Бид улс төрөөс ангид, цэвэр эдийн засаг, бизнесийн хүрээнд ажиллах хүсэлтэй байна
Эрхэм харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгч, үйлчлүүлэгч нийт Монголын ард түмэндээ энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд ирж буй Харшлагч хэмээх шороон үхэр жилдээ аз жаргалтай, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.
Өнгөрсөн оны 9 сараас манай банкийг дампуурна гэсэн цуурхал хүчтэй дэгдэж, улмаар харилцагч, хадгаламж эзэмшигч нар мөнгөө татаж эхэлсэнээр 11-12 сараас манай банкны үйл ажиллагаа доголдож, төлбөрийн чадварын алдагдалд орсон. Үүний улмаас та бүхний ажлыг хүндрүүлэн, чирэгдүүлж, банк дампуурах нь гэсэн айдаст та бүхнийг автуулан, нийгмийг цочролд оруулан дуулиан дэгдээж, сэтгэл оюуныг тань чилээсэндээ нийт АНОД банкны хамт олны зүгээс хүлцэл өчиж байна. Бид ийм байдалд оруулахыг хүсээгүй боловч эдийн засаг, санхүүгийн болоод улс төрийн нөхцөл байдал үнэхээр хүнд, боломжгүй байсан учраас ямар ч хариу арга хэмжээ авч хүчрэлгүй байдлыг хүндрүүлсэндээ үнэхээр их харамсаж байна.
2008 оны 12 сарын 10-наас манай банкинд Монголбанк Бүрэн эрхт төлөөлөгчөө томилон онц байдал зарласан. Энэ үеэс эхлэн манай банкны удирдлагуудын эрхийг түдгэлзүүлэн, улмаар үүсгэн байгуулагч 3 захирлыг маань хорьж, биднийг БЭТ-ийн зөвшөөрөлгүйгээр юу ч хийж болохгүй, банкны талаарх ямар нэгэн мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд огт өгөхгүй байхыг хатуу хориглосон. Банкны тухай хуульд заасны дагуу БЭТ нь банкны үйл ажиллагааг хэвийн байдалд нь оруулж, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах үүрэгтэй байдаг. Иймээс бид БЭТ-ийн зааврын дагуу ажиллаж, банкныхаа үйл ажиллагааг удалгүй хэвийн болно гэдэгт итгэж байлаа. Гэвч байдал бидний санаснаас эсрэгээр эргээд байгаа учраас бид Үндсэн хуульд заагдсан эрхийнхээ дагуу өөрсдийн үгээ ард түмэндээ хүргэхээр шийдлээ.
Өнгөрсөн 2 сарын хугацаанд, БЭТ томилогдсоноос хойш гадуур, хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай банкны талаар сөрөг мэдээллүүд илүү давамгай цацагдсан. Ялангуяа манай 3 захирлын талаар, манай зарим топ харилцагчдын талаар үргэлж сөрөг муу мэдээлэл цацагдаж, бизнесийн нэр хүндэд нь бүдүүлгээр халдаж байсан. Мөн БЭТ-ийн зөвлөлийн ажилтнууд манай харилцагчидтай маш зүй бусаар, бүдүүлгээр харьцаж бидний нэр хүндийг унагаж байсан. Энэ байдал нь манай харилцагчдыг улам л бидэнд итгэх итгэлгүй болгож байлаа. Мөн бидний дотоод үйл ажиллагаандаа ашигладаг и-оффисийн программыг ашиглахыг хориглож, мэйл бичих, устгах, дотоод форум ашиглах эрхийг маань ч хязгаарлаж эхэлсэнээр бидний Монгол улсын иргэн хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг боогдуулж байна. Банкны үйл ажиллагааг хэвийн болгох нь битгий хэл өдөр ирэх тутам улам бүр хумих бодлоготой байгаа нь тодорхой болж байна. Бид Монголбанкнаас мэргэжлийн өндөр ур чадвар бүхий банкирууд ирж, банкны хуулийн дагуу ажиллана гэж итгэж байсан. Харамсалтай нь бидний хүссэнээр болсонгүй. Монгол улсад хууль хэзээ ч хэрэгждэггүйн тод жишээг бид харлаа.
