Ерөнхийлөгчид нэр дэвшээд байгаа Ц.Элбэгдорж, хоёрын тоо хоёрын хооронд олон хамаарал, хүйн холбоо байдаг ажээ. Залуучуудыг дэмжээд үзье гээд дараа нь амаараа шороо үмхсэн 1996 оны сонгуулийг эс тооцвол, сонгуулийн мэдлэг, туршлагатай болоод байгаа сонгогчид үргэлж түүний харьяалагддаг намыг хоёрдугаар байрт тавих болсон.
Ц.Элбэгдорж хоёр удаа Ерөнхий сайдын сандлаас унасан хүн. Эхний удаад Ерөнхий сайд хийж байхдаа Тогтвортой байдлын гэрээ гэгчийг санаачлан эхлээд “Цайрт минерал”-д, улмаар одоо хэл ам татлаад байгаа “Бороо гоулд”-д эрх олгосон нүгэл түүний намтарт нь хараар бичигдэн үлдсэн байдаг. Хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллах байх үед танхимын 10 сайд нь хамтран ажиллаж чадахгүй гэдгээ мэдэгдэж, Засгийн газар нь огцорч байсан. Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалыг манлайлан удирдаж, Монгол улсыг зах зээлийн, чөлөөт эдийн засаг руу оруулсан л гавьяатай хүн. Энэ бол түүх. Харин үүнээс хойш тэр Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн хөгжилд “тэр нь дээр”, “ийм юмаараа бахархдаг” гээд хэлчихээр юу ч хийгээгүй гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Тэр бол зүгээр л уран илтгэгч. Ярихаас хийдэггүй нэгэн гэдгийг монголчууд хангалттай сайн мэддэг болсон.
Ц.Элбэгдорж хоёр удаа осолд орж, хоёр жолооч нь нас барж байсан тохиолдлыг олон хүн одоо ч гэсэн санадаг. 1998 оны 8 сард Дундговьд төрийн мөнгөөр ан хийж яваад осолд орж, үүний улмаас сумын засаг дарга нас барж байсан. 2007 оны 7 сарын 10-нд Өвөрхангайн Хархоринд дахин осолд орж жолооч нь газар дээрээ нас барсан харамсалтай үйл явдал болж байсан. Хэдийгээр тэр амьд үлдсэн ч хоёрын хоёр ар гэр өрхийн тэргүүнгүй болоод өнгөрсөн харамсалтай явдал гарсан. Энэ нь түүнийг зарим талаар батгана явсан газар балагтай гэдэг шиг, Элбэгдорж явсан газар бүртээ балаг тарьж явдаг гэж хэлэхэд хүргэсэн. Хар мөртэй хүн гэж ярьдаг нь түүнийг нь хэлсэн үг биз ээ. Түүний хар мөр үүгээр дуусахгүй ээ. Түүнийг Засгийн газар толгойлж байх үед хожим нь казиногийн хэрэгт холбогдож, шоронд хоригдсон Хууль зүйн сайд Д.Батчулуун хүнд өвчний улмаас нас барсан бол ирээдүйн Ерөнхий сайд гэгдэж байсан Дэд бүтцийн сайд С. Зориг бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн билээ.
Ц.Элбэгдорж “Болор цом”-д хоёр удаа нэгийн даваа давж байжээ. Цэргийн начин, онигоочин Тэгшээ 11 удаа төрийн наадамд нэг давсан гэж онгирдог шиг тэрээр өөрийгөө “Би Болор цомд шүлгээ өгөөд. Хоёр удаа нэгийн даваа давсан. Би чинь улс төрчөөс гадна, яруу найрагч хүн шүү дээ” хэмээн сайрхдаг нь ийм учиртай.
Мөн Сонгинын Барилгын цэрэгт алба хаагаад халагдахдаа мөрөн дээрээ хоёр зураастай байсан гэдэг. Энэ нь түүний сэлэмтэй улс төр хийх эхлэл болсон гэж хожим нь ярьдаг.
Элбэгээгийн хоёр хойд дүр тодорчээ. Тэр нь О.Магнай, Ж.Батзандан нар. Тэд бол залуу Элбэгдоржтонгууд юм. Элбэгдорж залуудаа Магнай, Батзандан нар шиг хувьсгал хийж, Засгийн эрхэнд гарахыг мөрөөдөж байсан. Тэд хөгшрөхөөрөө Элбэгдорж шиг л болохыг далдхан хүсдэг. Элбэгдорж гудамжны хувьсгал хийж, улмаар хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Төрийн албан хаагчид төрийн албанд олон жил ажиллаж, бага багаар өгссөөр дээш гардаг бол Элбэгдорж гудамжны жагсаалаас шууд Төрийн ордон, улмаар Ерөнхий сайдаар тодорч байсан. Магнай энэ үсрэлтийг нь шүлсээ асгаруулан сонсдог. Гудамжинд жагсаж байсан Магнай нэг өдөр Ерөнхий сайд болсон байна гэж мөрөөддөг. Түүнийг Ерөнхий сайд болсноор төсөөл дөө. Ямар мэдлэг, боловсролтой хүн гэдэг нь тодорхой биш хүн гэнэтхэн хувьсгалаар Төрийн толгойд гарна гэдэг өөрөө их хортой зүйл билээ. Ямар сайндаа Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад нь дор нь ажиллаж байсан нэгэн өндөр тушаалын хүн “Элбэгдорж дарга гудамжинд жагсаал хийж байгаад том дарга болсон. Төрийн албаны шат дамжлагаар яваагүй болохоор Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын албан бичиг хоёроо одоо болтол ялгадаггүй” гэж хэлж байжээ. Цагаан хоолой барьж байсан хүн Төрийн том албанд ирнэ гэдэг энэ мэтээс өгсүүлээд онигоо болдоггүймаа гэхэд олон улсын хэмжээнд хүртэл хүний элэг доог болох аюул байдаг ажээ.
