
Хөмсөг: ҮХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын ээж Ж.Рэнцэндулам ярьж байна.
ҮХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Сүрэнхор гэдэг залуу нам дотроо богинохон хугацаанд танигдаж нэр хүндтэй ажиллаж байв. Харамсалтай нь ҮХ-ны яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Сүрэнхор яамны засварт төсөвлөсөн 60 гаруй сая төгрөгөөр казино тоглож, ажлын хэрэгцээнд унаж авсан машинаа хүртэл тавиад туучихсан түүнийг өнөөдрийг хүртэл интерполоор эрэн сурвалжилж байгаа. Интернэтээр харилцах нь байтугай үхсэн амьдын сураг ч дуулгалгүй удаж байгаа төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорын нэрээр захидал бичиж тараасан эзэд нь АН-ынхан гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Д.Сүрэнхорын ээж Ж.Рэнцэндуламтай уулзлаа.
-Хүүгийн чинь нэрээр тараасан захидал Д.Сүрэнхорынх мөн биш гэсэн эргэлзээг хүмүүст төрүүлж байна. Энэ захидлыг үнэхээр хүү чинь бичсэн болов уу, эсвэл нэрийг нь барьж гүтгэж байгаа хэрэг үү?
Миний хүүгийн нэр хүндийг ашиглаж, гүтгэлэг тарааж байгаа АН-ын сонгуулийн штабынханд гомдож байна. Миний хүү ийм захидал бичиж суух байтугай эх орондоо ч ирэх эрхгүй болчихсон зовж явсан хүн шүү дээ.
-Хүүгээс тань сураг чимээ байна уу? Ядаж таньтай холбоотой байгаа байх гэж бодож байна?
Хүү минь өчигдөр над руу ярьсан. Үргэлж ярьж чаддаггүй л дээ. Хааяа нэг яарч сандарсан байдалтай ярьдаг юм. Миний биеийг асууж, өөрийнхөө сайн байгааг хэлчихээд илүү олон юм ярилгүй утсаа салгачихдаг юм. Хаана хэрхэн амьдарч байгаагаа хэлдэггүй хүүхэд. Эрх биш эхтэй хүн юм болохоор биеийг минь асууж, амьд мэнд яваагаа л хэлдэг. Өчигдөр над руу ярихаар нь би хэллээ. “Миний хүү чиний нэрээр ийм захидал тараагдчихаад байна” гэхэд “Ээжээ би юу гэж тийм захидал бичих юм бэ. Захидал бичиж суух битгий хэл зугатаж, эх орноосоо хол зовж зүдэрч яваа миний нэрийг барьж гүтгэлэг хийх ч гэж дээ. Миний зовлонгоор гараа угааж гэмгүй хүмүүсийг гүтгэж байна” гэж байна гэж их л бухимдаж байна лээ.
-Хүүгийн чинь талаар журмын нөхөд нь таагүй үг унагах нь ховор. “Боловсрол сайтай, намын шилдэг залуу боловсон хүчний нэг, ийм юманд орооцолдчихсонд нь одоо и итгэж чаддаггүй” гэх хүмүүс ч олон байдаг. Хүү чинь хаана боловсрол эзэмшсэн юм бэ?
Миний хүү арван жилээ онц төгссөн. Сурлагаараа гоц хүүхэд байсан болоод Энэтхэгт суралцсан. Энэтхэгт бакалавраа аваад, Америкт магистр хамгаалсан. Магистр хамгаалах сургалтын хугацаа дуусаагүй байхад урьдчилж хамгаалчихаад ээждээ хүрээд ирсэн. Тухайн үед хүүд минь Америкийн нэртэй компаниуд “ажиллаач” гэсэн санал тавьж байсан юм.“Миний хүү тэр олон нэртэй компаниуд ажлын санал тавиад байхад Америкт ажиллахгүй яав. Амьдрал ахуй ирээдүйгээ бодсон ч Америкт ажиллаж амьдрах нь дээр байсан юм бишүү” гэхэд “Үгүй ээ, ээжээ би нутагтаа амьдармаар байна.Эх орноо хөгжүүлэх хэрэгтэй байна. Юуны төлөө Энэтхэг , Америк явж суралцлаа. Эх орондоо л хүчээ өгнө шүү дээ” гэж байсан юм миний хүү.
