Monday, February 2, 2009

Оросыг махны хомсдлоос аврах гарц Монгол

“Орос орон үхрийн махны хомсдолд орох учраас Монголоос мах авах нь зүйтэй” хэмээн Хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев мэдэгдлээ. Худалдаанд хямд үнэтэй бүтээгдэхүүн нийлүүлэх сайхан боломж мөн боловч Монголоос нийлүүлэх махны чанар мал эмнэлгийн шинжилгээг давж гарна гэдэгт шинжээчид эргэлзэж байна.

“Эрэлт, нийлүүлэлтийн тэнцлээс харахад тун удалгүй Оросын зах зээл үхрийн махны хомсдодд орох нь тодорхой” хэмээн Алексей Гордеев Эрхүү хотноо болсон уулзалт дээр хэлсэн юм. Эрэлт байвал Монгол Улс мах нийлүүлэлтээ өсгөхөд бэлэн байгаа нь манай энэ хүндрэлийг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй хэмээн Гордеев мэдэгдлээ. “Монгол 40 сая толгой малтайгаас бэлчээрийн даац хэтэрч, бэлчээр үгүй боллоо. Бид ОХУ-д мал, мах нийлүүлэхэд бэлэн байна хэмээн Монгол Улсын Ерөнхий сайд Санжийн Баяр хэллээ” хэмээн РИА “Новости” агентлаг мэдээлжээ.
Сүүлийн 15 жилийн турш ОХУ махны хомсдолд ороод байгаа бөгөөд энэ хомсдол улам нэмэгдэж байгааг Бүх Оросын махны үйлдвэрлэлийн институтийн орлогч захирал хэлж байлаа. XX зууны дундуур Монгол ЗХУ-д жилдээ 40 мянган тн мах нийлүүлдэг байсан ч 1990-ээд оноос хойш нийлүүлэлт эрс багасч, 10000 тн-оос хэтрэхээ больсон. 2007 онд ОХУ-ын мах нийлүүлэлтийн 57 хувийг Бразили, 14 хувийг Аргентин, 11 хувийг ТУХН, таван хувийг Европын Холбооны улс нийлүүлсэн байна. Эдгээр орнуудаас мах импортлохдоо 1999-2003 оны квотыг барьж байсан нь өнөөгийн эрэлттэй тохирохгүй байсан юм. 2009 оны махны импортын квотыг 450000 тн-оор тогтоосон нь 2008 оныхоос ердөө таван тн-оор илүү байна. Алексей Гордеевын мэдэгдэл үхрийн махны квотыг Монголын талд ашигтай шийдвэрлэхэд чухал үүрэгтэй хэмээн шинжээчид үзсэн. Дэлхийн зах зээл 1999-2003 оныхоос эрс өөрчлөгдсөн бөгөөд олон орон махыг тогтоосон квотоос илүү хэмжээгээр худалдаж авдаг болжээ.
“Тохиролцоонд хүрч чадсан Гордеевт баяр хүргэе” хэмээн Бүх Оросын махны үйлдвэрлэлийн институтийн орлогч захирал Борис Гутник мэдэгдэв. Зах зээлийг хөрш зэргэлдээ Монголын хямд үнэтэй махаар дүүргэх нь чухал. Аргентиний нийлүүлж буй мах чанар сайтай ч үнэ өндөртэйгээс ресторанууд л худалдан авдаг учраас энэ орны махны нийлүүлэлтийг багасгах сайхан боломж олдлоо. Монголын хямд үнэтэй мах зах зээл, худалдааны сүлжээнд нэвтэрнэ хэмээн Гутник ярьжээ.
“Махны хэрэглэгчид, олон тооны мах комбинатууд Монголтой хил залгаа хотуудад байдаг нь яамай. Одоо энэ комбинатууд Монголын махаар хангагдсанаар бүрэн хүчин чадлаараа ажиллах болно” гэж Махны үндэсний холбооны дарга Сергей Юшин хэлэв. Мөн ХАА-н зах зээлийн конъюнктурын хүрээлэнгийн захирал Роман Кипоть “Буриадын махны үйлдвэр жилд 5-7 мянган тн махыг Монголоос худалдан авч Урал, Поволжьед нийлүүлдэг” хэмээн хэлсэн нь Сергей Юшиний үгэнд хүч нэмсэн хэрэт байлаа.
Ганцхан түншид хэтэрхий найдах нь эрсдэлийг нэмэгдүүлдэг тул нийлүүлэлт хийх шинэ түншийг хайхад Монгол Улстай хийх хэлэлцээр чухал. Хэрэглэгчдэд хямд үнэтэй мах нийлүүлэх бидний зорилт энэ хэлэлцээгээр нааштай шийдвэрлэгдэнэ гэж “Промсвязьбанк”-ийн захирал Дмитрий Грицкевич үзсэн. 2008 онд Бразили, Аргентин, Парагвай, Канад, Дани болон Европын бусад орнуудаас мах импортлохыг ОХУ-ын Засгийн газар ямар нэгэн шалтгаанаар хязгаарласан нь үнийг хөөрөгдөж, түүхий эдийн хомсдолд оруулжээ.
Судалгаанаас харахад 2009 оны нэгдүгээр сарын байдлаар Оросын зах зээл дээр үхрийн ясгүй махны үнэ дундажаар 0.7 хувиар өсчээ. Meat & Wool New Zealand’s Economic Service-ийн гаргасан судалгаагаар 2009 онд хонины махны жижиглэнгийн үнэ 38, үхрийн махных 11 хувиар өсөх ажээ.
“Монгол мал эмнэлгийн шинжилгээний хориотой бүсэд байдаг учраас үхрийн мах импортлоход саад учирч болзошгүй. Харин чанамал болон утсан хиам зэргийг үйддвэрлэх махыг зөвшөөрөх магадлалтай” гэж “Финэкспертиз” компанийн ерөнхий захирал Агван Микаелян хэлсэн нь тун ч ортой үг юм.
Монголд малын өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажил сул, фермүүд ариун цэврийн наад захын дүрэм, журмыг сахидаггүй нь судалгаагаар нотлогдсон хэмээн шинжээчид сануулж байна. Манай ХААЯ Монголын мэргэжил нэгтнүүдтэй нарийн тохирч, хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар дээрх хүндрэлийг ямар нэг хэмжээгээр шийдвэрлэж болно. Малын өвчнөөс урьдчилан сэргийлэх хөрөнгө, санхүүжилтийг Оросын тал гаргаж болох юм. Малыг вакцинжуулах, эрүүл мэндэд хяналт тавих, мөн махны чанарт анхаарах зэрэг ажлыг малын эмч нар хийх хэрэгтэй. Эдгээр арга хэмжээ цаг хугацаа шаардана. Харин Гордеевын хэлснээр үхрийн махны хомсдол хаяанд ирээд байна.