Sunday, April 19, 2009

"АХ" НАР МОНГОЛЫН СОНГУУЛЬД САВРАА ДҮРЛЭЭ

Дөрөвдүгээр сарын 16-ны орой UB Palace-т Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийслэлийн сонгогчидтой уулзалт хийсэн билээ. Гэтэл тэр үед 39-59 УБЧ дугаартай хар өнгийн микробусаар бүлэг оросууд ирж уулзалтын явцыг ажиглан, монгол орчуулагчаар уулзалт дээр үг хэлсэн хүмүүсийн үгийг орчуулуулаад цааш утсаар дамжуулан, фото зураг, видео бичлэг хийжээ. Тэднээс жирийн сонгогчид юун хүмүүс яагаад байгааг нь асуумагц хариу өгөлгүй шурдхийн алга болсон байна.
Гэтэл уг өдөр МАХН-ын нөлөөн дор байдаг сонинуудаар 5 сарын 13-нд ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин Монголд айлчлал хийнэ гэсэн мэдээлэл эрчимтэй тарлаа. Айлчлалын зорилгыг монголчууд шууд таамаглаж байгаа бөгөөд үнэхээр ирдгийн бол үндэсний үзэлтнүүд эрс эсэргүүцэж, жагсаал зохион байгуулахаа мэдэгджээ.
Үүний өмнө Оросын Ерөнхийлөгч Д.Медведев сонгуулийн дүн гараагүй байхад үр дүнг нь нэвт мэдэж байгаа аятай зургадугаар сарын 15-нд Орост айлчлан ирэхийг урьсан илгээлт Н.Энхбаярт ирүүлсэн билээ.
МАХН-ын Бага хурлаар Н.Энхбаярыг "100 хувийн саналаар нэр дэвшүүлсэн" гэдгийн цаад утга учир тодорч эхэлж байна. Саяхан Ховд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт сонинд ярилцлага өгөхдөө сурвалжлагчийн “Шинэ ерөнхийлөгч хэн болох вэ?” гэсэн асуултад “Тэрийг ах нар л шийдэх байх” гэж хариулжээ.
Уг нь хэн Ерөнхийлөгч болохыг "ах нар" биш Монголын ард түмэн л шийддэг юмсан. Оросууд ирэх сонгуулийн үр дүнг өөрсдөдөө ашигтайгаар гаргахын тулд онцгой анхаарал хүч чармайлт тавьж байгаа нь эдгээрээсмэдрэгдэж эхэллээ.
UB Palace-т ирж ажиглалт хийсэн оросуудыг Н.Энхбаярын сонгуулийн зөвлөхүүд гэж эх сурвалж хэлжээ. Тэднийг Maximus хэмээх Монголын компанийн ажилтан Э, Х нар зуучилсан гэдгийг Эх орон намын ажилтнууд нотолж байна. Учир нь, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар тэдгээр оросууд Б.Эрдэнэбатын сурталчилгаанд зөвлөгөө өгч байсан юм байна.