Sunday, May 3, 2009

С.БАЯР: Монгол Улсын гадаад бодлого, эдийн засагт хор хохиролтой зүйл яригдаад эхэлсэнд Ерөнхий сайдын хувьд санаа зовж байна



Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярын телевизэд өгсөн ярилцлага өгч байр сууриа илэрхийллээ


С.Баяр : Монгол Улсад сонгууль, сонгуулийн сурталчилгаа ид өрнөж байна. Сонгуулийн сурталчилгааны үед Монгол Улсын гадаад бодлого, эдийн засагт хор хохиролтой байж болзошгүй тийм зүйл яригдаад эхэлсэнд би Ерөнхий сайдын хувьд санаа зовж байна. Тухайлан хэлбэл АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ОУВС-тай манай улсын байгуулсан харилцаанд сэв суулгахаар, ОУВС-тай байгуулсан харилцааг таслан зогсоох, өөрийнх нь хэлснээр бол “хадгийг нь өгөөд явуулах хэрэгтэй” хэмээн даажигнасан, тохуурхсан утгатай зүйл ярьсан байна. Энэ бол дэндүү хариуцлагагүй мэдэгдэл гэж би үзэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ. Байр сууриа илэрхийлэхэд хэд хэдэн учир шалтгаан байна. Ямар учир шалтгаан байна вэ?
Нэгд, Монгол Улс 1991 оноос хойш ОУВС-ийн гишүүн нь болж хамтын ажиллагаагаа амжилттай өрнүүлж байгаа. ОУВС Монгол Улсын хөгжил дэвшил, монголчууд бидний амьдрал амьжиргаанд 18 жилийн турш чухал нөлөө үзүүлсээр ирсэн. Олон зуун сая долларыг бидэнд нэн хөнгөлөлттэй нөхцлөөр олгож ирсэн. Нэг гол учир шалтгаан бол энэ юм.
Хоер дахь шалтгаан. Өдгөө дэлхийн олон оронд түүний дотор Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байна. Энэ хямралыг даван туулахын төлөө Монгол Улсын Их Хурал, Засгийн газар, Монгол банк, холбогдох бусад байгууллагууд хүчээ нэгтгээд, хамтраад, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Хямралыг давахын тулд бид давын өмнө дотоод нөөц бололцоогоо шавхах ёстой. Гэхдээ үүний хажуугаар гадаад эх үүсвэрээс бидэнд шаардлагатай байгаа хөрөнгө мөнгийг татах, олох хэрэгтэй байна. ОУВС-тай бид нэлээд урт хугацаанд нэлээн ярвигтай хэлэлцээр явуулсны үр дүнд тодорхой хөтөлбөр тохирч чадсан. Ингээд хямралыг даван туулахад ОУВС-аас Монгол Улсад 225 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Нэн хөнгөлттэй гэж жилийн 0.75 хүрэхгүй хүүтэй зээл юм. Ийм бага хүүтэй зээл дэлхийд өөр хаанаас ч бидэнд олдохгүй. Дээр нь уг асуудлыг ОУВС маш шуурхай шийдсэн. Энэ оны гуравдугаар сарын эхээр бид хэлэлцээрээ явуулаад тэр сарынхаа 30 гэхэд ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр Монгол Улсад хөнгөлөлттэй зээл өгье, Монгол Улсад туслах хэрэгтэй гээд шийдвэрээ гаргасан байдаг.
Гуравт, ОУВС гэдэг бол зөвхөн тэрүүхэн тэндээ үйл ажиллагаа явуулдаг жижиг байгууллага биш, дэлхийн хэмжээний том байгууллага байгаа юм. ОУВС-ийн гаргаж байгаа дүгнэлт, явуулж байгаа бодлогыг дэлхийн банк санхүүгийн томоохон байгууллагууд бүгд хардаг, харгалздаг, дагадаг. Жишээ нь, бидэнтэй хамтын ажиллагаа өрнүүлж байгаа Дэлхийн банк, Азийн Хөгжлийн банк, Европын Сэргээн Босголт, хөгжлийн зэрэг банкууд байна. Мөн ОУВС-ийн нөлөө бүхий гишүүд болсон, бидний том хандивлагч АНУ, Япон улс байна. Герман, Франц зэрэг Европын холбооны гишүүн орнууд ОУВС-ийн бодлогыг, гаргасан дүгнэлтийг хардаг, дагадаг. Тийм ч учраас энэ байгууллагын дүгнэлт, бодлого гэдэг бол бидэнд нэн үнэтэй цэнэтэй байгаа юм.
ОУВС арван найман жил Монгол Улсад тусалсаар ирсэн. Одоо ч энэ айхтар хямралын үед бидэнд туслалцаа үзүүлж байгаа. Бид дотроо Монгол Улсын Засгийн газар, УИХ, Монгол банк хамтраад, гаднаасаа ОУВС-аар дэмжүүлээд хямралтай тэмцэх тодорхой бодлого гаргаж, үйл ажиллагаа явуулсны нааштай үр дүн эхнээсээ гарч ирж байна. Тухайлан хэлэх юм бол он дамжаад, ойж буугаад байсан валютын ханш харьцангуй тогтворжлоо. Инфляцийн хэмжээ бараг хоёр дахин буурсан байна. Мэдээж хэрэг хямрал дуусчихаагүй, цаашид ч үргэлжилж л байна. Нэлээд хүндрэл бидэнд учруулж байна. Цаашдаа ч учруулах бололтой. Гэхдээ дээр хэлсэнчлэн нааштай хандлага бас байна. Энэ хандлагаа бид сааруулах биш бэхжүүлж авах ёстой.
