Маргааш цагаан сарын битүүний өдөр. Энэ өдрийг мөн ч их хүлээлээ гэж эмээ, хүү хоёр хуучлан ярьж байна. Хүү нь "Айл хэсч автобусны мөнгө олно доо. Дорж ах, Дулмаа эгчийнх ч овоо их мөнгө өгөх байх" гэхэд эмээ нь "Юу ярина вэ. Миний хүү" хэмээн дурамжхан хариулав. Хүүгийн хувьд cap шинийн баяр мөнгө олох "бизнес" болж хувирсан бол эмээгийн тухайд орж ирсэн хүний алгыг юугаар дээш нь харуулах вэ хэмээн бодлогошронгуй сууна.
Эмээ энэ жилийн cap шинийн баярын ширээг чимэх, орсон, гарсан хүнийг дайлах, гарыг нь цайлгах зүйлийг тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр болгож байгаа. Түүний сарын орлого 120 мянган төгрөг. Ингээд эмээ хоёр, гурав, дөрөвдүгээр сарын тэтгэврийн мөнгөө зээл хэлбэрээр банкнаас авч 360 мянган төгрөгөөр бүх зүйлээ бэлдэхээр зэхэв.
Хэдийгээр санхүү, эдийн засгийн хямрал айл бүрийн төсөвт нэвт шингэж, иргэн бүрээс хэмнэлтийг шаардах болсон ч нас нэмэх баяраа хэнээс ч дутуугүй тэмдэглэнэ гэсэн зорилтыг өмнөө тавьсан эмээ 360 мянган төгрөгөө авч "Нарантуул" худалдааны төв, "Бөмбөгөр", "Хүчит шонхор" зах, аймаг, орон нутгаас ирж үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа малчдын "дэлгүүр"-ээр зочлов.
Урьд өмнөхөөс ч илүү бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ. Эмээгийн гурван сарын тэтгэврийн мөнгө болох 360 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй нь ойлгомжтой байв.
Ингээд тэрбээр эхний ээлжид ууц, хэвийн боов, тавгийн чихэр, цагаан идээ, бууз, баншны мах авахаар боллоо.
"Хүчит шонхор" захад хөдөө, орон нутгаас авчирсан ууц 45-120 мянган төгрөгийн үнэтэй байв. 45 мянган төгрөгийн ууц нь эмээгийн насны хүнд зориулаагүй, ширээн дээр ч тавьсан нүнжиггүй харагдахаар байв. Ингээд эмээ ууц шинжиж "ажил"-даа оров.
Тус захад зарагдаж байгаа ууцны хамгийн хямдхан нь өнгө зүс сайхан ч сүүл жижигтэй байв. Эмээгийн санаанд нийцсэн нь 95 мянган төгрөгийн үнэтэй ууц байв. Сүүл ч том, өнгө зүс сайтай болохоор авахаар шийдэж, хэвийн боовны эрэлд гарав.
"Өгөөж", "Бамбууш", "Өгөөмж архад", "Тэнгэрийн хишиг" гээд манай улсын үндэсний үйлдвэрийн хэвийн боовнуудаас сонголт хийхээр нэрийн барааны дэлгүүрийн зүг гэлдрэв.
"Өгөөж", "Бамбууш" компанийн үйлдвэрлэсэн хэвийн боов нэг ширхэг нь 990, "Өгөөмж архад", "Тэнгэрийн хишиг”-ийнх 980 төгрөгийн үнэтэй байв.
Дээрх компаниуд тус бүртээ урамшуулал зарласан байсан юм. Тухайлбал, "Өгөөж" компани 15 ширхэг хэвийн боов авсан хүнд нэг суурь еэвэн, өндөр настанд үнэгүй хүргэж өгнө гэсэн байв. Энэ бүхнийг бодолцож эмээ тус компанийн үйлдвэрлэсэн хэвийн боовноос таван тал, есөн үеэр засах 45 ширхэгийг авав. 45ширхэг хэвийн боовонд гурван суурь еэвэн дагалдаж, нийт үнэ 44 мянга 550 төгрөг болов.
Идээний дээжүүдээ авсан тул дараагийн "ажил" болох чихэр, ааруул, бууз, баншны мах авахаар "Нарантуул" худалдааны төвийг зорилоо. Түүнийг түм түжигнэж, бум бужигнасан газар угтан авав. Эмээгийн хэтэвчинд 220 мянга 450 төгрөг үлдсэн.
