
Дархан-Уул аймгийн Оюуны-Ирээдүй дунд сургуулийн бага ангийн багш Б.Гантулга:
Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг бус жирийн иргэн намайг доромжилж, миний эрх чөлөөнд халдлаа
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж байгаа Намбарын Энхбаярыг Дархан-Уул аймагт иргэд хөдөлмөрчидтэй уулзах үеэр Оюуны-Ирээдүй дунд сургуулийн багш Б.Гантулга Н.Энхбаярыг дэмжиж “Үнэхээр нэг хэсэг хүмүүс нь хий хоосон ярьж л байг. Нөгөө хэсэг хүмүүс нь таны хэлснийг үгүйсгэж л байг. Гурав дахь хэсэг хүмүүс нь таныг муулж л байг. Харин та ажилласаар байгаа. Цаашид ч сайн ажлаарай” хэмээн хэлсэн аж. Гэтэл АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабынхан Б.Гантулгын дүрсэн дээр ам барьж, түүний хэлээгүй зүйлийг хэлсэн болгож цацжээ. Энэ мэдээлэлд залруулга хийхээр Дархан-Уул аймгийн багш Б.Гантулга нийслэл хотод ирж хэвлэлийн баг хурал хийлгэсэн юм.
-Та Ерөнхийлөгчийг дэмжиж энэ үгээ хаана хэлсэн юм бэ?
-Одоогоос хориод хоногийн өмнө манай Дархан-Уул аймагт МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр очиж иргэдтэй уулзсан.Энэ уулзалтанд би багш нартайгаа хамт очсон юм. Н.Энхбаярыг “ Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлсэнд баярладаг маш олон эцэг эх, хүүхдүүд, багш нар байдаг. Тийм учраас би тэднийг төлөөлж, баярлаж явдгаа Н.Энхбаярт хэлье гэж бодсон. Уулзалтын үеэр би “Ерөнхийлөгчөө хүний мөрөөдөл үнэхээр биелдэг юм байна. 2005 оны 1 сард би Японд очиж байхад Японы Засгийн газар 1-12-р ангийн бүх сурагчиддаа “Үдийн хоол” үнэгүй өгч байсан. Үүнийг хараад үнэхээр их гайхаж, “Миний хүүхдүүд хэзээ үнэгүй хоол иддэг болно” доо гэж бодож байсан. Гэтэл миний энэ мөрөөдөл биеллээ. Таны санаачилсан “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжиж, хүүхдүүд маань өнөөдөр хичээл дээрээ өлсөж, цангахгүй, үдийн цайгаа ууж байна. Ходоод хоосон хүн зөв сэтгэж, уураг тархи нь ажиллаж чадахгүй шүү. Амьдралд хэрэгтэй, ард түмэнд өгөөжтэй ажил хийж чаддаг, их оюунлаг хүн юм даа гэж гэж таныг үнэлж явдаг шүү” гэдгээ л хэлсэн. Төгсгөлд нь “Үнэхээр нэг хэсэг хүмүүс нь хий хоосон ярьж л байг. Нөгөө хэсэг хүмүүс нь таны хэлснийг үгүйсгэж л байг. Гурав дахь хэсэг хүмүүс нь таныг муулж л байг. Харин та ажилласаар байгаа. Цаашид ч сайн ажлаарай. Танд амжилт хүсьё” гэж хэлсэн. Гэтэл өнөөдөр миний хэлсэн энэ үгийг АН-ынхан мушгин гуйвуулаад орон даяар цацаж байгаад үнэхээр их гомдолтой байна.
-АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн сонгуулийн штабаас бэлтгэж байгаа “Шударга мэдээ” нэвтрүүлгээр энэ мэдээллийг цацсан. Та тэр хүмүүстэй уулзсан уу?
