Monday, May 18, 2009

Ерөнхийлөгчийг буудсан хүнд

Ерөнхийлөгчийг буудсан хүнд
Америкийн виз гаргаж өгнө гэжээ
Хил хязгааргүй хар пиар
Гадаадын хөрөнгө оруулалттай телевизүүдээр монголчуудыг талцуулан яс хаясан, нэгнээ алж талахыг уриалсан мессеж хөвөрч байна. Алан хядагчдын лагериас арабын Аль Жазира телевизээр явуулсан мессеж мэт занал зүхэл илгээсэн нөхөр хэн болох нь мэдэгдэхгүй. Түүнийг дамжуулж, олон нийтэд түгээсэн гадаад эзэд, удирдлагатай телевизүүд мессеж бичигч л хариуцлага хүлээх ёстой гэж хэлчихээд монголчуудыг хоорондоо цусаа гартал үзэхийг алга ташин хүлээж байгаа бололтой.
Ням гаригт 8800.... утаснаас Монголын Ерөнхийлөгчийг буудаж алсан хүнд Америкийн виз гаргаж өгнө гэсэн мессеж явуулжээ. Хараал зүхэл хэрээс хэтэрч, сонгуулийн мэдээллийн өрсөлдөөн дээд цэгтээ хүрч байгаа ч Монголын төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн амь насанд халдвал урамшуулахаар өдөөн турхирч, хууль ёс, үндэсний аюулгүй байдалд халдаж эхэллээ. Эмх замбараагүй байдал, алан хядлагад уриалсан олон янзын хэлбэр загвартай, мессеж мэдээллийн нэг жишээ болсон 8800....-ын эзнийг тагнуул, цагдаа эрэн хайх ёстой болж байна. Интернэтийн сэтгэгдлийг уншихын аргагүй болж, талцагчид гудамжинд гарч нэгийгээ үзэхээр өдөөн хатгасан үг, өгүүлбэр компьютер хэрэглэгчийн тархи толгойнд халдвар тарааж байгаа юм.
Ц.Элбэгдоржид зориулсан “Люмино” хамтлагийн дууны клипэнд хар нүдний шилтэй залуус танк унаж, автомат барьцгаах нь “7 дугаар сарын 1”-нд уриалсан ухуулга мэт ойлгогдож, “Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо” гэж өдөж байгаатай адил байна.
Хийх ажил, хэрэгжүүлэх зорилгоо ярихын оронд нэр дэвшигчтэй холбоотой бүхнийг гутаан доромжлох кампанит ажил үргэлжилсээр... Ерөнхийлөгч нь төрийн институц боловч эцэг, эхээс төрсөн хүн. Зовж жаргадаг, энэлж шаналдаг, хүний амьдралыг тойрч биш туулж яваа монгол хүн. Өвчин зовлонгоор тоглосоор энэ сонгуулийн хар пиар эхэлсэн. Ээж нь өвдсөн бол хохь нь гэх нь холгүй хүн чанаргүй дайралтаар эхэлсэн сонгууль. Ерөнхийлөгчийг дэмжсэн жирийн багш, эгэл иргэнийхээ эрх чөлөөнд халдаж, хэлээгүйг нь хэлсэн болгож үргэлжилсэн. Ээж аав, эхнэр хүүхдийг нь гутааж доромжилж үргэлжилж байна. Эрчүүдийн “зодоон”-д, нэр төр, шинж чанар, хийсэн ажил, хийх зүйлээрээ мэтгэлцсэн санаа бодлын төлөөх тэмцэлд заавал ар гэр, аав ээжийг нь, бас дэмжигч, гишүүдийг нь татан оролцуулах нь сонгуулийн үлдсэн хугацаанд нь ач холбогдол ч үгүй эд. Үзүүр, түрүүний хоёр бөх барилдахад зүүн баруун жигүүрийн засуулууд ханаран уухайлдаг болохоос ханцуйгаа шамлан зодолдож, наадамчид нь хүртэл оролцвол юу болох вэ? Цэнгэлдэх хүрээлэнгээ шатаана. 7 дугаар сарын 1 болно. Сонгууль болохоор гарч ирдэг, бусад үед нь 100 ширхэг ч зарагддаггүй сонинцорыг хэдэн арван мянган хувь хэвлэсэн бөгөөд Ерөнхийлөгчийн гэргий О.Цолмонг гүжирдэж гүтгэхэд зориулжээ.
