
Тэрээр өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болох вий сонгуульдаа саналаа өгч, өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн зөвлөж байна
Шри Шри Амьдрах ухаан бясалгалын багш С.Саранцэцэгтэй ярилцлаа. Сайн сайхан зам мөрийн тухай өгүүлж, хичээл заадаг энэ эрхэм улс төрийн ямар үзэл бодолтой явдаг нь уншигчдад маань сонин байх болов уу.
-Сарын дараа Монгол Улс төрийн тэргүүнээ сонгох гээд хүн бүр л улс төрийн талаар санаа бодлоо уралдуулж байна. Таны улс төрийн үзэл бодлыг сонирхох гэсэн юм?
-Хүмүүс бүгдээрээ улс төржих нь буруу гэж боддог юм. Би эмч мэргэжилтэй, нярай хүүхдийн эмч байсан хүн. Гэхдээ энэ нийгэмд амьдарч л яваа иргэн хүн болохоор улс төр сонирхохгүй гээд яахав. Улс төр сонирхохгүй ээ гээд хаях тусам улс төр харин ч тэр хүнийг сонирхоод байдаг гэдэг юм. Миний хувьд өөрийн гэсэн зөв бодолтой хүмүүсийг л улс төрд оролцоосой гэж боддог. Улстөрч хүний гол шинж нь нийгмийн, хүний төлөө гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Чингис хааны үед “Төрөө төвшин, төлөв сайхан авч явъя гэвэл түшмэдээ тэтгэ” гэсэн үг гарсан байдаг юм. Суудлаа, нэр төрөө тэтгэ гээгүй, түшмэдээ, хүнээ тэтгэ гэсэн байна. Харамсалтай нь, өнөө цагт ард түмний төлөө халуун сэтгэл гаргаж чаддаг улстөрч ховор байдаг учраас хүмүүс улс төрийг муухай гэж боддог байх. Хүн өөрөө дарга болоод албан тушаалд оччихсон хойноо хүмүүсийн төлөө санаа тавиад ажилладгаараа улстөрч, бясалгагч хүн адилхан юм. Тэгэхээр улс төр анхны утгаараа бол их хүнлэг байх ёстой. Харин одоо улстөрчид хүнлэг чанараа гаргахгүй байгаа болохоор муухай санагдаад байгаа юм. Өөрийнхөө ойр дотнын, хэрэгтэй гэж үзсэн хүндээ санаа тавьж байгаагаараа улстөрчид өөрсдийгөө их муу, муухай хүмүүс юм шиг нийгэмд ойлгуулаад байна. Би бол улстөржөөд юу базаах вэ, гэхдээ миний амьдралд ямар нэг хэмжээгээр нөлөө үзүүлж л байгаа юм чинь эрүүл ухаанаар, их зөв бодьтойгоор шийдэж чаддаг хэмжээнд улс төрд оролцох юмсан гэж боддог.
-Энэ удаа та Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэмжих бодолтой байна вэ?
-Энэ бол уг нь хувь хүний нууц л даа. Гэхдээ яахав илэн далангүй ярья. Долдугаар сарын 1-нээс хойш миний улс төрийн үзэл бодол их өөрчлөгдсөн. Ард түмэн маань муудалцаад бие бие рүүгээ чулуу шидэж байхад би үнэхээр их бухимдсан. Бид нэг л их төр засагтай, толгойтой юм шиг байсан чинь, ард түмэнд зовлон тулгарахад эзэн байхгүй болчихож байгаа юм чинь. Уг нь бол Ерөнхийлөгч гэдэг чинь эцэг эх шүү дээ. Гэтэл хэцүү үе тулгарахад тэр хүн байхгүй байна гэдэг бол үнэхээр харамсалтай. Тийм болохоор ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ санаа тавьдаг Ерөнхийлөгч гараасай гэж хүсч байгаа. Энэ удаа би Элбэгдоржийн төлөө саналаа өгнө. Тэр өөрөө “Ард түмэнтэйгээ амь нэг Ерөнхийлөгч байна” гэж хэлсэн. Энэ үгийг хэн нэгэн хүн хэлээсэй гэж би хүсч байсан. Иргэн хүнийхээ хувьд би энэ хүнийг Ерөнхийлөгч болоосой гэж бодож байна.
-Та янз бүрийн хүмүүстэй уулзаж, ярилцдаг. Өнөөдөр манай нийгэм ямар байна гэж хэлэх вэ. Нэг хэсэг нь шударга ёс алга гэж байна?
