Wednesday, May 20, 2009

Байдаггүй банкинд мөнгө хадгалуулсан нь буюу оргодолтой найзалсан АН

Интернэтээр өдөржин “тэнэлээ”. Швейцарийн “Swiss Credit” банкны талаар олж мэдэхээр хайлтын системүүдийг ухаж гүйцээлээ. Үйлдвэр худалдааны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад их хэмжээний мөнгө завшсан, энэ хэргээсээ болж гадаадад оргон зайлсан Д.Сүрэнхорын бичсэн захидлаас болж цаг зааваа гарзадсан нь энэ шүү дээ. Д.Сүрэнхор гэх автортой тэр захидалд Швейцарийн “Swiss Credit” банкинд Монголын иргэн О.Цолмон хувийн данстай, түүндээ 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн бичсэн.
Өдөржин хэссэн интернэтээс “Swiss Credit” нэр олдсонгүй. Лав л ийм нэртэй томоохон банк хайлтын системээс олдсонгүй. Харин “Credit Suisse” хэмээх олон улсын санхүүгийн байгууллага олдлоо. Банкны нэр зөрсөн тул Д.Сүрэнхорын захидалд үнэмшиж чадсангүй. Швейцарьт “Swiss Credit” нэртэй банк, түүний салбар ч гэж байхгүй нь тодорхой байна. Монголд хаягласан Д.Сүрэнхорын олж мэдсэн гэх банк дэлхийд байхгүй юм байна. Нэгэнт “Swiss Credit” байхгүй учраас тэр банкинд Монгол Улсын иргэн О.Цолмонгийн данс гэж байхгүй нь мэдээж шүү дээ. Монгол Улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц 1.3 тэрбум төгрөг хаана ч бүртгэлгүй “Swiss Credit”-т байхгүй нь хэнд ч ойлгомжтой.
Ийм их хэмжээний мөнгө гадаадын банкинд байршиж буйг манай банк санхүүгийн хайхралгүй, анзааралгүй өнгөрөхгүй. Ийм боломж байхгүйг ч мэргэжлийн хүмүүс хэлж байгаа юм. Д.Сүрэнхорын бичсэн гэх захидлыг хуурамч болохыг нотлох баримт энэ. Олны толгойг эргүүлсэн, итгүүлж ядах гэсэн оролдлого бүтэлгүйтэв. Түүний захидалд хэн ч итгэхгүй, би л лав үнэмшихгүй.
Овоо хэдэн төгрөг завшчихаад гадаадад гарч хаа нэгтээ нуугдаж, зугатаж, чичирч, айж суугаа тэр хүн Швейцарийн банкинд байгаа хэн нэгний дансны дугаарыг олж мэднэ гэдэг итгэмээргүй зүйл. Олон улсын цагдаагийн байгууллага, интерополоор эрэн сурвалжлагдаж буй хүний захидалд хэн ч автахгүй нь лавтай.
Эх орноосоо оргосон Д.Сүрэнхор Монголд буцаж ирнэ гэж захидалдаа бичжээ. Тэрээр ирэх үгүйгээ тавдугаар сарын 24 буюу ирэх ням гаригт шийдэх юм байх. Д.Сүрэнхорын нутагтаа буцаж ирэх эсэхээ шийдэх өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн өдөртэй давхацаж байна. Энэ өдрийн санал хураалтаар Ц.Элбэгдорж ялалт байгуулбал тэр эх орондоо заавал ирнэ гэж захидалдаа бичжээ. Эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтэн өөрөө хүрээд ирэх нь сайн хэрэг. Д.Сүрэнхорыг баривчлах боломжтой болно гэсэн үг. Гэвч заавал Элбэгээ ялахаар ирдэг нь ямар учиртай билээ. Ц.Элбэгдорж Д.Сүрэнхортой ямар холбоо сүлбээтэй болох нь анхаарал татаж байна. Захидлын эзэн АН-тай, Ц.Элбэгдоржтой ямар холбоотойг цагдаагийн байгууллага шалгаж тогтоох хэрэгтэй болжээ.
Тавдугаар сарын 15-нд тэрлэсэн гэх захидлын жинхэнэ эзэн Монголд ирнэ гэж үү. Тэр үед монголчууд Д.Сүрэнхорыг, нэгнийнээ нэр төрийг гутаан доромжилсон худлаа баримттай хуурамч захианы эзнийг уучлахгүй биз.