Sunday, May 17, 2009

ИРГЭНД ЭЭЛТЭЙ НИЙСЛЭЛ, ЭРҮҮЛ ЦЭВЭР ХОТ БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ


Аль болох ажил хийх гэсэн хүнээ дэмжье, тусалъя

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАМБАРЫН ЭНХБАЯРЫН
АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ХЭЛСЭН ҮГ


Уудам Монгол эх орны ард иргэд ээ!
Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн иргэд, хот суурин газрын оршин суугчид аа!
Ерөнхийлөгч миний өрх бүрт илгээсэн захидлыг уншин судалж, чин сэтгэлийн угаас хариу захидал бичиж ирүүлсэн иргэн, гэр бүл бүхэнд гүн талархал илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар иргэд Та бүхнээс 200-гаад мянган хариу захидал хүлээн авч, анхааралтай уншин судалж байна. Уулзаж учраад ч тэр бүр хэлж чаддаггүй, амждаггүй санал бодол, чин сэтгэлийн үгээ ончтой, оновчтой илэрхийлж болдгоороо захидал гэдэг гайхамшигтай соёл билээ. Иргэн Таны захидлын мөр бүхэнд, өгүүлбэр болгонд бидний алдаа оноо, бидний амьдралын үнэн, хийх ёстой ажил, хэрэгжүүлэх учиртай зорилго, хөгжлийг авчрах үзэл санаа шингэжээ. Төрд хаягласан бодит шүүмжлэл ч олон байна. Үнэн үг хүчтэй байдаг, бодит шүүмжлэл эм болдгийг ч бодон тунгаах нь ард иргэдээс авсан миний үүрэг даалгавар билээ.
Миний бие сонгогчид, иргэдтэй хийсэн уулзалт цуглааны үеэр гарсан санал, санаачилгад үндэслэн тулгуурлаж, багцлан сонгож “Малчныг дэмжих таван санал”-аа дэвшүүлсэн билээ.
Энэ удаад нийслэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, бусад хот суурин газрын ард иргэд, нийт олныхоо амьдралыг дээшлүүлэх, ахуй орчинг нь сайжруулах, ажлын байр, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх таван саналыг дэвшүүлэн, толилуулж байна. Иргэд Та бүхний бичсэн захидалд хамгийн ихээр, хамгийн тодоор туссан асуудал бэрхшээлийг анхааран судалж, онцлон үзэж, үндэслэж тулгуурлаж энэхүү таван саналыг дэвшүүлж байгаа учраас хийх ёстой ажил маань эвийн хүчээр бүтнэ гэдэгт бүрэн итгэж байна.

Ам ярианаас илүү ажил, бүтээл, хурал семинарын тооны оронд хөдөлмөрийн үр дүн хэрэгтэй байгааг бид цаг, цаас гарздахгүйгээр мэднэ. Бидний амьдарч буй хотын явахаасаа зогсдог болсон зам, гэнэт тасардаг гэрэл цахилгаан, уушиг харлуулах утаа угаар, зажилсан бохь наалдсан, гялгар уут хийссэн хог шороотой орчин тойрноо бид мэднэ. Харин энэ бүхнийг хэлж ярихаас, хий шүүмжлэхээс хийж бүтээж засах нь чухал байна.
Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хот сууринг хөгжүүлэх цогц төлөвлөгөөгөө Та бүхэнтэйгээ хамт хийх ажлаа мөрийн хөтөлбөртөө тусгасан. Иргэндээ ээлтэй, цэвэр цэмцгэр, худалдаа, үйлчилгээ нь түргэн шуурхай, шинэ зуунтайгаа алхаа нийлсэн, соёлч боловсон хот болгон хөгжүүлэх зорилго тавьсан билээ. “Азийн цагаан дагина” хэмээх мартагдсан алдраа сэргээхийн төлөө хотод хийх ажлаа товчхон толилуулъя.