-Нийгмийн нийт гишүүдэд очих ёстой тэр үйлчлэл тодорхой хүрээний хүмүүст хүрч, бусдад нь үйлчлэхээ больсон. Миний хувьд шоронд байгаа хүмүүс, ер нь л нийгмийн янз бүрийн төлөөлөлтэй уулздаг. Тэгэхэд хууль хүртэл дөрөв, таван янзаар үйлчилж байна. Албан тушаалтнуудад, дунд төвшнийхөнд, ядуу хүмүүст өөр өөрөөр, хууль ялгаатай юм шиг харагддаг. Дэлхий дээр хуулийг хууль ёсоор нь байлгадаг орон Герман, Англи хоёр юм шиг санагддаг. Манай хууль хүндээ үйлчлэх талаасаа биш, хүнийг буруутгах тал нь давуу юм шиг санагддаг. Тэгэхээр би иргэн хүний хувьд бол гомдолтой л байдаг. Хууль бол хаана ч хууль чигээрээ л байх ёстой. Албан тушаалтанд зөөлөрч, аргаа барсанд нь чангардаг байж болохгүй л дээ. Бас гарч ирж байгаа улстөрч болгон хуулийг шүүмжлээд л, нөхцөл байдалдаа зохицуулах гээд байж болохгүй гэж бодож байна.
-Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд 20 жил болж байна. Гэтэл манайд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж чадахгүй л байна?
-Ардчилал миний амьдралд их том үүрэг гүйцэтгэсэн. Ардчилал бий болсон учраас би гадаадад 20-иод жил амьдарлаа. Дээр үеийн хөрөнгөтөн гэгддэг оронд би сурсан, амьдарсан. Мөн миний үр хүүхэд ардчиллын хүчээр хүссэн боловсролоо олж авлаа. Дэлхийд гайхагдсан мянганы манлай их хүн Чингис хааныхаа нэрийг ч хэлж чаддагүй байсан. Ардчиллын хүчээр л хэлж чаддаг болж, хөшөөг нь босгочихоод байж байна шүү дээ.
-Таны бодлоор Монголд өөрчлөлт хэрэгтэй байна уу?
-Тийм. Одоо л нэг өөрчлөлт хийгээд ардчилсан Ерөнхийлөгчтэй болох юмсан гэж бодож байна. Надтай олон хүн санал нийлж байгаа байх. Юм болгон өөрчлөгдөж, хөгжиж, дэвшиж явах ёстой. Нэг байрандаа байгаад байж болохгүй, шинэчлэгдэх нь жам ёсны юм. Үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байх ёстой энэ амьдралыг урсч байгаа устай зүйрлэж болно.
-Ардчилсан Ерөнхийлөгчтэй болж, өөрчлөлт хийхийг хүсч байгаа хүн олон байгаа байх. Гэхдээ сонгууль шударга бус болох вий гэж болгоомжилж байгаа хүн ч олон?
-Бясалгалын хүч, хүний төрөлхийн зөн мэдрэмж, амьдралын туршлагаараа би аливаа юмыг тулаад ирэхэд нь палхийж хүлээж авах биш, өмнө нь тэгэх болов уу гэж мэдрээд байдаг болсон. Иргэн хүн өөрийнхөөрөө, чин сэтгэлээсээ сонголтоо хийж байхад сонгууль бүх шатандаа үнэнч байгаасай л гэж бодож байна. Хэрэв ард түмнийг сонголтоо хийснийх нь дараа эсрэгээрээ эргэх юм бол харамсалтай. Сонгуулийн дараа ялагдаж байгаа нь бууж өгөөд, гарч байгаа нь шударгаараа гарвал ард түмэн бид сэтгэл амар байна.
-Ерөнхийлөгч нь ардчилсан хүчний хүн байх нь Монгол Улс дэлхийн төвшинд ардчилсан орон гэж хүлээн зөвшөөрөгдөхөд улам дөхөм боолох байх?
-Ардчилалтай байна гэдэг бол улс төр хөгжиж байгаагийн нэг үзүүлэлт. Үүнийг багалзуурдан дарж унагаах оролдлого битгий хийгээсэй, хүн болгон сонгуульдаа хариуцлагатай оролцоосой гэж хүсч байна. Ганц хувь хүний албан тушаал, намын гишүүн яах вэ, ирээдүйгээ, үр хүүхдээ бодож маш зөв сонголт хийгээсэй. Ингэж сонголтоо хийсэн ард түмнээ хүндлэх ёстой. Нэг удаагийн УИХ-ын сонгуулийн дараа иргэн хүнийхээ хувьд би их гомдсон, сонгуулийн дүн гараад л ирсэн чинь Д.Идэвхтэн дарга телевизээр “Энэ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдэж байгаа юм. Тухайн хүнд, намд сонгуулийн дүн таалагдаагүйн төлөө ард түмнийхээ нүүр рүү нулимж болохгүй шүү дээ. Сонгуульд оролцож, улс төрд гарч, нэр дэвшиж байгаа хүмүүс их хариуцлагатай байгаасай гэж боддог. Аль 1921 онд Жанжин Сүхбаатар “Төрд гарч байгаа хүмүүс төрийн нэрийн өмнөөс ажиллахаас бус, төрөлхийн араншингаараа байж болохгүй” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бүгдээрээ их ухаантай, хариуцлагатай сонголт хийж, төрийн нэрийн өмнөөс ард түмнийхээ төлөө ажиллаж чадах зөв Ерөнхийлөгчтэй болъё. Миний хэмжигдэхүүнээр бол энэ удаад тэр зөв Ерөнхийлөгч нь Элбэгдорж юм.