Thursday, May 7, 2009

БААБАР, Ц.ЭЛБЭГДОРЖ НАР ХАЛЗ МЭТГЭЛЦСЭН НЬ


“Ард түмний өмнөөс ярих эрхтэй ганцхан
субъект нь Ерөнхийлөгч л дөө”
Баабар . /gogo.mn-д өгсөн ярилцлагаас/

Улс төрийн олон ангит, ярьдаг киноны
1,2 дугаар ангийн тойм, сүүлчийн хэсгийн шүүмж

1, 2 дугаар ангийн тойм

Ц.Элбэгдоржийн ярьсан улс төрийн олон ангит, ярьдаг кино Солонгосын савангийн дуурь “Эхнэрийн урхи”-тай хит парадын 1 дүгээр байрын төлөө өрсөлдөж байна. Засваргүй, ам бариагүй, өмнөөс нь дуу оруулаагүй, өөрийнхөө ярьсныг өөрөө няцаасан өвөрмөц кино үзэгчдийг хөгжөөсөөр байгаа юм. Баар, ресторанд залуус нирхийтэл инээлдэн, нэгнээсээ “Элбэгээгийн шогийг үзсэн үү?” гэж асуудаг болсон байна.
Ц.Элбэгдоржийн “Сайн хүн гэж муу хүнийг хэлнэ. Сайн хүн гэж сайн юм хийдэг хүнийг хэлдэггүй юм аа...Өдрийн жаргал эдлэе гэвэл загасанд яв. Сарын жаргал эдлэе гэвэл хүнтэй гэрлэ, охидууд аа. Үсрээд л сарын жаргал...” гэх зэрэг утга авцалдаагүй, хүнтэй ганцхан сар гэрлэн, загасанд явах зэрэг эротик маягийн лекцүүдээр улс төрийн олон ангит кино үргэлжилнэ. Киног ямар нэг засвар оруулсан, дуу оруулсан кадраар биш Ц.Элбэгдоржийн өөрийнх нь бодит яриа, видео бичлэгийн хөдөлшгүй баримтаар бүтээсэн нь сонирхолтой болгожээ. 1 дүгээр ангийн үйл явдал нь уулзалтан дээрх Ц.Элбэгдоржийн утга авцалдаагүй яриагаар бүтээсэн. 2 дугаар анги нь Оюутолгойн сэдэвтэй. Оюутолгойг гадаадынханд өгч Монголоо худалдсан шоу болсон, олигархийн хамгийн сонгодог жишээ гэж Ц.Элбэгдорж ярих бөгөөд Ерөнхий сайд байхдаа өөрийн биеэр “Баянгол” ресторанд 2005 оны 1 дүгээр сарын 26-нд “Айвенхоу Майнз” компанийн захирал Роберт Фрийдландад талархлын батламж гардуулсан шоуны бичлэгээр үргэлжлэн төгсдөг юм.

“Ичээнд нь” буюу З дугаар ангийн шүүмж

Нийтлэлч Баабар шударга гэж юу гэсэн үг болох, ард түмний нэрийн өмнөөс хэн ярих эрхтэйг нотлох, девтаатууд сонгогдохын тулд зурагтаар алиалах учир холбогдлын талаар ярина. Баабар, Ц.Элбэгдорж хоёр зарчмын зөрүүтэй байгааг нэр дэвшигч болон нийтлэлч лекц, ярилцлагын видео бичлэгээр харьцуулан илэрхийлжээ.

Ц.Элбэгдорж: Шударга байцгаая аа. Шударга байя аа \Гараа өргөн, нүдний харц тааз өөд чиглэв\

Баабар: Шударга гэж юу гэсэн үг юм бэ? \Инээнэ\ Чи намайг харахаар шударга, тэндээс харахаар шударга биш л болоод явчихна ш дээ. Бүх юм л хуулийн хүрээнд байх. Тэгж л ярина уу гэхээс шударга гэж юу гэсэн үг юм бэ \Инээнэ\

Баабар: Монголд чинь ерөөсөө ард түмний өмнөөс хуулийн дагуу төлөөлөх ганцхан хүн байгаа ш дээ, Ерөнхийлөгч л дөө.

Ц.Элбэгдорж: Энэ бол миний ард түмнээс авч байгаа мандат. Миний ард түмний хамгийн том хөрөнгө оруулалт.

Баабар: Дэвших гэж байгаа хүн чинь зурагтаар бас нэг алиалах хэрэгтэй ш дээ, тийм ээ. Секунд нь 3500 төгрөг.

Ц.Элбэгдорж: Бохь өгнө, энэ нөхөр хаяна, тэгээд зургийг нь авна, тэгэхээр нь реклам хийнэ \Ха ха ха\

Киноны үндсэн текст нь ийм. Ц.Элбэгдорж “Шударга байцгаая аа” гэж уриалж байгааг Баабар “Шударга гэж юу гэсэн үг юм бэ?” хэмээн шууд үгүйсгэх зэргээр нэг намын энэ хоёр улс төрчийн эрс тэс зөрүүг үзүүлснээрээ кино сонирхолтой болжээ. Н.Энхбаярын “Ард түмний Ерөнхийлөгч” уриаг Баабар 100 хувь дэмжээд зогсохгүй Ц.Элбэгдоржийг ард түмний өмнөөс ярих эрхгүй гэж хэлээд өгч байна. Девтаат болохын тулд зурагтаар алиалах хэрэгтэй гэсэн нийтлэлчийн үгийг Ц.Элбэгдоржийн кино ярьсан хөгжөөнт дүрс нүдэн дээр баталж өгөх юм. Энэ өдрүүдэд Баабар зохиолыг нь бичсэн “Нянгар хаданд гарсан нь” уран сайхны кино ч театрт гарч байна. Зурагт ч гардаггүй, сонин ч очдоггүй холын сумаас ирсэн уран үгтэй банди санаандгүй Ерөнхий сайд болж байгаа үйл явдал гардгаараа Ховдын Зэрэгээс гаралтай, мөр толгой холбосон яриатай Элбэгдоржийн дүрийг тод томруунаар илэрхийлжээ.
“Элбэгкино” студи Монголын баримтат кинонд шинэ өнгө төрх оруулж байна. Товч, сонирхолтой, хөдөлшгүй баримттай нь энэ киноны онцлог. Кино үргэлжилж байна.
Кино судлаач Ш.Соронзон