1. Нийслэл биеэ даана, хөрөнгө мөнгөө өөрсдөө босгоно
Улаанбаатарын хөгжилд уяа тушаа, саад тотгор болж байгаа Нийслэлийн тухай хууль, эрх зүйн орчныг шинэчилнэ. Улаанбаатар хот улсын нийслэлийн үүргээ биелүүлэхэд нь хууль эрх зүйн энэ шинэчлэл тусална. Нийслэлийн төсвийн бие даасан байдлыг хангана. Хотоо хөгжүүлэх ажил хийх, хөрөнгө мөнгө босгоё гэхэд улсын төсвөөс хамаардаг, удаж цаг алддагийг зогсоож, уяа тушааг нь тайлна гэсэн үг юм.
2. Нийтийн газраа иргэд нь мэднэ
Орон сууц, гэр хорооллын нийтийн эзэмшлийн газрыг зөвхөн тэнд оршин сууж буй иргэдийн зөвшөөрлийг үндэслэн олгодог журмыг тогтооно. Энэ бол газар олголтын асуудлыг аль нэг дарга биш, харин ард иргэд өөрсдөө мэддэг болно гэсэн үг. Хүүхэд тоглох талбай, хөгшид нарлах газраа оршин суугчид нь өөрсдөө мэдэх нь ая тух, амгалан тайван байдлыг хангаж чадах шийдвэр болно.
Дэлхийд анхныд тооцогддог Богд хан уулын дархан цаазат газар, Туул, Сэлбэ голын бүсэд газар олгохыг бүрмөсөн зогсоож, ой мод, уух усаа дархлан хамгаална. Маргаантай байгаа газрын асуудлыг нэгмөр эцэслэн шийдвэрлэнэ.
Газрын менежментийн шинэ бодлого гарган хэрэгжүүлнэ. Ард иргэд амьдралаа дээшлүүлэх түшиг тулгуур нь газар. Алга дарам газрыг ч үнэлэн бүртгэж, эргэлтэнд орох чадвартай, үнэтэй цэнэтэй болгож, ашиг тус нь ард иргэддээ ахиу тусдаг болох ёстой.
3. Улаанбаатарын дахин сэргэлт, улам их ажил
Түгжрээгүй замтай, уддаггүй тээвэртэй, тасардаггүй гэрэлтэй, гачаалгүй устай, дааруулдаггүй дулаантай байх нь хотын иргэдийн хамгийн чухал хэрэгцээ. Эрүүл, аюулгүй орчинд аж төрөх Үндсэн хуулинд заасан иргэдийн эрхийг хангах нь ээлтэй хотыг байгуулах эхний шат. Эхлээд иргэн бүхэнд ус, цахилгаан, зам, дулааныг хүргэх талаар хөрөнгө зарж, хүч нэмж, эрчтэй хурдтай ажиллахыг Нийслэлийн захиргаа, Засгийн газарт чиглэл болгож байна.
Сайн ажил өдөр бүр өрнөж, сайхан амьдрал үргэлж түгэх нь хотын хэмнэл, хотын хөгжил билээ.
4. Гэр хорооллын газрыг үнэ цэнэтэй болгоно
Хотын иргэдийн 60 орчим хувь нь гэр хороололд амьдарч байна. Адилхан л амин зуулга, ахуй орчны хэрэгцээтэй мөртлөө гэр хорооллын иргэнд өдөрт дунджаар ердөө 5-7 литр хүйтэн ус ноогдож байгаа нь байдал ямар байгааг харуулах ганцхан баримт.
Интернэт кафе, супермаркет, кинотеатр гэр хороололд нээгдэхгүй, хотын орхигдсон хязгаар гэж нэрлэхээр байна. Төр гэр хорооллыг Нийслэлийн захиргаанд даатгаад орхилгүй, онцгойлон анхаарч, их ажил, илүү хүч зарцуулах зайлшгүй шаардлагатай байна.
Гэр хорооллын иргэдийн сайхан амьдрах хүсэл зорилгоо биелүүлэхэд нь хөшүүрэг болж, хүч нэмэх “Шинэ гудамж” төслийг миний бие санаачилснаа ажил хэрэг болгоно. Хүчээ нэгтгэж, хөдөлмөрөө хоршсон иргэдийн санаачилгыг сургалтанд хамруулах, хөрөнгийг нь үнэлж бүртгэх, барьцаагүй зээл олгуулах, дотоод, гадаадын төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэж чиглүүлэн дэмжих ажлыг Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлнэ. Гудамжнаас гудамжинд түгээн дэлгэрүүлж, хүссэн иргэд бүгдээрээ хамрагдах боломжийг нээнэ.
Эхлээд гэр хороололд цахилгаан, дулаан, халуун хүйтэн ус, цэвэр бохирын шугамыг хүргэнэ. Ээлтэй бөгөөд үнэ цэнэтэй, эдийн засгийн эргэлтэнд орох чадвартай газар иргэн Танд илүү сайхан амьдрах үржил шимтэй хөрс, хөгжлийн тулах цэг, тулгуур хөшүүрэг болно.
5. Хүндрэл бэрхшээлийг амаар биш ажлаар, ярьж биш бүтээж давна
