МАХН-аас 2009 оны тавдугаар сарын 19-нд СЕХ-ны дарга Н.Лувсанжавт хандаж АН-ынхны сонгуулийн саналыг худалдан авах тухай бичлэгийг нарийвчлан судлаж хууль зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байх тухай шаардлага хүргүүллээ.
Уг шаардлага нь, АН-ын удирдлагуудын 2009 оны тавдугаар сарын 6-ны орой Ганзам зочид буудалд зохион байгуулсан уулзалтын үеэр сонгогчдын саналыг худалдаж авах тухай ноцтой яриаг илчилсэн баримт МАХН-д ирсэнтэй холбоотой юм байна. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ганболдоос ирүүлсэн аудио бичлэгт Ардчилсан намын Сонгуулийн штабын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, мөн штабын санхүүгийн асуудал хариуцан ажиллаж буй УИХ-ын гишүүн З.Энхболд нар нийслэлийн сонгуулийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодод өөрийн намаас томилогдон ажиллаж байгаа дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 190 гаруй хүнийг хууль бус үйл ажиллагаанд уриалжээ. Тодруулбал, санал хураалтын баримт бичгийг хуурамчаар үйлдэх, санал хураалтын дүнг буруу гаргах гэмт хэрэг үйлдэхийг уриалж, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн төлөөх 50 хувиас илүү гарсан нэг санал тутамд хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд 10000 төгрөгийн шагнал олгохоор амлаж “хараа, хуруу хоёр”-оо хөдөлгөхийг уриалсан байна.
МАХН-ын сонгуулийн төв комиссын хувьд дээрх үйлдлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, эрүүгийн хуулийн зохих заалтуудыг зөрчсөн, гишүүдээ гэмт хэрэг үйлдэхэд түлхсэн, сонгуулийн дүнг санаатайгаар будлиантуулах гэсэн ноцтой оролдлого гэж үзжээ. Иймд дээрх уулзалтын бичлэгийг нарийвчлан судлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор шаардаж байгаа нь энэ юм байна.
Тус намаас яг үүнтэй холбоотойгоор мэдээлэл шалгуулах тухай албан бичгийг иргэн Б.Ганболдын ирүүлсэн аудио бичлэг бүхий CD, захианы хамт ЦЕГ-ын Улсын мөрдөн байцаах газарт хүргүүлжээ.