
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт хандан захирамж хүчингүй болгох тухай албан бичиг хүргүүлжээ. Нийслэлийн удирдлагад ажиллаж байсан зарим албан тушаалтны хууль бус үйлдлийг шалгуулахыг хүссэн иргэн О.Лхагвадоржийн мэдээллийн дагуу шалгалт хийхэд уг зөрчил илэрсэн аж. Уг баримтад Улаанбаатар хотын Засаг дарга нь "Монгол Улсын Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.1, Усны тухай хуулийн 31.2.1, 31.3, Хот суурин усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12.4.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 21.2 дэх заалтуудыг зөрчиж 2000 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 282 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дахь Улаанбаатар хотны цэвэр усны хамгаалалтын бүсэд "Мон-Уран" ХХК-д 30 га газар олгосон болох нь тогтоогдсон байна" гэжээ.
Цаашлаад "Энэхүү шийдвэрийн улмаас Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөц, эрүүл ахуйн байдалд сөргөөр нөлөөлж, цаашид Улаанбаатар хотыг ундны цэвэр усны хомс-долд хүргэж болзошгүй" гэдгийг ч анхааруулжээ.
Тэртээх 1950-иад онд Туул голоор сал урсч, Дунд, Сэлбийн ус одоогийн Туултай адил урсдаг байсныг ахмадууд хэлдэг. Тэгвэл өдгөө Дунд голоос хар хайрга үлдсэн нь гашуун үнэн. Сэрүүн Сэлбийг ч ийм хувь заяа хүлээж байгаа. Нийслэлд хэрэглээний усны 20 гаруй хувийг гадаргын уснаас хэрэглэж, үлдсэн 80 хувийг нь гүнийн худгаас татдаг. Улаанбаатарын ундны усыг хангадаг 76 худаг нь Туул голын дагуу байршдаг. Нэг үгээр хатан Туул эдгээр худгийг усаар сэлбэж, тэтгэдэг.
Гэтэл нийслэлийн удирдлагууд Хатан Туулын дагуу энэ мэтээр газар олгосон, олгосоор л байна. Өдгөө Туул гол дагуух аж ахуйн нэгж, иргэдийн эзэмшлийн 180 гаруй барилга, байгууламж байдаг. Автомашины гараашаас өгсүүлээд орон сууцны барилгуудыг хууль зөрчиж босгосон гэдэг нь хөдөлшгүй үнэн. Эцэстээ голын гольдрил дээр барилга, байгууламж барьж байгааг "Туул голын хамгаалах үндэсний хөдөлгөөн"-ий тэргүүн Л.Туяацэцэг өгүүлж байна.
Ундны усны нөөц эх үүсвэр дээр гольфийн талбай барихаар зүтгэж буй "Туул ривер кантри саид" компанийн гүйцэтгэх захирал н.Нармандах нэгэнтээ "Европын томоохон хотуудад голоо дагаж гольфийн талбай байгуулдаг. Муу юм байхгүй" хэмээж үйл ажиллагаагаа зөвтгөж байсан. Тэгээд ч цэвэр усны ундарга, Туул голын ундарга гэдэг ойлголт тэс өмнөө зүйл. Үнэн хэрэгтээ Ази, Европын цаг агаар газар тэнгэр шиг зөрүүтэй. Тэр тусмаа хуурай, сэрүүн Монголыг чийглэг Европтой зүйрлэх аргагүйг усны мэргэжилтнүүд хэлдэг. Европын хотуудаас манай улстай хамгийн ойрхон нийслэл Москва хотын ойролцоо унах хур тунадас 3000 мм орчим байдаг бол Улаанбаатар хотод үүнээс 10 дахин бага хур тунадас унадаг. Нэгэнт иймээс гол дагуух бут, сөөгийг тайрч барилга барих нь бүү хэл хашаалж байгаад нэмж мод бут таримаар.
Нийслэлийн удирдлагын олгосон газар бүрийн цаана их хэмжээний мөнгө яригддаг нь бүхэнд ил болжээ. Байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, зарим иргэний хэлж байгаагаар Туул голын дагуух га газар сая ам.долларын үнэ хүрдэг гэх.
Зүй нь иргэн О.Лхагвадоржоос илүүтэйгээр нийслэлийн ундны усанд анхаарал хандуулах ёстой хүн нь хотын удирдлагууд байх ёстой. "Мон-Уран" зэрэг компанид тусгай хамгаалалттай газраас га, га-гаар нь газар олгохдоо экс Засаг дарга дээрх албан бичигт өгүүлсэн хуулийн заалтуудыг мэдэхгүй байсан гэвэл түүн шиг худал үгүй.
Мэдсээр, харсаар байж хууль зөрчиж байгаа үйлдлийг мөнгө, төгрөгтэй холбож үзэхээс өөр аргагүй. Гэтэл тэднийг нийслэлийнхний эрх ашгийг хамгаалуулах гэж Улаанбаатарын иргэд сонгосон. Харамсалтай нь газрын наймаа гэх авлигачдын халаасыг түнтийлгэдэг бизнест сонгогчдын итгэл хүлээлгэсэн өнөөх хот, дүүргийн удирдлагын нэр нэн түрүүн дурьдагддаг.
Ойрмогхоноос дээр өгүүлсэн эрх мэдэлтнүүдийн зөвшөөрөл өгсөн 30 га газарт баригдсан "Дүнжингарав" худалдааны төвийг Гаалийн баталгаат агуулах болгох гэж байгаа талаар чих дэлсэв. "Мон-Уран" компанийнхан Амгалан өртөөнөөс төмөр зам бариад эхэлсэн гэх. Гаалийн агуулахад юу эсийг буудаг билээ. Барилгын материалаас өгсүүлээд төрөл бүрийн химийн бодис агуулсан эд зүйлс хадгалагдана. Энэ тохиолдолд өнөөх гүнийн худагт нөлөөлөхгүй гэх баталгаа алга байна.
Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтэй нэгэнд хүн төрөлхтний бодож олсон хууль үйлчилдэггүй юм байж, байгалийн хууль харин хэнийг ч алагчлахгүй. Ердөө л 20 жилийн дараа дулаарал хийгээд хүний буруутай үйл ажиллагаанаас болж дэлхий дахинд уух усгүй болох аюул нүүрлэнэ. Хатуу, сэрүүн уур амьсгалтай Монгол хамгийн түрүүн энэ дайрлагад өртөхийг усны мэргэжилтнүүд хэлж байна.
Нийгмийн толь