Tuesday, February 3, 2009

Цагаан сар үндэсний үйлдвэрлэгч, малчдыг тэтгэж байна

-Хэвийн боов, ууц, цагаан идээний борлуулалт нэмэгдэж эхэлжээ-

“Ууц хямд үнэтэй байна. Энэ үед авбал зүгээрсэн. Аль үйлдвэрийн хэвийн боовоор тавгаа засвал өнгөтэй байх бол” гэх яриа ид өрнөж байна. Монголчууд үндэсний, уламжлалт баяр Цагаан сараар элбэг хангалуун байхыг хичээдэг. Иймээс хэдэн долоо хоногийн өмнөөс Цагаан сарын талаархи яриа өрнөж, идээ ундаагаа базааж эхэлдэг билээ. Энэ жилийн хувьд дэлхийн санхүүгийн хямралаас болсон уу ууцны үнэ өнгөрсөн жилтэй харьцуулахад буурчээ. Харин хэвийн боовны үнэ хямдраагүй байна.

Нийслэлийн томоохон захуудаар орж, хэвийн боов, ууц, цагаан идээ, чихэр жимсний үнийг сонирхлоо. Харин бэлэг сэлтийн үнэ ямар байгааг сонирхсонгүй. Учир нь санхүүгийн хямралтай холбогдуулж ихэнх айл бэлэггүй шинэлэх уриалгыг дэмжиж байгаа билээ.

Шар тосонд багсарч, чанасан хэвийн боов хамгийн үнэтэй
“Бамбууш”-ын хэвийн боов ширхэг нь 1000, “Талх чихэр”-ийнх 1200, “Өгөөж”-ийнх 999 төгрөгийн үнэтэй байна. Орц, найрлагаас шалтгаалж хэвийн боовны үнэ харилцан адилгүй байгаа аж. Тухайлбал, хамгийн хямдхан хэвийн боов 850 төгрөгийн үнэтэй байв. Уг хэвийн боовыг хувь хүн хийжээ. Хамгийн үнэтэй нь 1600-1800 төгрөг байна. Шар тосонд багсарч, чанасан тул удаан хадгалахад хатаж, чанараа алдахгүй хэмээн борлуулагчид рекламдаж байв.

Үйлдвэрийн хэвийн боовонд урамшуулал зарлажээ. Тухайлбал, 15-ыг авахад нэг хэвийн боов үнэгүй. Эсвэл суурь еэвэн бэлэглэж байлаа. Зарим нь азтай худалдан авагч шалгаруулж, гадаад, дотоодоор аялуулахаа амлаж байна. Нэг айл дунджаар таван үе хоёр таваг засна гэвэл хэвийн боовонд 30 гаруй мянган төгрөг зарцуулах нь. Суурь еэвэн том, жижгээс хамаарч 2500-3500 төгрөгийн үнэтэй байна.

Ууцны үнэ хямдарчээ
Дэлхийн санхүүгийн хямрал малчдад нөлөөлж эхэлсэн нь ууцны үнэ хямдрахад хүргэжээ. Захуудад ууц 50-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Айлууд ууцаа одооноос авч эхэлж байгаа тул үнэ нь бага зэрэг нэмэгдэж магадгүй талаар худалдаачид ярив. Өнгөрсөн жил ууц 160 мянган төгрөгт хүрч байсан билээ.

Харин энэ жил иргэд дунд зэргийн ууцыг 60-65 мянган төгрөгт багтааж авч болох нь. Ийм ууц ойролцоогоор 30 орчим кг татах гэнэ. Хонины мах 2200-2500 төгрөгийн үнэтэй байна. Харин ямааны мах хамгийн хямд буюу кг нь 1200-1300 төгрөгийн ханштай байлаа. Иргэд бууз хийнэ хэмээн ямааны мах их авч байгаа аж. Худалдан авагчид “Нэгээс хоёр гулууз махаар бууз хийдэг. Ямааны гулууз мах ойролцоогоор 28-30 мянган төгрөг болж байна. Харин хонины мах авбал 40 гаруй мянган төгрөг болох нь” хэмээн ярив. Үүнийг нэгтгэж тооцвол ууц, буузны маханд иргэд 130-200 мянган төгрөг зарцуулах нь.

Цагаан идээний сонголт өргөн байна
Монголчууд үндэсний баяраар цагаан идээ хэрэглэхийг илүүд үздэг. Ааруул кг нь 3000-5500, өрөм, бяслаг 3000-5000, аарц 1500, ингэний хоормог 2800-3000 төгрөгийн үнэтэй байна. Хөлдүү сүү кг нь 1300, шингэн сүү 1500 төгрөгөөр зарагдаж байв. Өрх бүр цагаан сараар сүү, цагаан идээ хэрэглэдэг. Худалдагчид “Нэг өрх сар шинээр цагаан идээнд ойролцоогоор 40 гаруй мянган төгрөг зарцуулдаг” хэмээн хэлж байлаа.

Цагаан сарын тавгийн идээг чихэргүйгээр төсөөлөх аргагүй. Хатуу чихэр кг нь 2200-3200, бурамтай нь 2800-3500 төгрөгийн үнэтэй байна. Олон төрлийн жимстэй, том чихэр 4500-6400 төгрөгөөр зарагдаж байлаа. Харин “Талх чихэр”-ийн чихэр 4500 төгрөгийн үнэтэй аж. Иргэд Цагаан сарын чихэр, жимсэнд 30-40 мянган төгрөг зарцуулдаг. Энэ жилийн хувьд ч ижил байх болов уу.

Энэ жил бие биедээ бэлэг барихгүй бол иргэд Цагаан сарыг хүндрэл багатай тэмдэглэх боломж байна. Харин нэрэлхүү зангаараа бусдын гарыг цайлгана хэмээн зүтгэвэл нэлээд зардал гарах нь ойлгомжтой. Цагаан сарын дараа хаврын урт өдрүүд хүлээж байна. Мөн дэлхийн санхүүгийн хямрал биднийг хэдий болтол хоргоохыг хэлэхэд хүнд. Иймд уламжлал, өрх гэр, улс орноо бодсон ч Цагаан сарыг бэлэггүй тэмдэглэх нь хэн хэндээ тустай аж. Дашрамд дурьдахад, “Скай” дэлгүүр, “Бишрэлт” худалдааны төвд цагаан идээ, хэвийн боовны үзэсгэлэн худалдаа явагдаж байна.


Нийгмийн толь