Tuesday, April 21, 2009

БАГАНУУР ДҮҮРГИЙН ИТХ-Д ТУС ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМААС ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очирын явуулж буй хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан тус дүүргийн Ардчилсан намаас Багануур дүүргийн ИТХ-д доорх шаардлагыг хүргүүллээ.

Уг шаардлагад “Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нь ажил аваад гурван сар ч хүрэхгүй хугацаанд төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, тогтоосон журмыг зөрчин хоёр сая гаруй төгрөг хэтрүүлэн жип машин авч, Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар 10 гаруй сая төгрөгийн акт тавиулжээ.

Гэтэл өнгөрөгч амралтын өдрөөр албаны машиныг согтуугаар жолоодон хувийн зугаа цэнгэл хөөж яваад онхолдуулан түүнийгээ нуун дарагдуулж байна. Ард түмний олгосон итгэл найдварыг хөсөрдүүлсэн энэ үйлдлийг шалгаж, олон түмэнд ил болгон зохих хариуцлагыг хуулийн дагуу хүлээлгэхийг хууль хяналтын байгууллагууд, дүүргийн ИТХ-д олонхийн суудал авсан МАХН болон ИТХ-аас шаардаж байна.
БАГАНУУР ДҮҮРГИЙН АРДЧИЛСАН НАМ ” гэсэн байна.