
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгосын шашны байгууллагын хүмүүсээс хандив авсан бичлэг нийтэд цацагдаад байгаа. Энэ талаарх өөрийн байр сууриа Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр иргэдтэй уулзахдаа илэрхийллээ.
-Анх энэ бичлэг интернэтэд тавигдсан юм билээ. Солонгос хэл дээр байсан энэ бичлэгийг сэтгүүлчид, “Шударга сонгууль” ТББ-ын гишүүд олж үзсэн юм байна. Элбэгдоржийн юу ярьж байгаа нь ойлгогдоод байдаг. Солонгосчуудын юу ярьж байгаа нь ойлгогдохгүй байсан. Үүнийг нь орчуулаад үзсэн чинь эргэлзээтэй, зарим талаар ноцтой зүйлс байсан юм билээ. Тэрийгээ гаргаж тавиад, дараа нь манай намын штаб дээр аваад ирсэн. “Танайх сонгуульд оролцож байгаа. Танай намтай өрсөлдөж байгаа хүн ийм юм ярьсан байна шүү” гэсэн. Төрийн тэргүүнийг сонгох улс төрийн сонгууль болох гэж байна. Бүх зүйл хууль номын дагуу байх учиртай. Тиймээс бид энэ асуудлыг анхааралдаа аваач ээ, учир начрыг нь олоод, болж өгвөл сонгуулийн өмнө тайлбар өгөөч гэсэн шаардлага тавьсан. Гэтэл АН-ынхан энэ бичлэгийг бид зохиомллор хийсэн юм шиг хачин зүйл ярьж байгаад харамсаж байна. Бидний байр суурь тодорхой байгаа. Энэ талаар “Элбэгдорж өөрөө гарч ирж тайлбар хийгээч. Ийм уулзалтанд орсон нь үнэн юм уу?” гэдэг асуудал сөхөж тавьсан. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж Солонгос явсан ч юм шиг, яваагүй ч юм шиг хачин зүйл ярьж, олны толгой эргүүлээд байгаа. Нэг болохоор Байгаль орчны уулзалтанд орсон гэж ярьдаг, тэгснээ ерөөсөө Солонгос яваагүй гэж ярьдаг. Түүний ярьж хэлж байгаа нь дандаа зөрчилдөж, байн байн өөрчлөгдөж байгаа болохоор бид өөрөөс нь албан ёсны тайлбар шаардаж байгаа. УИХ-ын гишүүн гадаадад байгаль орчны уулзалтанд орж болно. Тэгвэл Байгаль орчны уулзалтанд очсон хүн яахаараа хамтарсан Засгийн газрын тухай, Монгол орон газрын баялгаар баян тухай ярьдаг юм бэ? “Хүний нутагт мал маллаж амьдрах хэцүү ч юм шиг” хүний гайхал төрүүлэхээр зүйл ярьж байгаа юм бэ? МАХН тэр хүнийг гадагш нь явуулж, ийм үг хэлүүлээгүй нь л лавтай. Хэлсэн, ярьснаа ард түмнийхээ өмнө гараад ярьчихад хэцүү юм байхгүй юм л даа.
Саяхан АН-ынхан манай намыг цагдаад өгч байна гэхээр нь би “Тэр бичлэгийг аваад ир. Юу байгаа юм, үзье” гэсэн. Уулзалт нь хоёр цаг үргэлжилсэн бололтой. Тэр бичлэг нь 3-5 минут хүрэхгүй бичлэг байсан. Тэгвэл бүрэн бичлэг нь хаана байгаа юм бэ? Арга хэмжээ зохиосон хүмүүст нь бүрэн бичлэг нь байж таараа шүү дээ. Үнэхээр л Ц.Элбэгдорж буруугүй юм бол тэр бичлэгээ бүрэн эрхээр нь гаргаж үзүүлээд, өөрөө албан ёсны тайлбар л хийчих хэрэгтэй. Түүнээс биш энэ бичлэгийг гаргаж тавьсан залуучуудыг элдвээр гүтгэж, дайрч доромжилж, манай намд өөрийнхөө булхайг тохох гэж оролдох хэрэггүй. Хэрвээ Ц.Элбэгдорж хандив авсан бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл.