Монголын хүн ам 2009 оны эхний нэг сарын байдлаар хоёр сая 700 мянга орчим болоод байна. Манай хүн амын 29 хувь нь 0-15 насны хүүхэд, 65 хувь нь 16-59 насны, 6 хувь нь 60-аас дээш насны хүмүүс эзэлж байгаа статистик тоо бий. Хүн амын дундаж наслалт 66,8 хүрч, 2004 оныхоос 1,5 жилээр урт насалдаг болсон нь гэгээн тоо. Жилд дунджаар 16 мянган хүн шинээр мэндэлдэг болсон.
Нийм хүн амын 40 хувь нь Улаанбаатарт амьдарч байна. Хүн амынхаа тоогоор дэлхийн томоохон хотын хэмжээнд хүрэхүйц болсон нь бидний бахархал. 2007 онд Улаанбаатар маань 1 сая дахь иргэнээ хүлээн авсан билээ. Ингэснээр нэгээс дээш сая хүнтэй 115 улсын 468 хотын 452 дугаар байранд орсон гээд бод. Энэ бол улсын маань ч, нийслэлийн маань ч хөгжлийн урагшаа алхаж буйн жишээ. Нийслэлд амьдрагчдын 65 хувь нь 35 хүртэлх насныхан. Ингээд бодохоор нийслэлчүүд маань залуухан ч, бас амьдралын идэвхтэй үе буюу идэрмэг үеийнхэн зонхилж байгаа нь Улаанбаатарын ирээдүйг харах чухал болсныг харуулна. Улаанбаатарын хүн шинэ болжээ. Шинэ хүн шинэ амьдрал, шинэ өнгө төрхийг нэхэж байна. Хуучин Улаанбаатар бол сэлүүхэн гудамжтай, унаа цөөн, зам нь эвдрэл багатай байсан. Улаанбаатарынхан зөвхөн нийтийн тээврээр зорчоод болдог байсан. Одоо бол өөр болсон. Улаанбаатарын унаа олширч, зам эвдэрснээс гудамжууд бөглөрөлтэй, түгжрэлтэй байх нь ердийн үзэгдэл боллоо. Улаанбаатарчууд явган байсан бол одоо унаагүй хүнийг тоолох нь амар болсон. Нийслэлд 200 гаруй мянган хүн машин унаатай гэсэн бүртгэл байдаг. Өдөрт энэ хэмжээний машин хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо ч байгаа. Тэгэхээр замын ачаалал хэтэрсэн гэсэн үг. Улаанбаатарчуудын ихэнх нь унаатай хэрнээ явдаг замаа бодох нь цөөн. Унаагаа өглөө бүхэн арчиж зүлгэдэг шигээ явдаг замаа өдөр бүхэн засч тордож байвал унаа, зам хоёрын зөрчил гарахгүйсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд унаа, зам хоёрын зөрчил өдөр ирэх бүр ихэсч, зорчигчид, жолоочдын бухимдал өссөөр байна. Тэр хэрээр замын осол ч их гарч байна. Өдөр бүр явган зам дээр машинд хүн мөргүүлж гэмтэн бэртэж, зарим нь газар дээрээ осолдож байгааг замын цагдаагийн газраас мэдээлдэг. ЗЦГ зохицуулагч, байцаагчдын тоог нэмж байгаа хэдий ч Замын осол, аваар буурахгүй байна. Гэрлэн дохионоосоо олон шүгэлтэй цагдаа зам дээр зогсоод ч гэмт хэрэг буурахгүй байгаа нь үнэн. Тиймээс цагдааг нэмээд эл асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Байдлаас хараад байхад нийслэлд шийдэх хоёр асуудал байна. Улаанбаатарын унаа, зам хоёрыг л уялдаатай шийдэх цаг болж. Унааны хувьд жил бүр жижиг оврын машин нэмэгдэж, хүн амын олонхи нь явгарахгүй болсон хэдий ч нийтийн тээвэр нь цөөдсөөр байна. Хүн амын олонхи нь нийтийн тээврээр зорчдог байдал арилахгүй болохоор том оврын асуудал нэн чухал. Тиймээс том оврын автобусыг нэмэгдүүлэх асуудлыг нийслэлийн шинэ удирдлагууд Засгийн газарт тавьж, тэр нь ойрын үед шийдвэрлэгдэх боллоо.
