Sunday, April 12, 2009

Ц.Элбэгдорж Н.Алтанхуягтай, Н.Алтанхуяг МАХН-тай…

УИХ-д суудалтай намууд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан нь өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал явдал байв. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нам нэр дэвшүүлэх эрхтэй ч, хоёр л нэр дэвшигч тодорлоо. УИХ-д суудалтай Иргэний зориг нам, Ногоон нам хоёр энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намыг дэмжиж оролцох шийдвэр гаргасанд олон хүн, магадгүй ард түмний дийлэнх хэсэг баярлав.
Тэдгээр намууд хоорондоо ямар яриа тохироо хийсэн нь бус, Ардчилсан намын санал хуваагдахгүй болсон нь ард олонд чухал байв. Энэ нь ард түмэн ардчилсан Ерөнхийлөгчтэй болохыг хүсч буйн тод илрэл юм. Харин Ардчилсан намд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялах хүсэл байгаа эсэх нь эргэлзээтэй санагдана.
Заримдаа дотоод ардчилалтай юм шиг, заримдаа дотооддоо хагаралтай юм шиг харагддаг Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах үйл явц өнгөнөөс нь харахад харьцангуй ардчилсан мэт байлаа. Хэдэн сарын өмнөөс нэр дэвших хүсэлтээ илэрхийлэн өргөдлөө өгсөн Л.Гүндалайгийн араас таван ч хүн өөрийнхөө “амбийц”-ийг илэрхийлж, горилогчдын тоо зургаад хүрсэн. Тэднээс Э.Бат-Үүл, Г.Батхүү, Ц.Элбэгдорж гурвыг гүйцэтгэх зөвлөл нь дэмжиж, ҮЗХ-нд санал болгосон. ҮЗХ тэднээс Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч болж чадах хүн гэж үзэв.
Хоёр өдөр дамнан хуралдаж, Ц.Элбэгдоржийг сонгосон ҮЗХ-ны хурал хэдийгээр ардчиллын зарчимаар явсан мэт харагдаж байгаа ч цаагуураа зөөлрүүлж хэлэхэд тохироо, зөрүүлж хэлэхэд хуйвалдаан явагдсан талаар гишүүд нь шивэр авир хийлцэж байна. Нэг л өдөр хуралдахаар төлөвлөж байсан ҮЗХ-ны хурал сунжирч хоёр өдөр болсон нь мэдээж тохироо хуйвалдаан явагдсаны тод илрэл. Тэгвэл ямар тохироо явагдсан бэ. Энэ талаар ҮЗХ-ны гишүүн, нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж доорх мэдээллийг өгсөн юм.
Дөрөвдүгээр сарын 02-нд нэр дэвшигчээ тодруулах ёстой байсан ҮЗХ-ны хурал сунжирч дараа өдөр хуралдах болсон нь нэр дэвшигчид хороо найруулж, тохироогоо хийж чадахгүй байснаас болж. Дөрөвдүгээр сарын 03-ны баасан гараг буюу ҮЗХ-ны хурлын хоёр дахь өдрийн өглөө нэр дэвшихээр горилогч Ц.Элбэгдорж Ардчилсан намын болон Алтангадас фракцийн удирдагч Н.Алтанхуягтай тохиролцоонд хүрчээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг ҮЗХ-ны хурлаас авахын тулд ҮЗХ-нд нэлээд олон хүнээ шургуулсан Алтангадас фракцийн саналыг авах зайлшгүй шаардлагатай. Гэтэл нам доторх нам гэгддэг, намын эрх ашгаас фракцынхаа эрх ашгийг дээгүүр тавьдаг Алтангадасынхан саналаа зүгээр ч нэг өгчихгүй. Тэд Ц.Элбэгдоржтой 2012 он хүртэл хамтарсан Засгийн газраар оролдохгүй, мөн дараагийн Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ардчилсан намын даргаар оролдохгүй гэсэн тохироо хийсэн гэж баттай эх сурвалж хэлэв. Энэ тохирооны эх суурь Ц.Элбэгдорж Н.Алтанхуягт Ардчилсан намын суудлыг хэл үггүйхэн өгсөн тэр үеэс тавигдсан гэж эх сурвалж маань үзэж байгаа гэсэн.
Харин Н.Алтанхуяг нэлээд эртнээс МАХН-д “Би Ерөнхийлөгчийн сонгуульд “зөөлөн боорцог” болгож Ц.Элбэгдоржийг оруулая. Та нар намайг 2012 он хүртэл тэргүүн шадар сайдын суудлаас буулгахгүй шүү” гэж шивнэсэн байж магадгүй гэж хардаж байгаагаа ч нуугаагүй.
Уг нь Ардчилсан нам өөрөө ялахаа бодсон бол Э.Бат-Үүлийг дэвшүүлэх ёстой байв. Тэр олны дунд Ц.Элбэгдоржоос хамаагүй өндөр нэр хүндтэй, бас нэр цэвэр. Э.Бат-Үүл нэр дэвшсэн бол ядаж л хүчтэй өрсөлдөгч байж чадах байв. Магадгүй тэдний яриад байгаа ардчилсан ерөнхийлөгч энэ удаа гарч ирэх магадлал өсөх байв.
Нэр дэвшигчид ҮЗХ-нд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад л асуулт, хариулт, санал шүүмжлэл явуулахгүй, яаран сандран шууд санал хураасан нь гишүүдийн санал өөрчлөгдөхөөс айсных гэнэ. ҮЗХ-ны гишүүдийн ихэнх нь шинэчлэгдсэн, шинэ залуу хүмүүс сонгогдсон, тэд өөрийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн гэж байгаа ч хурлын уур амьсгал санал хураалтын дүн хоёр эрс өөр байгаа нь нэгийг хэлнэ.

Х.Уянга