-Хүүгээ хаана хэрхэн амьдарч байгаа талаар мэдэхгүй байна гэдэг дахин хэзээ хаанаас ярихыг нь мэдэхгүй байна гэдэг мэдээж эх хүнд хэцүү байгаа. Эх орондоо эргээд ир гэж хэлж үзсэн үү та. Юу гэж байх юм?
Хүүгээ ээж нь эх орон нь , хань ижил үр хүүхэд нь хамт олон найз нөхөд нь хүлээж байна. Ирнэ гэж. Эх орон нь миний хүүг иргэн байх эрхийг хасаагүй болохоор эрт орой хэзээ нэг цагт “Ээж ээ” гээд ороод ирнэ гэж би өдөр бодолдоо, шөнө зүүдэндээ хүлээж суудаг. Миний хүү ямар хүн алж хүрээ талчихсан биш. Хүүгээ их ч хүлээж байна. Их ч санаж байна. Миний хүү ээждээ хүрээд ир. Эх орондоо ир. Ээж нь гуйж байна. Миний хүү хэдийгээр алдаж оносон ч гэсэн эх орондоо эргэж ирээсэй. Ээждээ ирж ээжийнхээ элгийг дэвтээж өгөөсэй гэж хүсч байна. Хүүтэй уулзаж чадахгүй, бүлээн царайг нь харж чадахгүй, хаана хэрхэн амьдарч явааг нь мэдэхгүй байна гэдэг ямар хэцүү зовлон болохыг эхчүүд мэднэ. Үрт хүн үрээрээ, биет хүн биеэрээ гэдэг. Адилхан үртэй хүүхэдтэй монгол хүмүүс байж орох байх газраа олж ядаж яваа хүүгийн минь нэр төрийг барьж битгий худал гүтгэлэгт хутгаач битгий зовлонгоор нь гараа угаагаач гэж АН-ынхнаас гуйж байна. Миний хүү жинхэнэ журмын гэсэн өөрийн гэсэн итгэлтэй ганц нэг нөхөдтэйгөө л холбогдож байгаа байх гэж би тааж суугаа. Түүнээс өөрөөр интернэтэд суугаад АН-ынхантай холбогдож захидал бичиж суух боломж байхгүй. Ямар ч эрүүл ухаанаар бодоод үзсэн тэр. Миний хүү шарыг үзэж шарваж улааныг үзэж урвадаг хулчгар урвагч хүн биш. Би хүүгээ мэдэлгүй яахав.Өөрийнхөө гараар манцуйлж өөрийн гараар өсгөж хүмүүжүүлсэн эх нь юм чинь. Би цагаан сүүгээрээ тангаргалж байна миний хүү ийм юм хийгээгүй.
- АН-ынхан хүүгийн чинь нэрийг барьж захидал бичээд зогсохгүй удахгүй Д.Сүрэнхор өөрийн биеэр тайлбар хийнэ гэж байгаа нь ард түмнийг төөрөгдүүлж байгаа хэрэг үү?
Худлаа энэ бол ард түмний толгойг эргүүлэх гэсэн оролдлого. Миний хүү нам засаг руугаа дайрч давшлах тийм хэмжээний ухамсартай хүн биш. Сайн боловсрол эзэмшсэн Монголын шилдэг боловсон хүчний нэг. Залуу хүний хөөргөн зангаар л алдаа гаргачихсан хүн. Гаргасан алдаагаа хүн засч залж болдог хорвоо. Хэзээ нэг цагт миний хүү ч эх орондоо ирж ард түмнээсээ уучлал гуйгаад алдаагаа засах байх. Тийм хэмжээний ухамсар миний хүүд бий. Залуу насыг тойроод биш дайрч өнгөрсөн хүмүүс миний хүүг уучлан бодож юуны магад. Хэний ч үр хүүхэд яаж яваа билээ. Залуу хүн алдчихлаа. Засах нэрээ цэвэрлэх боломж өгөх байхаа миний монголын ард түмэн. Ууч ухаанаа алдчихаагүй хүмүүс олон байгаа. Тийм болохоор ээжийнхээ яриаг хаа нэг газраас олж уншвал миний хүү ээждээ ир. Эх орондоо хүрээд ир. Ээж нь хүүгээ иртэл, бүлээн духыг чинь үнэрлэтэл, хажууд минь байхаас нааш нүд аньж чадахгүй. Хүүгээ хүлээж байна.