Уг нь Улаанбаатарт 27 аж ахуйн нэгжийн харьяанд 760 гаруй том оврын автобус хөдөлдөг ч тэр нь хаанаа ч хүрэхгүй байна. Тэдгээр том оврын автобусны 70 хувь нь хуучирч муудан, замд үйлчилгээ хийх боломжгүй болсон. Хуулиараа ч явах эрхгүй болсон гэдэг. Тэгэвч хүн амаа явгалчихгүйн тулд хүчээр үйлчилгээнд гаргаж байгааг тээврийн газрынхан ярьдаг. Хуулинд зааснаар 12 жил явсан унааг нийтийн тээврээр үйлчлэх эрхийг хасдаг атал манайд юун 12 жил манатай, гуч дөчин жил явчихсан, үеэ өнгөрөөчихсөн “Өвөө” унаанууд зөндөө. Аргагүй л ажлаа мэддэг, хотод олон жил үйлчилгээний албыг хашсан хүмүүс Улаанбаатар хотын удирдлага болсон нь нийтийн тээврийг өөрөөр харж, тулгамдсан асуудлыг шийдэхэд нөлөөлж эхлэв үү? Нийслэлийн нийтийн тээврийг өөрөөр ярих нь их болж, энэ асуудлыг ч олны анхааралд хандуулж эхэлсэн нь нааштай, ахицтай байгааг хэлэхгүй байж болохгүй. Монгол Улсын хөгжлийн сангаас хотын нийтийн тээврийн паркыг шинэчлэхэд 38 тэрбум төгрөг гаргаж, үүний үрээр энэ онд 400 шинэ автобус үйлчилгээнд гаргахаар болсон юм. Энэхүү дорвитой шинэчлэлийн анхны гараа болсон 20 шинэ автобусыг БНСУ-аас авахаар болж, тэдгээр нь ч Улаанбаатарт ирж, энэ сарын 22-нд үйлчилгээнд гарахаар болжээ. Шинэ унааг анхны үйлчилгээнд хүлээн авах ёслол Сүхбаатарын талбайд болох аж. Бас энэ 20 шинэ унаа Монголын уламжлалт цагаан сарын өмнөхөн олны үйлчилгээнд гарах гэж байгаа нь билэгдэлтэй. 20 -иор тогтохгүй ийм унаа нийслэлд уван цуван ирсээр 7 дугаар сар гэхэд шинэ 400 унаатай болно. Бас л монголчуудын их баяр наадмаар шинэ унааны сүүлч ирнэ гээд бодохоор билэгшээхээс аргагүй. Ийнхүү монголчууд үхэр жил чухам “Морьтой” байх нь ээ. Морьтой байхаараа монголчууд хийморьтой.
Улаанбаатарын өнгө ч унаагаа дагаад сайхан болох нь дамжиггүй. Унаагаа дагаад Улаанбаатарын өмнө тулгарч буй хоёр дахь чухал асуудал байна. Энэ нь хотын зам. Нийслэлийн зам бас хуучирч муудсан. Тэгэхээр шинэ унаанууд хуучин зам дээр удаан тэсэхгүй л болов уу? Шинэ унаа сайн, чанартай зам шаардах нь зүй. Шинэ унааг анхнаас нь удаан эдлэхийн тулд замаа засч, сайжруулах нь бидний гол, онц чухал асуудлын нэг. Замаа яаж сайжруулах вэ? Нийслэлийн энэ жилийн төсөв 102 тэрбум агаад үүний ердөө 4,7 тэрбумыг замд зориулах аж. Бага л хөрөнгө, мөнгө хэдий ч хямралын үед үүнээс илүүг нэхээд яахав, тэртэй тэргүй энэнээс илүү олдохгүй нь тодорхой. Энэ хөрөнгө мөнгөн дээр дотоодын нөөцийг олж, ашиглах нь чухлаар тавигдаж байна. Хотын замын санд төвлөрөх мөнгийг хяналттай хураан авч, зөв ашиглахыг бодууштай. Дөрөвдүгээр сарын эхээр замын татвар хураамж эхэлнэ. Улсын хэмжээнд авто хэрэгслийн үзлэг, тооллого ч эхэлнэ. Зам засварын ажил ч эхэлнэ. Энэ олон эхлэх ажлуудын уялдаа холбоог сайжруулбал замын асуудлыг шийдэхэд дөхөмтэй. Зам засварын асуудлыг шийдэхэд энэ жил ОХУ, БНХАУ-аас замын мэргэжилтнүүд урьж байгаа дуулдана. Энэ ч зөв байх. Монголд замын сайн мэргэжилтэн,инженер байдаггүй гэдэг. Тиймээс ч зам засварыг манайхан дотооддоо сайн чанартай хийж чаддаггүй биз. Манайхны замын засвар үнэхээр муу байгаа нь харагдаж байдаг. Өнгөрсөн жилүүдэд хийсэн замын засварыг харцгаа. Дандаа нурж эвдэрсэн замууд. Харин гадныхны хийсэн зам нэг л өөр. Баруун, зүүн дөрвөн замын шинэчилсэн байдлыг үзэцгээ. Чанар гэдгийг тэндээс харж болохоор. Тэгээд ч хийж сурсан хүмүүсийн гараар орсон дээрх замууд, орчны тохижилт ч өөр байгаа. Түүнээс биш манайхны сонгуулиар санал авах гэсэн замын зассан, хийснийг үзэхээр өдөр шөнө шиг ялгаатай харагдаж байна. Жил ч хүрэхгүй хугацаанд зам нь эвдэрч, жолооч нар түүнийг “Там” гэж хараана.
Энэ байдлаасаа салцгаая. Хотын шинэ удирдлагууд ч үүнд илүү анхаарах нь зүйтэй. Унаагаа шинэчилсэн шигээ замаа шинэчлэхийг иргэд хүсч байна шүү. Улаанбаатарын унаа, зам хоёр минь ч үүнийг биднээс шаардсаар байгаа. Шинэ унаа, шинэ зам-Шинэ Улаанбаатарыг урагшаа дуудна ч , улам хөгжүүлнэ ч. Нийслэлийн шинэ Засаг даргын дөрвөн шинэ орлогч орон нутгийн сонгуульд “Шинэ Улаанбаатар” гэсэн уриатай гарч ирцгээсэн. Шинэ хурлын түшээ нар ч “Шинэ Улаанбаатар” гэж уриалсан шилэгдмэлүүд. Та нарын шинэ Улаанбаатарын хөгжил шинэ унаа, шинэ зам хоёроор шийдэгдэнэ. Эндээс хотынхоо шинэчлэлийг эхэлье.