Sunday, April 26, 2009

БОЛОВСРОЛОО БРЭНД БОЛГОСОН УЛСУУДЫН ЖИШГЭЭС




Сургалтын төлбөрөө яаж төлөх вэ гэдэг шаналгаа бол Монгол оюутны гол “проблем”. Монголын их дээд сургуульд сурч байгаа 148 мянган залуус төдийгүй тэдний гэр бүлийнхний өмнө тулгардаг том бэрхшээл. Харин дэлхийн зарим улс орны залуус манайхаас өөр нөхцөлд сурч, боловсрол эзэмшиж байна. Энэ талаарх зарим мэдээллийг хүргэж байна.
Норвегийн улсын сургуулиудад сурахад төлбөргүй
-Сургалтын тоног төхөөрөмж, техникээр маш сайн хангагдсан. Судалгаа хийх зорилготой оюутнуудад маш сайхан боломж гэсэн үг. Мөн чийглэг дулаан уур амьсгал, үзэсгэлэнт байгаль, байгалийн арвин нөөц баялаг ихтэй, ер нь амьдарч суралцахад тун аятайхан. Биотехнологи өндөр түвшинд хөгжсөн, далай тэнгистэй холбоотойгоор загас агнуур, усан онгоцны жолоодлого, хөлөг онгоцны үйлдвэрлэл ихээхэн хөгжсөн учир аливаа судалгаа шинжилгээг эрчимтэй дэмждэг. Одоогоор тус улсад хамгийн их "моод"-нд ороод байгаа, эрэлт ихтэй мэргэжил бол анагаах ухаан, эрх зүй, эдийн засаг, инженерийн шинжлэх ухаан зэрэг болно. Зургаан их, дээд сургууль, 25 коллеж, 2 академи, 2 хувийн дээд сургуультай. Ихэнх хичээл нь норвег хэл дээр явагддаг. Гэхдээ гадаад оюутнууд эхний жилдээ хэлний бэлтгэлд суугаад хэлийг нь сурах боломжтой. Сайхан мэдээ дуулгахад, улсын сургуулиудад нь сурахад үнэ төлбөргүй. Гэхдээ хоол, байрны мөнгөө өөрөө төлнө. Учир нь Норвег бол дэлхийн хамгийн өртөг өндөртэй улсуудын нэгд ордог. Гэхдээ оюутнууд хуулийн хүрээнд ажиллах эрхтэй учир зуны амралт, хичээлээс гадуур хийсэн ажлын цалингаараа энэ зэргийн зардлаа нөхөх бүрэн боломжтой.
Данид бүрэн үнэ төлбөргүй биш ч…
Дани улс эмийн үйлдвэрлэл, компьютер, автомашин үйлдвэрлэл, худалдааны удирдлага, эрх зүйгээр сайн мэргэжилтэн бэлтгэдэгээрээ алдартай. Хамгийн алдартай бөгөөд эртний сургууль нь бүр 1479 онд байгуулагдсан Копенгагены их сургууль. Энэ сургуулийн хууль эрх зүй, сэтгэл судлал, сэтгүүл зүйн хөтөлбөрүүд нь Европт ихээхэн алдартай. Мөн Ольборг, Орхус, Оденс, Роскиллын болон Эзэн хааны нэрэмжит хөдөө аж ахуйн их сургууль, техникийн ихсургууль, инженерийн академи, Копенгагены бизнесийн удирдлагын сургуулиуд нь сургалт сайтайд тооцогддог. Сүүлийн жилүүдэд англи хэл дээр явуулдаг хөтөлбөрүүдийнхээ тоог эрс нэмж байгаа. Төлбөр нь бүрэн үнэ төлбөргүй биш. Засгийн газраасаа татаас авдаг ч гэлээ тодорхой хэмжээний төлбөрийг оюутнууд өөрсдөө төлөх ёстой байдаг.
Шведийн бүх их, дээд сургууль улсын мэдэлд байдаг
Шведийн сургуулиудын нэг онцлог бол аж үйлдвэржилттэйгээ маш нягт уялдаа холбоотой хөгждөг. Сургуулиуд нь хууль эрх зүйгээс авахуулаад машин үйлдвэрлэл хүртэл 200 гаруй магистрын хөтөлбөрийг санал болгодог. Магистрын болон түүнээс дээш зэргийн сургалтууд нь англи хэл дээр явагддаг. Томоохон компаниуд нь ч гэсэн англи хэлээр ажлаа явуулдаг. Нэг онцлог бол Шведэд маш нарийн мэргэжлийн мэргэжлүүдийг эзэмшүүлдэг. Тиймээс магистр, докторын зэрэгт суралцах гэж байгаа бол ажлын туршлага их чухал үүрэгтэй. Бүх их, дээд сургуулиуд нь улсын мэдэлд байдаг. Хамгийн анхны бөгөөд нэр хүндтэй том сургууль болох Уппсалагийн их сургууль нь 1477 онд байгуулагдсан. Одоо 8 их сургуультай. Эдгээр сургуулиуд нь бүх том хотууддаа байрладаг, төвлөрлөө нэлээд задалсан учраас аль ч хотод нь сурах боломжтой.

Финлянд боловсрол үнэ төлбөргүй
Их сургуулиудын зэрэгцээ политехникийн сургуулиуд сургалт явуулдгаараа онцлог. Технологи, харилцаа холбоо, тээврийн чиглэлээр маш сайн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг. Үүний дараа социологи, удирдлага, захиргааны чиглэлийн мэргэжилтнүүд, харин гуравдугаарт нийгмийн үйлчилгээний чиглэлийн буюу эрүүл мэнд, үйлчилгээний ажилтнуудыг сайн бэлтгэдэгээрээ алдартай.
Их сургуулиуд нь улсын мэдлийнх бөгөөд улсаас санхүүжилт авдаг. Нийт 20 орчим их сургууль, 30 орчим дээд сургууль, хүрээлэнгүүдээс бүрддэг. Хельсинкийн их сургууль нь 1640 онд Туркт байгуулагдсан боловч 1828 онд Финляндад ирсэн. Финлянд болон Швед хэл дээр хичээл нь ордог. Мөн англи болон герман хэл дээр ордог хөтөлбөрүүд бас бий. Эдгээр нь сургууль тус бүрээр ялгаатай байдаг. Тиймээс сонирхож буй хүн өөрөө маш сайн хайж судлах шаардлагатай. Боловсрол нь одоогоор үнэ төлбөргүй байгаа.

Германы” Элит их сургууль эх орны чимэг”
ХБНГУ 2005 оны зургадугаар сараас тус улсын Засгийн газар болон муж улсуудын засаг захиргаа хамтран “Элит их сургууль” хэмээх төсөл хэрэгжүүлж эхэлжээ.Уг төсөлд юуны өмнө их дээд сургуулиудад сонгон шалгаруулалт явуулж, эн түрүүнд улсаас санхүүгийн тусгай дэмжлэг авах эрхтэй сургуулиудыг зарлаж, уг тэтгэлэгээ өндөр төвшний судалгаа шинжилгээний ажилд зарцуулах ажээ. Зорилго нь мэдээж дотоодынхоо дээд сургуулиудын судалгаа шинжилгээний ажлын орчныг сайжруулах, гадаадад өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэх, цаашлаад ирээдүйд улс орныхоо хэрэгцээт болон дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа шинжлэх ухааны салбарт хүч хаях, гадаадад өндөр үнэтэй судалгаа шинжилгээний ажилд татагдаад байгаа “германы шилдэг толгойнуудыг аргамжиж авах ”түүгээр зогсохгүй гадаадын тэргүүлэх эрдэмтдийг улс орондоо татах, элит эрдэмтэн давхарга бүрдүүлэх гээд алсын хараатай бодлого хэрэгжүүлж байна.
“Элит Их сургууль” хэмээн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юуны өмнө тус сургууль ирээдүйн судалгаа шинжилгээний ажлын концепцоо тодорхой болгох шаардлагатай болохоос бус сонгон шалгаруулах төрийн комиссыг хахуулдах шаардлага үгүй. Манай магадлан итгэмжлэх комисстой ер адилгүй.
Мөн өөрийн харьяандаа эрдэм шинжилгээний байгууллага, болон тус их сургуулиас удирдаж байдаг судалгааны төв багаар бодоход нэжгээдтэй байх шаардлагатай байдаг байна. Санхүүгийн дэмжлэгийг 5 жилийн турш олгох ба 75 хувийг нь Холбооны Засгийн газраас үлдсэн хувийг нь муж улсын Засгийн газар гаргах ба нийтдээ 1.9 тэрбум орчим евро ажээ.
Хоёр удаагийн сонгон шалгаруулалт явагдаж одоогоор 2006 онд Мюнхэний Их сургууль гэх мэт 3 их сургууль, 2007 онд Берлины Чөлөөт Их сургууль зэрэг 6 их сургууль сонгогдоод байна. Мюнхэний Их сургууль нано технологийн чиглэлээр ихээхэн үр бүтээлтэй ажиллаж байгаа ба Токиогийн Их сургууль, АНУ-ын Калифорны Их сургуультай хамтарч ажилладаг ажээ.

Японы эрдэмтэн бэлтгэдэг ахлах сургууль
Японы Ёокохама хотод энэ жил “Эрдэмтэн бэлтгэх тусгай ахлах сургууль” байгуулжээ. Техник, технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байхыг зорьдог энэ гүрэн эрдэмтдийнхээ залуу халааг элит боловсрол, тусгай программаар тусгайлан бэлдэж ирсний нэг жишээ юм.
Тус сургууль жирийн ахлах сургуулиас тэс өөр орчинд тухайлбал англи хэлний хичээл гэхэд л англи хэлээр шинжлэх ухааны эссэ бичихэд анхаарал нь төвлөрөх жишээтэй. Энэ бас бодууштай асуудал мөнөөс мөн. Байгалийн шинжлэлийн лаборатори нь багахан институтийн дайтай.
Төрөл бүрийн робот гэхэд үзэсгэлэн л гэсэн үг. Заадаг багш нар гэвэл нобелийн шагнал хүртэгсэд очиж лекц унших нь энүүхэнд. Гол нь энэ сургууль шинжлэх ухааны бие хүнийг бэлдэхэд оршино. Шинжлэх ухааны эрх чөлөө, бие даасан байдал, эрдэмтний моралийг эхнээс нь зөв төлөвшүүлж өгөх нь хамгийн чухал.