Өчигдөр news.mn сайтад хар пиарын сонгодог жишээ болсон зохиомол захидал тавигдсан байна. Үйлдвэр, худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхор захидал бичсэн мэт хуурамч мэдээлэл үйлджээ. “Д.Сүрэнхор” болсон Ц.Элбэгдоржийн үзэл сурталч Ерөнхийлөгч хадам ээжийгээ эргэхээр явсныг нь ахиад мушгижээ. Швейцарийн банкинд данстай, тэрийг нь энэ улсын банкуудын холбоо зарлах байсан гэжээ. Нэгдүгээрт, эрэн сурвалжлагдаж, өөрийгөө яая гэж байгаа хүн биш харин ч мөрдөн шалгагч болж, ийм зүйлийг зохион бичих ч боломжгүй. Хоёрдугаарт, Швейцарийн банкинд данстай гэж гүтгэх зорилгыг рейтинг доогуур, ялагдах нь улам бүр тодорхой болсон учир эртнээс төлөвлөсөн байна.
Банк санхүү, бизнес мэддэг хэний ч мэдэх энгийн зүйл дээр захидал зохиогчид гэнэджээ. Банкин дахь дансыг Банкуудын холбоо зарлана гэх зэрэг нь наад захын стандарт мэдэхгүй, бүдүүлэг зохион бичлэг болохыг нь баталж байна. Энүүхэн Дарханы багш Н.Гантулгын хэлээгүйг хэлсэн болгож, монтажилж чаддагүй хүмүүс хаа яваа нь мэдэгдэхгүй хүний өмнөөс захидал мэтийг зохиох бол хурууны үзүүрээр хийчих зүйл.
Нөхрүүдийнх нь өрсөлдөөнд гэргий нарыг нь хамт нэр дэвшүүлжээ. Үүний хариуд Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаа руу үгэн сум шунгинаж, өгүүлбэрэн довтолгоо эхлүүлж, дүрэмгүй зодоон хийхгүй гэнэ.
Бизнес хийдэггүй нөхрийнхөө хаанаас олсон, ямар мөнгөөр Х.Болормаа алт металд сорьц шинжилгээ хийдэг, орчин үеийн үнэтэй цайтай лаборатори байгуулсан бэ? Ном их уншдаг, ном бараг уншдаггүй хоёр гэргийн тухай яриа маргаан өрнүүлэх хэрэг байна уу? Эмэгтэй хүн аяга тавагны эрэгнэг хавьцаа эргэлдсэн, хормойгоо чирч, хүүхэддээ орооцолдсон “Хүнд ихээр дарлагдсан хөөрхий” байдлаас гарсан байх ёстой хүний эрхийг дээдэлсэн, орчин цагийн тухай эш онол, үндэслэл зарчмыг ч дурьдах хэрэг байна уу?
Өөрийнхөө хүүхдүүдийг Америкт жилд дор хаяж 50-иас доошгүй мянган долларын төлбөртэй дээд сургуульд явуулчихаад ардын үрсийг төрийнхөө зардлаар үнэгүй сурах гэхээр нь ”Боль, төл, өр ширэнд ор, хохь нь” гэсэнтэй ялгаагүй л эсэргүүцэж байгаа шүү дээ, Элбэгдорж. Үнэгүй бол чанаргүй байдаг юм бол Украйн, Америкт Та юу ч сураагүй гэсэн үг үү? Монголын 200 мянган сэхээтэн чанаргүй сурч, мэдлэггүй төгссөн хүмүүс үү?

Иргэн Ч.Оюунгэрэл