Элбэгдоржийн хоёрын тооны “бэлгэдэл” цааш үргэлжилсээр. Хоёр төрсөн өдөртэй хүн байдаг ажээ. Нэг нь бол яах аргагүй эхээс унасан өдөр нь. Харин нөгөө нь улс төрийн тодорхой бодлоготойгоор өөрөө зохиож найруулсан өдөр аж. Элбэгдорж жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг. Түүний эхээс унасан өдөр нь Иргэний үнэмлэх дээр нь бичсэнээр бол 3 сарын 30 гэж байна. 3 сарын 30 гэдэг 4 сарын 1-ний “битүүний өдөр” тул тэрээр хошин шогийн сэдэв болохгүйн тулд төрсөн өдрөө төөрүүлэх гэж толгойгоо нэлээд гашилгасан бололтой. Тэгээд бодож бодож, хүн амын дийлэнх болсон эмэгтэйчүүд, ээжүүд, зарим талаар хүүхдийн баяр болох хандлагатай байдаг 3 сарын 8-ныг сонгожээ. Санаагаар нь бол 3 сарын 8-нд эхчүүдтэйгээ, энхрий үрстэйгээ хамт тэмдэглэж, тэднийг жилдээ нэг удаа нэг сайн хошгоруулж авъя гэж бодсон учир жилд хоёр удаа төрсөн өдрөө тэмдэглэдэг байна.
Элбэгдоржийн угсаа гарвал ч хоёрдмол сэтгэгдэл төрүүлээд байгаа. Нэг харахад Ховдын хүн ч юм шиг, нөгөө мэдээллийг нь харахад Шинжаанаас гарал нь тодорчихоор ч юм шиг байгаа. Юутай ч энэ талаар удахгүй тодорхой мэдээллүүд гарах байх аа.
1996 онд Ардчилсан нам ялж, Элбэгдорж Ерөнхий сайд болонгуутаа стратегийн чанартайгаар ашиглагддаг улсын мөнгө санхүү, хэвлэл мэдээлэл, цахилгаан холбоог гартаа авъя гэж бодсон байдаг. Тиймээс хоёр банк дампууруулж байжээ. “Ард” банкийг дампууруулчихаад санаа нь амраагүй Сэргээн босголт банкийг зориуд дампууруулж, “Голомт” банктай нэгтгэсэн билээ. “Голомт” банк өдгөө Ардчилсан нам, түүн дотроо Элбэгдоржийн хамгийн том санхүүжүүлэгч хэвээр байна.
Элбэгдорж хоёр удаа хэрэгт холбогдож байжээ. Олон хүнийг хөлдөө чирсэн “Женко” Баттулгын 17 чингэлэг спиртийн хэрэг байна. Энэ хэрэгт холбогдсон Элбэгдорж уснаас хуурай гарч чадсан бол хоёр дахь удаагийн хэрэгтээ тэнсэн харгалзах ял авснаар дуусгавар болсон юм. Сэтгэлийн хөөрөлтэй, цагаан хоолойтой байнга “нөхөрлөж” байдаг хүнд улсын нууц хадгалуулах нь чононд хонь хадгалуулахтай адил зүйл болдог ажээ. Хятадын тагнуулын албадын байршлыг тогтоосон Монголын сөрөг тагнуулын газрын мэдээтэй танилцсан Элбэгдорж зүгээр л гудамжинд гарч цагаан хоолой барьж байгаад задалж орхижээ. Уран илтгэдэг, цагаан хоолойтой тэрээр 1994 онд шүүхээр орж энэ хэрэгтээ тэнсэн харгалзах ял авсан. Ингэж манай сөрөг тагнуулын олон жилийн хөдөлмөр Элбэгдоржийн балгаар нэг өдрийн дотор баларсан. Ийм хүнийг Ерөнхийлөгчөөр сонгож, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтааж, улсын нууцад ойртуулах нь бөх зүрхтэй хүний хийх ажил биш гэж үү?
Ц.Элбэгдорж энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хоёрдугаар байрт жагсах биз ээ. Түүний рейтинг хоёрт явааг Монголын мэдээллийн товчоо, улс төрийн “PR” агентлагийн судалгаа харуулж байна. Тэр хоёрт орсон гэдэгтэйгээ эвлэрэхгүй, шударга бус сонгууль боллоо хэмээн уйлагнах биз ээ. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг дээ.