Эмээ махны чанар гэхээс илүүтэй үнийг нь шинжсээр адуу, үхрийн мах авахаар болов. Тус худалдааны төвд адууны мах нэг килограмм нь 2200, үхрийнх 3000 төгрөгийн үнэтэй байв.
Жил бүрийн cap шинийн баяр хөл ихтэй байдаг тул эмээ тус бүрээс зургаан килограммыг авахаар болж худалдагчид 31 мянга 200 төгрөг өгөв. Дараа нь "Алтан тариа" компанийн үйлдвэрлэсэн ширхэгтэй дээд гурил авч мөн л худалдагчид 21 мянган төгрөг өглөө. Учир нь тус компанийн үйлдвэрлэсэн ширхэгтэй дээд гурил арван килограмм нь 10 мянга 500 төгрөгийн үнэтэй байсан юм.
Cap шинийн баярын гол бараа, бүтээгдэхүүнээ авсан эмээ сэтгэл өег тус худалдааны төвөөс гарч гэрийн зүг явлаа.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "Оргил" худалдааны төвд хамгийн хямд чихэр төрөл бүрээрээ байгааг харав. Үнэ нь ч боломжийн санагдаж авахаар шийдлээ. Тэрбээр хүүхдүүдийн амтархан иддэг "24-ийн чихэр" буюу одоогийн 50 төгрөгийн чихрээс хоёр килограммыг авав.
Үнэ нь 5600 төгрөг боллоо. Эмээ энэ жилийн cap шинийн баярынхаа тавгийн идээг цагаан идээгээр чимэглэхээр шийдэж Ялалтын талбайд зохион байгуулагдаж байгаа Архангай аймгийн малчдын үзэсгэлэн, худалдаагаар оров. Энд зарагдаж байгаа цагаан идээнүүд бусад газруудтай харьцуулахад үнэтэй байв. Тухайлбал, хурууд 10 мянга, хорхой ааруул 5800, шар тос 2500 төгрөг байв. Ингээд эмээ нэг килограмм хорхой ааруул, чихэргүйгээс хоёр килограммыг авч малчин "худалдагчид" 11 мянга 800 төгрөг өгч алгыг нь дээш харуулав.
Эмээгийн гурван сарын тэтгэврийн мөнгө ердөө хоёр хоногийн дотор 150 мянга 850 төгрөг болчихов. Одоо түүнд орж ирсэн хүний гарыг цайлгах бэлэг, сархад л хэрэгтэй байна. Хүн бүр л үндэсний үйлдвэрээ дэмжье гэж байгаа энэ үед эмээ "Монголд үйлдвэрлэв" брэндийн бүтээгдэхүүн авахыг эрмэлзсэн ч арай л ахатсан үнэтэй байв. Ингээд тэрбээр үүрэн телефоны гуравдагч оператор "Юнител" корпорацийн 500 төгрөгийн үнэтэй бэлгийн картнаас арав, дээр нь Чингис хааны хөрөг бүхий түлхүүрийн оосор авлаа. Түлхүүрийн оосор мянган төгрөгийн үнэтэй байв.
Ингээд эмээ худалдагч эмэгтэйд 15 мянган төгрөг өгч, сархад авахаар "АПУ" компанийн нэрийн дэлгүүрийг зорив. Ширээн дээр тавих, орж, гарсан хүнд хүртээх сархадаа тэрбээр 35 мянган төгрөгт багтааж авлаа. Түүнд одоо 100 мянган төгрөг л үлдэв. Энэ мөнгөөр тэрбээр хүүгийн хамт гурван cap амь зуух ёстой. Ингэж чадвал тэрбээр хямралын үеийг эрсдэл багатай давж, гурван сарын дараахи тэтгэврийн мөнгөтэйгээ золгоно.
Энэ бүхнийг ажигласан хүү "Энэ жилийн cap шинийн баяраар айл хэсэхдээ гудамж, гудамжаар нь явах болно. Тэгэхээр эмээгийн 100 мянган төгрөг бага ч болов нэмэгдэнэ" гэсэн бодол тээн эмээдээ эрхлэн, шинийн 1-ний өглөөг тэсэн ядан хүлээнэ.
Эх сурвалж : нийгмийн толь