Wednesday, May 6, 2009

“Миний дайсан бол ажилгүйдэл, ядуурал”

Өлгий сумынхан Ерөнхийлөгчтэй уулзав
Увс аймгийн Өлгий суманд Төрийн тэргүүн анх удаа ажиллалаа. “Ерөнхийлөгч ирнэ гэнэ. Манай суманд шүү. Ойроос харъя байз” хэмээн наадмын талбайдаа цугласан сонгогчдод хандан Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр “ Манай малчдад тулгамдаж буй асуудлууд бүгд ижил байна. Мал, малын гаралтай түүхий эдийн үнэ буурч, банкны зээлээ төлж дийлэхгүй болсон малчин өрх олон байна. Тиймээс ноолуур экспортлохыг цуцласан шийдвэрээ эргэн харах хэрэгтэй болжээ. Удахгүй ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин манай улсад албан айлчлал хийхээр ирнэ. Бэлтгэгдсэн мах экспорлох, малыг хөлөөр нь гаргах асуудлыг би энэ уулзалтаар ярилцана. Эдийн засгийн хямрал малчдад нөлөөлж банкнаас авсан зээлээ төлж чадахгүйд хүрч буй тухай бид мэдэж байгаа. Хаан банкныхантай ярилцаж зээл төлөх хугацааг сунгаж, зээлийн хүүг Засгийн газраас төлөх гэх мэт арга хэмжээ авч болох юм” хэмээв. Увсынхан ажлаас хэзээ ч айдаггүй
Нэр дэвшигч Н.Энхбаяр Увс аймгийн иргэд сонгогчидтой уулзаж санал, бодлыг нь сонслоо. “Би хамтран ажилладаг хүмүүстээ хэлдэг юм. Манай баруун аймгийнхан ялангуяа Увсынхан гэж. Улс орон хөгжих гарц нь боловсрол, эрүүл мэнд, уйгагүй хөдөлмөрлөх гурваас хамаарна. Увсынхан хэзээ ч ажлаас айдаггүй. Ажлын байрны төлөө хэдүүлээ хамтран ажиллая” хэмээн нэр дэвшигч Н.Энхбаяр уриаллаа.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзалтынхаа эхэнд “Бид Үндэсний хөгжлийн цогц бодлогоо хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Дахин учраа олохгүй бужигнах уу, бодлогынхоо төлөө тэмцэх үү гэдгийн зааг дээр ирээд байна. Хөгжилд хүрэхийн тулд иргэн бүр нь ажилтай, орлогогтой ирээдүйтэй байх нь чухал юм. “Эх орны хишиг” олон зүйлийг шийднэ гэдэгт би итгэлтэй байгаа. Одоо иргэдэд улс төрийн дэмий хоосон яриа бус ажилгүйдэл, үнийн өсөлт, банкны зээл, оюутны сургалтын төлбөр зэрэг амин чухал асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх нь чухал. Би та бүхний амин чухал асуудлыг юуны түрүүнд шийдвэрлэхийн төлөө ажиллах болно” гэв.
Алслагдсан бүс нутгийн нэмэгдэл, банкны зээлийн хүүгийн дарамт, малын гаралтай түүхий эдийн үнийн бууралт зэрэг бусад аймгийн малчдад ч тохиолддог бэрхшээлийг Увсын иргэд онцолж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярт хандаж:
Мал, аж ахуйн үйлдвэрлэлийн ахлах мэргэжилтэн н.Бямбажав:
Та бол ардчилсан Ерөнхийлөгч. Таны мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжсэн. Мөрийн хөтөлбөрөө сонгогчдод нээлттэй, ил тод байлгасныг олон хүн үнэлж байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажилд тань онц гэдэг үнэлгээ өгөхөөс өөр аргагүй. Манай ахмадууд онцолж хэлээрэй гэсэн юм. Ахмадуудын тэтгэврийн ялгааг арилгаж, нийгмийн халамжийг нэмэгдүүлсэнд баярлаж явдаг. Таны мөрийн хөтөлбөрийг судлаж үзсэн. Оюунлаг, тооцоотой мөрийн хөтөлбөр болсон байна. Ганц санал хэлэхэд хөдөө аж, ахуйг эрчимжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаараарай.
