Thursday, May 7, 2009

Бясалгалын багш С.Саранцэцэгийн мөнгө хөөсөн улстөржилтөд Энэтхэгээс эсэргүүцэл бичжээ




“Миний шавийн бусдыг үзэн ядах сэтгэл нь багшийгаа хүндлэх сэтгэлээс давсан байна”. Энэтхэгийн гэгээн Рави Шанкер Монголд ирээд буцахдаа шавьдаа ийм хатуу үг хэлж байжээ. Монгол дахь “Шри Шри амьдрах ухаан бясалгалын төв”-ийг тэргүүлдэг С.Саранцэцэгт тухайн үед багштайгаа уулзахгүй зугтах ямар шалтгаан байсан юм бол.
“Хурд” хамтлагийн ахлагч “Урлаг нам, лам хоёроос л хамгийн ангид байх ёстой” гэж хэлж байв. Харин бясалгалын багш С.Саранцэцэг энэ зарчмыг хамгийн их завхруулсан хүнээр тодорлоо. Тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаанд оролцон лекц уншиж бясалгал хийж явна. Бясалгалын багш аль амаараа амар тайван, сэтгэл төвшин амьдралын тухай айлтгаад аль амаараа ард түмнээ талцсан хэрүүлд уриалан дуудаж байна вэ.
“Шри Шри амьдрах ухаан бясалгал” олон оронд хүчтэй хөгжиж байгаа ашгийн бус, улстөрждөггүй, боловсрол гэгээрлийн үйлчилгээ үзүүлдэг олон улсын байгууллага. Улстөрөөс хол байх учиртай бясалгалын багш өнөөдөр нэг намын сонгуулийн сурталчилгаанд оролцож, бясалгалыг улстөрийн зорилгоор ашиглаж байгааг Энэтхэгт төвтэй “Шри Шри Рави Шанкар” байгууллагынхан эсэргүүцэж байгаа аж. Энэхүү үйлдэл нь байгууллагын дотоод дүрэм журмыг илт зөрчсөн тухай мэдэгдэл ирүүлжээ.
Мэдэгдэлд:
-Амьдрах ухаан байгууллага нь ашгийн бус, боловсрол гэгээрлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 145 оронд үйл ажиллагаа явуулж байна. Үндэстэн ястан, шашин шүтлэг нийгмийн гарал үүсэл хамаарахгүйгээр хүн төрөлхтний үнэт зүйлс, оюуныг түгээх үйлчилгээгээр эх дэлхийгээ илүү сайн сайхан болгохоор ажиллаж байна. Манай байгууллага нь аливаа улс орны улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй, тэдэнд хамаарагдахгүй гэсэн зарчим баримтлан ажиллах ёстой гэж дурджээ.
Улс төр, бясалгал хоёр уг нь хоорондоо гал ус шиг харш зүйл билээ. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн АН-ыг дэмжигч эмэгтэйчүүдтэй хийсэн уулзалтын үеэр С.Саранцэцэг багш улс төрийн бясалгал хийж дүвчигнэжээ.
Ашгийн бус байгууллагын нэрийг барин ашиг харж, мөнгө хөөцөлдсөн бясалгагч зүгээр ч нэг лекц уншсангүй, тайзан дээгүүр нэр дэвшигчээ үг хэлж байхад урдуур хойгуур хэд хэдэн удаа гүйж тавтиргүйтэн Ц.Элбэгдоржийн уурыг баржээ. Нэр дэвшигчээ биш өөрийгөө улайран сурталчлах түүний энэ үйлдэл олон хүнд таалагдсангүй.