Монгол Улсын Ерөнхийлөгчид Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг БНСУ-ын шашны байгууллагынхан дэмжиж, хандив өргөх үйл ажиллагаа зохион байгуулж, уг арга хэмжээнд Ц.Элбэгдорж өөрийн биеэр оролцсон тухай төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэгдснийг бид олж үзлээ.
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй дээрх мэдээллээс үзвэл, УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль болон холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, УИХ-ын гишүүн, төрийн түшээ хүний ёс зүйд нийцэхгүй үйлдэл хийсэн байж болохоор ойлгогдож байна.
Ц.Элбэгдоржийн энэхүү үйлдлийг СЕХ болон холбогдох бусад байгууллага анхааралдаа авна гэдэгт найдаж байна. Өрөөлийг шударга байхыг бусдад заан сургамжилж, уриалж байдаг нэр дэвшигч Ц.Элбэгдорж энэхүү үйлдлээ өөрөө шударгаар хуулийн дагуу тайлбарлах ёстой гэж МАХН үзэж байна.
Гэтэл Ц.Элбэгдоржийн тухай энэ мэдээллийг олон нийтэд хүртээл болгосон байгууллага нь тодорхой байсаар атал АН-ын гишүүн Д.Дорлигжав хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр мэдээллийг МАХН-ын сонгуулийн штабаас явуулж буй мэтээр мэдэгдэж, МАХН-ыг гүтгэн гүжирджээ. Нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн гадаадын байгууллагаас хандив авсан талаарх мэдээллийг МАХНын сонгуулийн штаб хэвлэл мэдээллээс, олонд нээлттэй интернэтээс олж мэдсэн билээ. “Муу л бол хойд талын хар овоохой” гэгчийн үлгэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрт нь таагүй гарсан мэдээлэл болгоныг МАХН руу чихэх оролдлого хийж байна. Монголын өнөөгийн нийгэмд улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүд ч гэсэн дуу хоолойгоо илэрхийлэх бүрэн боломжтой болохыг АН-ын сонгуулийн штабт сануулж байна.
МАХН-ын сонгуулийн штаб өөрийн намаас нэр дэвшигч, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, сонгогчидтой хийж байгаа уулзалтуудыг болон хийх ажлыг нь сурталчлахад гол анхаарлаа тавин ажиллаж байна.
МАХН-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ
ХАРИЛЦАХ ХЭЛТЭС