Эдийн засгийн хямралыг аль болох ажил хийж амьдралаа дээшлүүлэх гэж эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй ард иргэдээ, жижиг, дунд бизнес, үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг дэмжиж давна.
2008, 2009 онд үйлдвэрлэлээ шинээр эхэлсэн аж ахуйн нэгж, компанийг санхүү, эдийн засгийн хямралын үед НӨАТ-аас хөнгөлөх, чөлөөлөх бодлого баримталж, бодитой дэмжлэг үзүүлнэ.
Амьдрал ахуйгаа залгуулахаар хөдөлмөрлөж зүтгэж байгаа хүн бүрт хүндэтгэлтэй хандах учиртай. Ажил хийх гэсэн хүнээ аль болох дэмжье, тусалъя. Жижиг аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг нягтлан бодох бүртгэл, татварын тайлан, баланс зэрэг бичиг баримтаар шахдаг, нэхдэг явдлыг болиулж, татвар ногдуулах, тооцох илүү энгийн, хялбар хэлбэрт шилжүүлье. Давхардсан олон шалгалтаар жижиг бизнес эрхлэгчдийг дарамталдаг явдлыг зогсооно.
Өнөөгийн худалдааны захын бодит нүүр царай бол бараа бүтээгдэхүүн нь хямд боловч хүн ажиллах, хүн үйлчлүүлэх орчин нөхцөл нь илтэд муу байна. Ариун цэвэр, ахуйн орчин, ялангуяа хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын чанар сайнгүй байна. Гадаа гандаж, хүйтэнд хөрч, халуунд халж хүний, өөрийн амьдралыг залгуулахын төлөө зүтгэж яваа хүмүүсээ харж хандах цаг болжээ. Тэдэнд зах дээрээ зай талбай, лангуу тавиур түрээсээр өгч, ашиг олдог эзэд удирдлагад нь захаа заавал битүү байртай болгох шаардлага тавьж, үйлчилгээний шинэ стандартыг нэвтрүүлнэ. Хэрэгжүүлэхгүй бол хатуу хариуцлага тооцдог журмыг тогтооно.
Жижиг худалдаа, үйлчилгээ эрхлэхдээ барьцаагүй зээл авч болдог, санхүү, эдийн засгийн хямралын үед зээлийн хүүг нь Засгийн газрын бонд үнэт цаас гаргах замаар өмнөөс нь төр хариуцдаг оновчтой арга механизмыг судалж бий болгоно. Энэ талаар УИХ, Засгийн газар, Нийслэлийн удирдлагад чиглэл өгч, иргэдийнхээ төлөө эвийн хүчээр идэвхтэй хамтран ажиллана.
Бараа бүтээгдэхүүнээс гааль дээр жишиг үнээр тооцон татвар авдаг нь бодит амьдралд тэр бүр нийцэхгүй, жижиг, дунд бизнес эрхэлж буй хүмүүст ахуй амьдралаа залгуулж, ашиг орлого олоход нь, ард түмэнд аль болох хямд үнээр нийлүүлэхэд нь саад тотгор болж байна. Гаалийн жишиг үнээр биш, харин гэрээ хийсэн үнээр нь тооцон татвар авбал худалдаачид, худалдан авагчид аль алинд нь ашигтай учраас гаалийн байгууллагын удирдлагад ард түмэнд ашигтай шударга журамд шуурхай шилжих даалгаврыг өгснөө Та бүхэнд хандан мэдээлж байна.
Иргэдийн цалин, орлогыг үнэгүйдүүлдэг үнийн өсөлт инфляцитай тууштай тэмцье. Оны эхнээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханш ихээхэн хэлбэлзэлтэй байсан нь жижиг, дунд бизнес эрхлэгчид ч, иргэдийн өдөр тутмын хэрэглээний зүйлээ худалдан авах, төлбөр тооцоо хийхэд ч хүндрэл учруулсан. Учир иймд монгол төгрөгөө хамгаалах, ханшийг нь илүү тогтвортой байлгах талаар хийх ажил, хэрэгжүүлэх арга хэмжээ их байгааг Монголбанкны удирдлагад анхааруулж байна.
Иргэндээ ээлтэй нийслэл, эрүүл цэвэр хот болгон хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийн зорилгоо биелүүлэх ийм таван саналыг Та бүхэндээ хандан дэвшүүлж байна.
Хийсэн ажил багагүй ч, хийх ажил түүнээс ч их байна. Амласан бол биелүүлдэг, хэлсэн бол хэрэгжүүлдэг байхыг шударга улс төр, шударга чанар гэж ард түмэн маань үздэг билээ.
Өглөө бүхэн шинэ байдаг учир өдөр бүхэн шинийг бүтээж, шинийг эрэлхийлж, хувь заяаныхаа эзэд болцгооё. Та бид хий хоосон амаар хол явахгүй, харин хэрэгжиж бүтсэн ажлаар амжилтанд хүрнэ.