Monday, May 4, 2009

Ховдынхон алслагдсан бүсийн хөнгөлөлт хүсч байна

Ерөнхийлөгчийг боорцгоор дайлав
Гэрээс ирсэн боорцог. Дотуур байрны оюутнуудын зочноо дайлах хамгийн амттай зүйл нь ээж, аавын илгээсэн боорцог байдаг. Ховд их сургуулийн дотуур байрны оюутнууд Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өрөөндөө урьж боорцог, ааруулаар дайлаад гарын бэлэг өгөв. МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаяр өнгөрсөн ням гаригт Монгол орны баруун хязгаар Ховд аймагт ажиллахдаа оюутнуудтай уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонслоо. Ховд их сургуульд Баян-Өлгий, Говь-Алтай, Увс аймгийн оюутнууд суралцдаг. Аймагтаа төдийгүй баруун бүсдээ томоохон их сургууль юм. Ерөнхийлөгч Н.Энхбаяр дотуур байрны эрэгтэй, эмэгтэй тасагт зочлохдоо төлбөргүй дээд боловсролын тухай ярилцсан. “Нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт дурдсанаар дээд боловсролыг төлбөргүй олговол оюутнууд онц сурахад бэлэн биз дээ” хэмээсэн Ерөнхийлөгчийн асуултын хариуд оюутнууд хичээн суралцахаа амласан юм. Тэдний сургалтын төлбөртөө зарцуулдаг 500-700 мянган төгрөгийг төр даавал өөрсдөд нь томоохон хөрөнгө оруулалт болно гэдгийг оюутнууд онцлов. Тэд чөлөөт цагаараа юу хийдэг, ямар хоол хийж иддэг тухай яриаг нэр дэвшигч Н.Энхбаяр өрнүүлэхэд хөвгүүд цуйван, ногоотой шөлөнд дуртай хэмээв. Ерөнхийлөгч Ховд хотод ажиллахдаа оюутнуудаас гадна цэрэг дайчидтай уулзав. Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дайчид нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжиж буйгаа илэрхийлж, зарим ахлагч нар Иракийн эрх чөлөө ажиллагаанд амжилттай оролцсон тухайгаа хүүрнэв. Батлан хамгаалах салбарт ажиллаж буй иргэдийн цалин төрийн албан хаагчдынхаас бага байгааг анхааралдаа авахыг Ерөнхийлөгчөөс хүссэн юм.

“Мал хөлөөр нь гаргах, ноолуур экспортлох асуудлыг шийдвэрлэнэ”


Нэр дэвшигч Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсноосоо хойш Ховд аймагт зургаан удаа томилолтоор ажиллажээ. Төрийн тэргүүн Ховдынхонд хандсан өмнөтгөлдөө “Олон үндэстэн ястны эвсэг ард түмний аймагт би олон удаа ирсэн. Баруун бүсийг хөгжүүлье гэвэл Ховд хотыг хөгжүүл гэдэг. Газарзүйн байршил, түүх соёл, хүн амын байдал зэрэг аль ч талаас нь харсан Ховд хот баруун бүсийн хөгжлийн тулгуур. Хөгжилд хүрэхэд гэрэл цахилгаан зайлшгүй хэрэгтэй. ОХУ-аас хараат цахилгаан хэрэглэж байсан баруун аймгийнхныг байнгын эрчим хүчтэй байлгахын тулд ямар боловч Дөргөний усан цахилгаан станцыг барих хэрэгтэй гэж үзсэн. 2004 онд шавыг нь тавьж байхад бүтэхгүй, болохгүй гэж үзэх нэгэн ч байсан юм. Харин одоо Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад орж баруун аймгийнхныг эрчим хүчээр хангаж буйг харахад таатай байна. Дэд бүтэцгүйгээр аймаг орон нутаг хөгжинө гэж байхгүй. Би ойрхи дорнодын орнуудад айлчлахдаа манай орны баруун бүс нутагт засмал зам тавьж өгөх тухай хүсэлт гаргасан юм. БНХАУ-аас хүссэн 300 сая ам.долларын зээл, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баруун аймгийг хатуу хучилттай замаар холбох ажил шийдэгдэж байгаа. Тиймээс та бүхэн удахгүй засмал замтай болно гэдэгт итгэлтэй байгаарай” гэв.
Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярыг дэмжихээр Ховд их сургуулийн хурлын танхимд цугласан сонгогчид Төрийн тэргүүнд алслагдсан бүс нутгийнхнийг дэмжих төрийн бодлого хэрэгтэй байгааг уулзалтын эхэнд сануулсан. Мөн Ярантын боомтоор импортлож буй шатахууны үнийг хөнгөлж өгөхийг хүссэн юм. Алслагдсан бүс нутагт өргөн хэрэглээний бараанаас эхлээд бүх зүйл нэмэгдэл өртөгтэй байгааг анхаарахыг хүссэн. Уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч Н.Энхбаяр “ Нэг хүнд 15 мянган ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн ногддог, өсөлттэй эдийн засагтай орон болох зорилтоо тодотгож, малчдад зориулсан зээлийн хүүг буруулах, зээлийн хүүг Засгийн газар төлөх боломжийг судлах, малыг хөлөөр гаргаж гадагш экспортлох, ноолуур хилээр гаргадаг болох, төлбөргүй боловсрол олгох зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно” хэмээв.



Ө.Хүү