Ховд аймгийн Ерөнхий эмнэлэгийн орлогч дарга Н.Отгонбат:
Мянганы сорилын сангийн төслийн ажлын хэсгийнхэн удахгүй манай аймагт ирнэ. Таны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Шинэ эмнэлэг” хэмээх зорилтыг бид дэмжиж байгаа. МСС-гийн төсөл манай аймгийн эмнэлгийг хамруулж өгөөрэй.
Өлгий сумын малчин Хөхөө:
Гаднын орнуудад мах экспортлох нь малчин бидэнд зайлшгүй чухал болсон шүү. Ерөнхийлөгч өө. Мах экспортлоход мал эрүүл байх ёстой. Тиймээс мал эмнэлгүүдийн ажлыг сэргээхэд анхаараарай хэмээн санал хүсэлтээ уламжиллаа.
Ерөнхийлөгчтэй хамт нэг баг болж Сангийн сайд Ч.Улаан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Ганбямба, Б.Чойжилсүрэн нар Увс аймагт ажилласан юм. Тэд сонгогчдоос ирсэн саналуудаас өөрт хамаарах сэдвийн асуултуудад хариулж Ерөнхийлөгчийг дэмжиж үг хэлсэн юм. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Надад бичгээр олон асуулт, санал ирсэн байна. Би эдгээрт багцалж хариулна. Бас хамгийн оновчтой саналуудыг мөрийн хөтөлбөртөө тусгана. Бидний уулзалтын өмнөхөн иргэн Э.Цогхүүгийн гэр шатсан харамсалтай үйл явдал болжээ. Би Засаг даргад үүрэг өгч Э.Цогхүүд гэр олгох асуудлыг яаралтай шийдээрэй гэж захилаа. Алдарт эхийн одон, сургалтын төлбөр зэрэг асуултууд иржээ. Би эхчүүдийн одонгийн мөнгийг нэмэхийг дэмждэг. Нэгдүгээр одонтой бол нэг сая, хоёр бол 500, гуравт 300 мянган төгрөгийн тэтгэмж олгох хөтөлбөр бий. Хүн амаа өсгөх хэтийн бодлоготой дээрх мөнгөн урамшуулал уялдах юм. Сургалтын төлбөрийн тухайд би олон удаа ярьсан. Оюутнуудад төлбөргүй дээд боловсрол олгосноор олон айл өрх сургалтын төлбөр гэх дарамтаас салж, оюутнууд ч зөвхөн хичээлдээ анхаарлаа хандуулж сайн суралцана гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь намайг Увсад ажиллаж байхад нэг хүн шатар хүсч байсан юм. “Тэр шатраа авсан, түүгээр хүүхэд залуучуудад шатар сургаж байгаа. Танд маш их баярлалаа” гэсэн байна. Шатрын тухай нэгэнт ярьсан учир би бодож явдаг нэг зүйлээ хэлье. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хуваарьт шатрыг нэмэх тухай бодол надад төрдөг юм. Шатар тоглож сурах нь хүүхдүүдэд олон талын ач холбогдолтой. Нэг газраа удаан суудаг, анхаарлаа төвлөрүүлж чаддаг болно. Одоо БСШУЯ-ынхантай ярьж байгаа. Бодохоосоо өмнө ярьдаг улстөрчдөөс бүгдээрээ салцгаая. АН, МАХН-ыг дайснаа гэж үзэж байгаа. Харин миний дайсан, МАХН-ын дайсан бол ажилгүйдэл, ядуурал, архидалт, эмх замбараагүй явдал. Та бүхний ч дайсан байх. Энэ дайснуудынхаа эрсэг бүгдээрээ хамтран тэмцэе. Би өрсөлдөгчөө ялахын төлөө бус ажилгүйдэл, ядуурал хэмээх дайсныг ялахын төлөө сонгуульд өрсөлдөж байгаа” хэмээв.

Ө.ХҮҮ