Гэтэл ОУВС хэмээх нэр хүндтэй энэ байгууллагын талаар Ц.Элбэгдорж нэр дэвшигч “ОУВС ахдаа одоо баярлалаа маярлалаа гэдгийг нь хэлээд, хадгийг нь өгөөд явуулах хэрэгтэй” гэж хэлж байгаа нь юу гэсэн үг вэ ? Алиалаад ч байгаа юм шиг, тохуурхаад ч байгаа юм шиг ийм яриа бол дэндүү болчимгүй, дэндүү хариуцлагагүй мэдэгдэл болжээ гэж үзэж байна.
Харамсалтай нь, зөвхөн энэ ч биш, зөвхөн ОУВС-тай холбоотой асуудлаар нэр дэвшигч Ц.Элбэгдорж үндэслэл суурь багатай, учир дутагдалтай тийм зүйл яриад байгаа юм биш бололтой. Өөр олон асуудлаар эргэлзээтэй, хариуцлагагүй зүйл олон ярьсан байна. Жишээлбэл, нэр дэвшигч Ц.Элбэгдорж “ сүүлийн 400 жилийн түүхэнд Монгол Улсын төсвийн тэнцэл намайг Ерөнхий сайд байхад л ашигтай гарсан. Би авилгатай, МАХН-ын авилгач нартай тэмцсэн учраас ингээд төсөв маань алдагдалгүй гараад ирсэн юм” гэсэн утгатай юм ярьжээ.
Монгол Улс хэдэн зууны өмнө, 400 жилийн тэртээ улсын нэгдсэн төсөвтэй байсан эсэх, түүний тэнцлийг яаж гаргадаг байсан талаар түүхчид илүү нарийн хэлнэ биз дээ. Миний мэдэж байгаагаар бол Монгол Улсын нэгдсэн төсөв гэдэг ойлголт 1924 оноос хойш бий болсон байдаг. Бүгд Найрамдах улсаа тунхагласнаас хойш Монгол Улс маань улсын нэгдсэн төсөвтэй болж, түүний орлого, зарлага, алдагдал, ашгийг нь тооцдог болсон байдаг. Түүхэн баримт нь энэ юм. Тэгэхээр “400 жилийн түүхэнд би ганцаараа зүтгээд алдагдалгүй төсөв гаргаад ирлээ” гэж ярих нь наанадаж дэндүү даруу биш юм.
Нөгөөтэйгүүр авилгалтай тэмцээд, ялангуяа МАХН-аас үүсэл гаралтай авилгачтай тэмцээд төсвийг ашигтай гаргаад ирлээ гэж хэлж байгаа нь үнэн бодит байдалд нийцэхгүй. ОУВС, Дэлхийн банкнаас хийсэн дүгнэлт энэ байна. 2005, 2006, 2007 онуудад Монгол Улсын төсөв үнэхээр харьцангуй ашигтай гарсан. Гэхдээ үүний гол учир шалтгаан нь ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсантай шууд холбоотой. Тухайлан хэлэх юм бол зэсийн үнэ байна. 2005 онд энэ мэдээнээс үзэх юм бол зэсийн үнэ жилийн дундаж үнээр 2.9 мянган ам.доллар байснаа 4.6 мянга болж өсжээ. Цаашлаад энэ үнэ 6000, 7000, 8000 ам. долларт хүрсэн байдаг. Тиймээс зэсийн үнийн өсөлт бол улсын төсвийн тэнцэл маань ашигтай гарсны гол учир шалтгаан нь юм. Авилгатай тэмцэх, тэмцэхгүйтэй энэ нь огт холбоогүй.
Авилгын тухай ярих бол энэ нь манай улсад үнэхээр нийгмийн бүх шат давхаргыг хамарсан ноцтой зүйл болсон. Түүнийг хэтэрхий хялбарчилж ойлгуулах гэх юм уу, эсвэл ганц хүн, жишээ нь Ерөнхий сайд хүн ганцаараа тэмцээд л болчихдог, улсын төсөв нь ч ашигтай гараад ирдэг гэсэн ийм ойлголт өгөх нь буруу л даа. Энэ авилга гэдэг ноцтой үзэгдэлтэй бид эрх зүй, эдийн засаг, улс төр, ёс зүй гээд бүхий л талаараа, нийт нийгмээрээ тэмцэж байж амжилтанд хүрэх учиртай.
