Monday, February 2, 2009

Шатсан байрыг шинээр барихад БНСУ туслах нь

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх тэргүүтэй төлөөлөгчид БНСУ-ын эрх баригч Ханнара намын урилгаар албан ёсны айлчлал хийгээд иржээ. Айлчлалын үеэр Ханнара намын дарга Пак Хи Тхе, Ерөнхий нарийн бичгийн дарга Ан Ген Рюл, Мэдээлэл, судалгааны албаны дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Жүн Бен Гүг, Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблейн Гадаад бодлогын байнгын хорооны дарга Пак Жин нартай уулзсан байна.

Уулзалтаар хоёр орны хоорондын харилцаа, эрх баригч хоёр намын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцсон аж. Цаашид хоёр намын хооронд намын төлөөлөгчид харилцан солилцох, намын бүлгүүд болон намын анхан шатны байгууллага хоорондын шууд хэлхээ холбоог хөгжүүлэх зэрэг байнгын идэвхтэй харилцааг хадгалан ажиллахыг харилцан тохиролцов.

Мөн МАХН-ын Төв байрыг шинээр барих тухай танилцуулсныг тус намын удирдлага сайшаан дэмжиж, тусламж үзүүлэхээ илэрхийлсэн байна. Ханнара нам нь 40 гаруй жилийн түүхтэй БНСУ-ын анхдагч, уламжлалт, барууны чиглэлтэй улс төрийн хүчний нэг гэнэ. Ташрамд дурдахад, Ханнара намын Мэдээлэл, судалгааны албаны дарга, Үндэсний Ассамблейн гишүүн Жүн Бен Гүг ирэх сард Монгол Улсад айлчилж, намын идэвхтэн сонгуультнуудад семинар хийх ажээ. Харин Ерөнхий нарийн бичгийн дарга Ан Ген Рюл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай Улсад айлчлах нь.