-Ц.Элбэгдорж “Шударга байцгаая” гэж уриалж байгаа. Орой бүр л “Шударга мэдээ” гэсэн нэвтрүүлэг орон даяар цацаж байгаа. Шударга байхыг ингэтлээ их уриалаад байгаа ч Ц.Элбэгдорж үнэхээр шударга бус зан гаргалаа. Миний дүрсийг ашиглаад “Тэрбумыг идсэн. Авилгал авсан, Та идсээр ирсэн, идэх ч болно” гээд өөр хүний дуу оруулчихсан байсан. Хүний үгийг ингэж гуйвуулж болохгүй биз дээ. Ц.Элбэгдорж миний дүрсийг ашиглаад Н.Энхбаяр гэдэг хүнийг доромжилж байна гэж бодож байгаа байх. Тэгвэл Ц.Элбэгдорж гуай андуурч байна. Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг бус жирийн иргэн намайг доромжилж, миний эрх чөлөөнд халдаж байна шүү дээ. Монгол улсын Үндсэн хуулинд “Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй” гээд заачихсан байгаа. Тэр эрхээ л би эдлэж үзэл бодлоо илэрхийлсэн. Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа, өөрийгөө Ардчилсан Ерөнхийлөгч болно гэж зарлаж байсан хүн өнөөдөр Ардчиллынхаа энэ зарчмыг уландаа гишгиж, жирийн иргэн хүнийг улс төрийн тоглоомондоо татаж оролцуулахын тулд дүрсийг минь ашиглаад, ам бариад шал худлаа зүйл ярьж, хэлээгүй зүйлийг минь хэлсэн болгоод л сууж байна шүү дээ. Ийм зүйл хийснээрээ Ц.Элбэгдорж өөрийгөө хэр шударга бус хүн бэ гэдгээ баталлаа. Бас намайг гутаан доромжиллоо. Үүнд би маш их дургүйцэж, зэвүүцэж байна. Бас айж ч байна.
- АН-ынхан таны дүрсийг ашиглан ам барьж, ийм мэдээ цацснаас болж ямар нэг дарамт шахалт ирсэн үү?
-Би боловсролын байгууллагат 12 жил ажиллаж байгаа багш хүн. Миний шавь нар, тэдний эцэг эх, хамт ажилладаг найз нөхдүүд маань АН-аас цацсан “Шударга мэдээ” нэвтрүүлгийг үзээд үнэхээр их гайхцгаасан. Хүмүүс янз бүрээр л ойлгож байх шиг байна. Үүнд их харамсаж байгаа. Сүүлийн үед АН-ын нэр дэвшигч “Өөрчилцгөөе” гэсэн уриатай том том самбар гаргаад наачихсан байна билээ. Тиймээ бид өөрчлөгдөх хэрэгтэй байна. Ялангуяа АН-ын нэр дэвшигч Ц.Элбэгдорж өөрөө өөрийгөө хамгийн түрүүнд өөрчилмөөр байна. Жирийн иргэний үгийг мушгин гуйвуулж, хэлээгүй үгийг хэлсэн болгож ам барьдгаа больмоор байна. Хэлдэг биш хийдэг Монгол болж өөрчлөгдмөөр байна .
-Та энэ мэдээллийг л няцаахаар Дарханаас ирсэн уу?
-Хүмүүс намайг буруугаар ойлгож, янз бүрээр ярьж, элдэв мессэж явуулж байна. Тиймээс өөрийгөө хамгаалах хэрэгтэй юм байна гэж бодоод АН-аас тараасан “Шударга мэдээ” нэртэй шударга бус зүйлд няцаалт өгөхөөр ирсэн.
- Та хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх үү? Бусдын нэр төрд халдах, хэлсэн үгийг мушгин гуйвуулах нь өөрөө гэмт хэрэг шүү дээ.
-Миний дүрсийг ашиглаж, ам барьж ийм мэдээлэл цацсан хүмүүс өөрсдөө ирж надаас уучлалт гуйх хэрэгтэй. Ийм увайгүй гүтгэлэг тарааснаа өөрсдөө залруулахыг шаардаж байгаа. Хэрвээ миний энэ шаардлагыг биелүүлэхгүй бол хуулийн байгууллагат хандах болно.