
“Би ийм л сайн эр болж ажиллана”
Ялалтын баярын цэцэг
Халх голын тухай бодоход Монгол хүн бүрийн сэтгэлд эх орон хэмээх хэлхээ үг бууж, газар нутгаа хайрладаг болов уу. Тэртээ 1939 онд Халх голын хөвөөнөө болсон эх орны төлөөх тэмцэлд алтан амиа алдсан Зөвлөлт дайчдын дурсгалын хөшөө Чойбалсан хотын Бунхант толгой дээр өглөө бүрийн нартай учирч мөнхөрчээ. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг Дорнод, Сүхбаатар аймагт ажиллах үеэр бидний хойд хөршийн ард түмний өргөн дэлгэр тэмдэглэж буй Ялалтын баярын өдөр таарлаа. Тиймээс нэр дэвшигч Н.Энхбаяр өнгөрсөн бямба гаригийн өглөө Чойбалсан хотын өндөрлөг цэгт орших Бунхан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, ахмад дайчидтай уулзаад Баруун-Урт хотыг зорьсон юм
Сүхбаатарынхныг малжуулах хоёр тэрбумын төсөл хэрэгжинэ
“Хүн ер нь ямар үүрэгтэй вэ. Иргэн хүний эхний үүрэг сурах, хоёр дахь нь ажилтай байх. Тэгээд иргэн байх, сайн аав, ээж байх эцэст нь нийгмийн идэвхтэй гишүүн болох. Энэ л замналаар яваарай залуус аа. Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт залуу хүнийг дээрх таван чиглэлээр дэмжих бодлого бий. Жишээ дурдахад залууст боломж олгохын тулд Төлбөргүй боловсрол хэмээх зорилгыг дэвшүүлсэн. Та бид ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд хамтран ажиллацгаая” хэмээн Ерөнхийлөгч Н.Энхбаяр Баруун-Урт хотын Техникийн Их Сургуулийн оюутнуудтай уулзаж, мэндчилэхдээ захив. Сүхбаатар Жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн нэр дэвшигч Н.Энхбаяр үдээс хойш Жаахан шарга театрт Сүхбаатар аймгийн иргэд сонгогчидтой уулзаж, санал бодлыг нь сонссон юм.
“Амлалтаа биелүүлдэг Төрийн тэргүүнтэй уулзаж байгаадаа бид баяртай байна. Та дөрвөн жилийн өмнө манай аймагт ирэхдээ тэтгэвэртээ гарсан офицер, ахлагч нарт нэг удаагийн тэтгэмж олгохыг санаачилж, мөрийн хөтөлбөртөө тусгасан тань ажил хэрэг болсон. Ахмадад дайчдад төрийн дэмжлэг үзүүлж буйд олон хүн баярладаг. Та Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоно гэдэгт бид огт эргэлзэхгүй байгаа” хэмээн Сүхбаатар сумын хоёрдугаар багийн иргэн Т.Ганбаатар талархалын үгээ Ерөнхийлөгчид хүргэв. Монгол хүн бүрийн сүсэглэдэг Шилийн богд, Алтан Овоотой Сүхбаатарынхан нутагтаа фермерийн аж ахуй хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зарим ерөнхий боловсролын сургуулийн барилгуудыг шинэчлэх зэрэг асуудлуудыг тавьж, шийдвэрлэх боломж, нөхцөл гаргаж өгөхийг хүсч байна. Түүнчлэн бусад аймгийн иргэдээс онцгой саналууд ч гаргалаа. Иргэн бүр эрүүл мэндээ бодож махан хоолноос татгалзах, өвөг дээдэс, үүх түүхээ судлаагүй залууст хариуцлага тооцдог байх зэрэг сонирхолтой сэдвээр яриа өрнүүлж, ийм төрлийн арга хэмжээ авч болох эсэхийг Төрийн тэргүүнээс лавласан.
Сүх жанжны нутгийнханд хандаж Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр “ Сүхбаатар аймгийг мэддэггүй Монгол хүн байдаггүй болов уу. Сүхбаатар жанжин энэ нутгийнхны төдийгүй Монголын бахархал билээ. Энэ аймгийнхны тухай ярихад Шилийн богдын тухай дурсахгүй байж болдоггүй. Шилийн богдод шилийн сайн эрс гарч тангараг өргөдөг. Сайн эр байх амаргүй. Өргөсөн тангарагтаа үнэнч, хэлсэн үгэндээ хүрдэг байх хэрэгтэй. Би ийм л сайн эр байхын төлөө зүтгэж ажиллана. Ардчилсан өөрчлөлтийн дараах бужигнаант үе өнгөрсөн гэж бодож байна. Монгол Улс Үндэсний хөгжлийн цогц бодлогтой болсон. Хөгжлийн шинэ эрин үе бидний өмнө ирсэн байна. Бодлого гаргах, бодлогоо хэрэгжүүлэх хоёрт ялгаа бий. Өнгөрсөн дөрвөн жил олон чухал шийдвэр гаргасан цаг хугацаа байлаа. Би өөрийн санаачилгаар 256 тэрбум төгрөгийн өртөг бүхий ажлыг хийж амжуулсан байна. Ирэх дөрвөн жилд юу хийх вэ. Миний мөрийн хөтөлбөр нээлттэй байгаа. Та бүхэн саналаа нэмэрлээрэй. Ерөнхийлөгч болвол би ард түмний Ерөнхийлөгч болно. Өөр хэний ч Ерөнхийлөгч болохгүй. Хүмүүс залхуурч, ажил төрөл нь бүтэмжгүй болохоор бурханд залбирч гуйдаг. Гэтэл хүний өөрөө хийж чадах зүйлд бурхан тусалдаггүй. Ийм хүний залбирал дандаа хоосон байдаг. Бурхан хүний ид чадлаас давж гарсан тэр зүйлд л тусалдаг байх. Тиймээс өөрөө өөрсдийнхөө хүчинд найдаж сайхан амьдралын төлөө тэмүүлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Төрийн тэргүүн Сүхбаатар аймагт ажиллахдаа нэгэн таатай мэдээ дуулгасан. Энэ нь өнгөрсөн оны тавдугаар сард зүүн аймгуудыг хамарсан байгалийн гамшгийн үеэр хотоо харлуулж ганц ч малгүй хоцорсон иргэдийг малжуулах хоёр тэрбум төгрөгийн өртөг бүхий төсөл хэрэгжүүлэх болсон тухай байв.