Monday, February 16, 2009

Аялал жуулчлал нэрээр газар аваад барилга барьж байна


Богд уулын амны дархан цаазат газруудад өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өндөр барилгууд сүндэрлэж байна. Эдгээр газарт аялал жуучлалын бүсийг хөгжүүлнэ гэж байсан ч тэр шийдвэр өнөөдөр цаасан дээр үлдэж, бодит байдал дээр биелэлээ олж чадсангүй.
Улсын дархан цаазат газруудыг Байгаль орчны яам шийддэг байх үед нэлээдгүй луйвар будлиан гарсан нь Зайсангийн урд хэсэг Богд уулын хойд амнаас бэлхнээ харагдаж байна. Та бүхний харж байгаа энэ газарт өнөөдөр мөнгөтэй компаниуд үнэ хаялцан газрын наймаа өрнүүлж, энд газар олгож байгаа томоохон эрх мэдэлтэй хүмүүсийн халаас түнтийж байгаа бизнесийн талбар болж хувирчээ. УИХ-ын гишүүн Миеэгомбын Энхболдыг хотын дарга байх үеэс цэцэглэж, хацар нь ягаарсан гэж ард олноо нэршсэн Батбаяр даргын үеэс хүрээгээ тэлж эхэлсэн нийслэлийн өөдтэй өнгөтэй газрын наймаа өнөөдөр ч , хойшид ч бидэнд балгаа үлдээсээр байх бололтой. Учир нь дээрх барилгын компаниуд улам ихээр даварсаар одоо тэр хавийн жалга шуудуунд хүртэл шороо асган газар тэлж барилга барьсаар байна. Энэ талаар газрын алба ямар хяналт тавьж байгааг бид тодрууллаа.

Нийслэлтэй хамгийн ойрхон байдаг Богд уулын ам, Зайсан орчмын энэ газрыг аялал жуучлалын бүс болгон хөгжүүлж жуулчны бааз, түүхийн дурсгалт хөшөө туурин барьна гэж хэдхэн жилийн өмнө газрын зөвшөөрөл олгож эхэлсэн. Тэрхүү зөвшөөрлийг хэдхэн жилийн хугацаатай гэрээгээр эзэмшүүлнэ хэмээн ард олны тархийг угааж байсан ч өнөөдөр аялал жуулчлалын бүс биш баригын томоохон цогцолборууд сүндэрлэж баячуудын амьдардаг хороолол болтлоо хөгжжээ. Зайсан орчимд 0.07 га газар л гэхэд хэдэн зуун саяар үнэлэгдэж хятад солонгосын голдуу компаниуд цүнхтэй мөнгөө бэлнээр нь өгөөд авдаг гэж тэр хавийн айлууд хааяа нэг ам нээдэг. Төр төмөр нударга, ял цаазаа энгийн иргэддээ эдлүүлж чаддаг хирнээ эрх мэдэлтнүүдийн өмнө очоод сөгддөг нь хөөрхийлөлтэй. Нийслэлийн байршил сайтай газруудаар баяжиж улс төрд орсон үе үеийн хотын дарга нарын үлдээсэн балагийг харсаар сууж хариуцлага тооцохгүй өнгөрөөж байгаа нь албан тушаалтай л бол хууль юу ч биш гэсэн үзлийг улам хөөргөж байгаа юм бишүү гэсэн асуулт эндээс урган гарч байна. Мэдээллийг Тэгшжаргал, Олонбат нар хүргэлээ.