Tuesday, May 19, 2009

Мафийн ертөнцийн үнэн түүх






Дэлхий дахинаа нэр алдар нь мөнхлөгдсөн Мафи-ын толгойлогч нарын тухай, тэдний үнэн түүх...





Коломбо



Нью-Йоркийг атгадаг байсан таван бүлгийн нэг нь Коломбынх. Гэхдээ Коломбынхныг Профаци нэртэй байсныг хүмүүс төдийлөн мэддэггүй. 1963 онд Жозеф Коломбо толгойлогч болсноор бүлгээ түүний овгоор нэрлэх болжээ. Мафийн түүхэнд түүн шиг сайн толгойлогч ч байгаагүй гэдэгтэй олон хүн санал нэгддэг.

Жозеф бусад толгойлогчийн адил хүмүүсээс нуугдах гэж яардаггүйгээр барахгүй мөрдөх товчооныхон араас нь мөшгихөд бултаж, зугтдаггүй байж. Бүр нэг удаа Нью-Йоркийн мөрдөх товчооны гадна талбайд жагсаал зохион байгуулж байсан гэдэг. Эл эрс шулуун зан нь таалагдсанаас ч тэр үү, ямартаа ч төрийн түшээдийн ихэнх нь түүний талд орж, тусалж дэмждэг байж. Зөвхөн гэмт хэргийн ертөнц ч бус, Америкийн ард түмний анхаарлын төвд байсан Коломбыг хөнөөсөн аллагын ард хэн байсан нь өнөө хэр нь оньсого хэвээр үлдсэн байдаг. Тэрбээр Итали, Америк бүлгийнхний цуглааны үеэр толгойн тус газраа гурвантаа буудуулж, нас баржээ.



“Генерал Этторни биднийг үзэн яддаг. Түүний ард Ерөнхийлөгч байсан байх гэж боддог юм. Би эх орноо өндөр зохион байгуулалттай улс болгохсон гэж хүсдэг. Хамгийн эрүүл нийгэм бол ард түмэн нь биднийг шоронд байгааг ч үл харгалзан хийсэн бүхнийг минь бахаддаг нийгэм.”
- Жое Коломбо



Гамбино


Нью-Йоркийн гэмт хэргийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг таван бүлгийн нэг нь Гамбиногийнх. Тэрбээр 1950-иад оноос хойш амьдралаа мафитай холбожээ. Тухайн үедээ түүний гэр бүл Нью-Йоркийн хамгийн нөлөө бүхий гэр бүлийн нэг байсан гэдэг. Гэнэт л хэн нэгэн Дон Карло Гамбино хэмээн тунхагласнаас хойш өнөөдрийг хүртэл энэ л нэрээр түүний бүлэг оршин тогтносоор байгаа аж. Тэрбээр 1957-1976 онд бүлгийн толгойлогч, түүнээс хойш бүлгүүдийн тэргүүн болжээ. Эдгээр жилүүдэд тэрбээр жилд 500 сая долларын ашиг олдог байсан бөгөөд хэвлэл мэдээлэл, гэмт хэргийн ертөнцөд зартай нэгэн болсон байна.



“Шүүгч, хуульч, улс төрчдөд хулгай хийх эрх бий. Харин бидэнд ямар ч эрх хэрэггүй.”
- Карло Гамбино



Капонe

Цуутай дээрэмчдийн нэрсийн жагсаалтад Альфонзе Габриэль Капонегийн нэрийг багтаалгүй өнгөрөх аргагүй. Түүний хочийг “сорвит” гэх. Бага залуудаа Нью-Йоркийн мафийн толгойлогч Фрэнк Галлучио охин дүүгээ доромжлуулсныхаа төлөөс болгон нүүрийг нь сийчсэн нь тэр аж. 1921 онд Капоне Чикаго хот руу нүүж, тэндхийн дээрмийн бүлэгт элсчээ.

Төд удалгүй түүний нэр хүнд улам бүр өсч, улмаар Чикагогийн цагдаа, шүүх, бүр засаг захиргааг ч мэдэлдээ оруулсан гэдэг. Тиймээс “Капонегийн шилтгээн” хэмээн хүмүүсийн нэрлэж заншсан “Лексинтон” зочид буудалд амьдарч, бүгдийн нүдний өмнө үйл ажиллагаагаа явуулдаг байж.



“Америкийн дэглэм бол биднийх. Түүнийг Американизм гэнэ үү, социализм гэнэ үү, дураараа л бол. Бидний хэнд ч гэсэн боломж олговол түүнийг бүрэн ашиглаж, хөлсөө дуслуулан хөдөлмөрлөх болно.”
- Аль Капоне



Луциано

Азтай Чарльз Луциано дээрэмдийн дундаас хамгийн алдартай нь. 1929 он түүний хувьд азтай, бас аймшигтай жил болсон байдаг. Учир нь түүнийг гурван этгээд хулгайлан, тамлан зовоож, ухаангүй болоход нь далайн эрэгт хаясан гэдэг.

Азаар амьд гарсан Луциано “азтай” хэмээх хоч авсан нь ийм учиртай. Энэ явдлаас хойш нүүрэндээ сорвитой болсон нь мафийн хамгийн нөлөө бүхий хүн болоход нь тус болсон гэж хожим нь тэрбээр дурссан байдаг. Түүнээс гадна тэрбээр толгойлогч Жое Массериагаа хөнөөж, суудлыг нь эзлэхдээ “capo di tutti capi” /Боссын босс/ хэмээн өөрийгөө өргөмжилсөн нь түүхэнд нэрээ мөнхлөхөд нөлөөлсөн гэж судлаачид үздэг.

“Би үхэн үхэтлээ шударга болон шударга бус явдлыг ухаалгаар хослуулахад суралцаж байна.”
- Азтай Чарьз Луциано (жинхэнэ нэр нь Сальвадор Луциана)