
Согтууруулах ундаа, тамхийг Монголд сурталчлахыг хуулиар хориглодог. Гэтэл сүүлийн үед телевизүүдээр "Соёмбо", "Болор", хар тодотголтой "Чингис", "Хараа" зэрэг архийг далд байдлаар сурталчилж байна. Нэгэнт хуулиар хориглосон тул архины дүрс гарахгүй, архи гэж хэлэхгүй, согтуу хөлчүү хүн гарахгүй. Гэхдээ яахын аргагүй эдгээр архийг хэлээд байна аа гэдэг нь тун ойлгомжтой рекламууд. Сонирхолтой, өгүүлэмж, зураг дүрслэл, дуу хөгжим сайтай, дээр нь бас сонирхолтой рекламууд гарч байна. Аливаа зүйлийг хорьж цээрлэхэд хэлбэр нь улам нарийсан төгөлдөрждөг. Энэ утгаараа архины рекламууд мэргэжлийн өндөр төвшинд хийгдэж байгаа бололтой. Ямар ч байсан Монголын рекламын хөгжилд тодорхой байдлаар нөлөөлөх нь дамжиггүй.
Муу нуухаар сайн илчил, Даравч дардайна булавч бултайна. Рекламын татварыг нь ахиухан аваад зөвшөөрчихвөл яасан юм бэ? Их Петр хаан оросуудыг сахалнаас нь салгасан түүх санаанд орж байна. Орос улс баруун талдаа хөлддөггүй боомт олж авах санаатай шведүүдтэй байлдаад эхлээд ялагдаж л дээ. Учрыг нь судлаад байх нь ээ, сахал үсээрээ чимсэн орос цэргүүд гардан байлдаанд орохдоо шведүүдэд сахалнаасаа татуулж, сэлэм гялс толгой бөндгөс болоод байсан нь тодорхой болж. Петр урт сахал тавихыг хориглов. Гэвч эрчүүд чимэгнээсээ салахыг хүссэнгүй. Тэгэхээр урт сахалд татвар оноож орхиж. Тэгээд л орос цэргүүд сахлаасаа удалгүй салсан түүх бий.
Эх сурвалж : http://emosclub-naranbayar.blogspot.com/2009/02/blog-post.html