгаар труба, төмрийн хүдэр авчихаад тэрүүгээрээ машин хийж уна гээд байгаа юм уу?

Гол дүр:
-Сүхбаатар аймагт ардчиллын залуус засаг бариад, эрчим хүчний 1, 2, 3-р сарын төлбөрөөс иргэдийг чөлөөлсөн байна. 45 мянган төгрөг. Тэр мөнгөөр нижигнэтэл алга ташиж байгаад цагаан сараа хийгээд л.. Хөөе, ямар сайхан байна аа...
Үзэгч:
-Сүхбаатар аймгийнхан цагаан сарыг золгож, амар мэндээ мэдэлцэн, хөөрөглөн тамхилж хийхээ больчихсон юм байх даа. Нижигнэтэл алга ташиж шинэлдэг болоо юу, энэ чинь. Бүтэн аймгийг 45 мянгаар цагаан сарыг бялхтал хийлгээд л, тэгэхдээ бүр золгож биш алга ташиж шинэлдэг болж гэнэ. Мөн ч сайхан залах юм аа. Ярина ярина гэхэд сайхан бууддаг эр шүү.

Намын гишүүн:
-Таныг их ярьдаг гэх юм? Бүтээсэн зүйлээ сайн яриач.
-Би зөндөө хэллээ.\Их ярьдаг юм биш үү гэж асуухаар түүнийг батлан “Зөндөө хэлдэг” ажээ.\ Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Дарга хүн хэлнэ гэдэг хийхийн цондон.

Үзэгч:
-Бүтээсэн байгуулсан гэхээр юмтай юм бол хэлээрээ байхдаа яахав дээ. Хэлээрээ лекц бүтээснээ, хошгируулах үг ярьснаа хэлээд байна уу? Юм хүм долоож барьж байгаад бүтээчихдэг юм болов уу? Циркийн авъяастай л юм байна даа.
Хүн хэлээрээ гэдэг чинь ойлголцох утгыг хэлдэг болохоос хэзээ монгол хүн ажил хийхийг хүн хэлээрээ гэж байсийм бэ. Өөрт нь л зөвхөн хэлээрээ бүтээдэг ажил байдаг байх. Дарга хүн гэж өөрийгөө лут дөвийлгөжээ. Цондон гэдэг чинь муу юмны ёр шүү дээ. Дарга хүн Элбэгдоржийг хэлмэгц л хийхийн цондон үүсээд байдаг бол аймаар юм. За даа, үнэн ч байх аа даа. Энэ нөхрийг цагаан хоолой бариад хэлэхээр 7-р сарын 1-ний цондон үүссэн шүү дээ.

1-р анги төгсөв. Уран бүтээлийн “Элбэг арт галерей” нэгдэлд бүтээв. 2009 он.