Тэгэх тусмаа авилгыг намын харъяаллаар нь ялгаж, аль нэг намын гишүүд нь бүгдээрээ авилгач гэх мэтээр ярих нь зүйд нийцэхгүй. Тээр жил манай намын Их хурал хуралдаж байх тэр үед Ц.Элбэгдорж “тэчнээн авилгач хуралдаж байна” гэж бүхэл бүтэн намыг, намын Их хуралд сонгогдсон төлөөлөгчдийг гүтгэн доромжилж байсан удаатай. Одоо ч гэсэн гүтгэлгийн энэ сэдвээ үргэлжүүлээд л, ийм болчимгүй зүйл ярьж яваа юм байна.
Авилгатай холбоотой нэг тодорхой зүйл нэр дэвшигч Ц.Элбэгдож ярьсан гэсэн. Аль аймагт юм бэ дээ өндөр хүчдэлийн шугам татах гээд нийтдээ 17 тэрбум төгрөг зарцуулсан. Түүнээс 5 тэрбумыг л тэр өндөр хүчдэлийн шугамыг барихад зарцуулаад 12-ыг нь халаасалсан гэдэг ийм зүйл ярьсан байна лээ. Хэрэв ярьсан энэ зүйл нь үнэн бол энэ бол ноцтой баримт. Үүнийг зүгээр л аль нэг уулзалтан дээр сонин болгож ярьдаг зүйл биш. Хэрэв тийм баримт байгаа бол энэ баримтыг нэр дэвшигч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд надад, аль эсвэл хууль хяналтын байгууллагад, цагдаа, прокурор, Авилгалтай тэмцэх газарт ч юм уу өгч шалгуулах ёстой. Хэрэв ийм мэдээллийг өөрөө мэдээд, нуугаад яваад байгаа бол энэ өөрөө гэмт хэрэг. Харин ийм зүйл гараагүй байхад зохиож ярьж байгаа бол энэ бол гүтгэлэг.
Сонгуулийн сурталчилгааны үед нэр дэвшигчид сонгогч олон түмэнтэй уулзаж өөрийнхөө үзэл бодол, дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөрийг ярьдаг л даа. Хувь хүн бол хувийн бодлоо ярьж илэрхийлж болно. Гоё уран ярих гэж бас хичээж болно. Гэхдээ гоё ярилаа гээд худлаа хэлж болохгүй. Уянгын халил гэдэг ч юмуу, уран хэтрүүлэг ч гэдэг юмуу энэ бол ярианд байдаг л зүйлүүд. Гэхдээ уянгын халил хийж байна гээд улс төрийн бодлогыг гуйвуулж, завхруулж ярьж бол болохгүй. Тэгэх тусмаа төрийн сонгуульд оролцож байгаа хүн төрдөө хортой, төрийн бодлогоос гажсан зүйл ярьж болохгүй. Монголдоо илүү элэгтэй хандах ёстой гэж хэлмээр байна.
Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж бол Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан хүн, мөн манай улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн гишүүн байсан хүн. Тийм учраас монгол төрийн бодлогын мөн чанар, зорилго, онцлог гэж юу байдгийг мэдэх ёстой. Гэтэл төрийн бодлого, өөрийг нь дэвшүүлсэн намынхаа бодлогоос дэндүү хальж, хувийнхаа бодлыг уянгын халил, тайзны авъяастайгаа хольж хутгаад, элдэв юм яриад байх нь зохимжгүй гэж би үзэж байна.
Ерөнхий сайд миний хэлж байгаа энэ зүйлийг АН-аас нэр дэвшсэн Цахиагийн Элбэгдорж зөв хүлээж авч, зөв ойлгож, зөв дүгнэлт хийх байхаа гэж би найдаж байна. Нэрийг нь дэвшүүлсэн АН ч гэсэн бас нэр дэвшигчдээ зөвлөх бизээ гэж итгэж найдаж байна. Хямралтай тэмцэх төлөвлөгөөг МАХН, АН-ын хамтарсан Засгийн газраас бодож, боловсруулж, хэрэгжүүлж байгаа ийм бодлого шүү дээ. ОУВС-тай хийсэн хэлэлцээрийг манай Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, АН-ын гишүүн С.Баярцогт, Монгол банкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нар маш идэвхитэй ажиллаж богино хугацаанд байгуулсан ийм хөтөлбөр. Энэ хоёр бол үнэхээр сайн ажилласан гэж би хэлмээр байна. Хямралтай тэмцэх бодлогыг маань УИХ дэмжиж зөвшөөрснөөр энэ бол төрийн бодлого болсон зүйл. Тиймээс төрийн бодлогод нийцэхгүй, манай гадаад харилцааны нэг гол түнш болсон ОУВС-д эвгүй дуулдахаар тийм зүйл ярьж байгаад нэр дэвшигч Ц.Элбэгдорж дүгнэлт хийх нь зүйтэй.
Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр яригдаж байгаа зүйлийг мэдээж хэрэг манай Монголын иргэд, сонгогчид анхааралтай сонсож байгаа. Гадаадад ч бас сонсож байгаа шүү дээ. Тийм учраас төрийн сонгуульд төрийн түшээгийн хувьд хариуцлагатай хандаач ээ гэж би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд зориуд хэлэх нь зүйтэй гэж бодож, та бүхэнд хандаж байна.