Энэ хугацаанд манай банкинд коммунист дэглэм ноёрхож, коммунизмын уур амьсгал орсон мэт байлаа. Манай банкны өнгөрсөн 9 жилийн хугацаанд улс эх орныхоо хөгжилд оруулсан хувь нэмрийг огт дурдаагүй, бидний бүх ололт, амжилтыг юу ч биш болгож, энэ банкинд ажиллаж буй ажилтнуудын өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйл, ирээдүйд хийхээр төлөвлөж байсан ажил, хүсэл мөрөөдлийг юу ч үгүй болтол нухчин дарж, зөвхөн алдаа дутагдлыг нь тодоос тод, томоос том хараар илэрхийлж байлаа. Алддаггүй хүн, алддаггүй бизнес гэж байхгүй. Тиймээ, бид алдсан. Бид алдаа гаргахыг хүсээгүй, гэвч алдсан. Бид манай зарим нэг захирлын бодлогогүй алхмын үүднээс хийсэн алдаан дээр дөрөөлсөн улс төрийн зорилготой манай банкийг түлхэн унагах процессийн эсрэг хариу арга хэмжээ авч чадалгүй, хүчин мөхөсдсөн. Алдаа бол сургамж, туршлага болон үлддэг. Бидэнд энэ удаагийн алдаа маш том сургамж болсон. Бид туршлага суусан.
Үүсгэн байгуулагч 3 захирлыг маань мэргэжлийн банкирууд биш учраас банк удирдаж чадахгүй, мөн онц аюултай зальт этгээдүүд гэсэн ойлголтыг нийгэмд цацаж байна. Хэдийгээр үүсгэн байгуулагч 3 захирал маань мэргэжлийн банкирууд биш ч гэсэн энэ банкинд ажиллаж буй ажилтнууд нь бүгд мэргэжлийн, эх орноо гэсэн сэтгэлтэй, орчин үеийн банкны үйлчилгээг эх орондоо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучууд байгаа юм шүү. Бид Монгол улсын санхүүгийн зах зээл дээр АМЖИЛТ-тай ажиллаж, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ НАЙДВАР-тай түнш нь байж, орчин үеийн техник технологийн ОЛОЛТ дээр тулгуурласан, 21-р зууны хөгжил ДЭВШИЛ-ийн илэрхийлэл болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн хамгийн супер үйлчилгээтэй, хамгийн хүчирхэг банкийг байгуулах зорилготой ажиллаж байсан. АНОД бол АМЖИЛТ, НАЙДВАР, ОЛОЛТ, ДЭВШИЛ. Бид олон улсын санхүүгийн зах зээл дээр нэрээ дуурсгасан Монголын АНОД брендийг бий болгох гэгээн хүсэл мөрөөдөлтэй залуучууд. Бидний мөрөөдөл одоо ч хэвээрээ. Монгол залуучуудын үүсгэн байгуулсан, монголын ард түмний итгэлээр өсөж дэвжсэн банкаа бид дэлхийд нэрээ дуурсгасан, Монгол үндэсний банк болгохыг одоо ч мөрөөдөж байна.
Өнгөрсөн 9 жилийн хугацаанд бид маш эрч хүчтэй, өөдрөг, үргэлж шинийг санаачилж, шинэ шинэлэг үйлчилгээг нэвтрүүлэхийг эрмэлздэг, банк, санхүүгийн салбарт анхдагч, бас тэргүүлэгч байхыг хичээж ажилладаг, маш ардчилсан уур амьсгалтай хамт олон байсан. Бид дэлхийн жишигт нийцсэн банкны үйлчилгээг өөрийн эх орондоо нэвтрүүлж, Монголын ард түмэнд орчин үеийн банкны соёлтой хэрэглээг төлөвшүүлснээр эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэж үздэг. Бидэнд ийм эрч хүчтэйгээр, ийм гэгээн мөрөөдөлтэйгөөр ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж өгч байсан захирлууддаа, ялангуяа биднийг үргэлж эрч хүчтэй, өөдрөг байхыг уриалж, бидэнд үргэлж урам хайрладаг байсан Д.Энхтөр захиралдаа үнэхээр их талархаж байна. Ийм боломжийг бидэнд хангаж өгсөнөөр бид маш их зүйл сурсан, бас тодорхой ажлуудыг хийсэн, маш их зүйлийг хийж бүтээх төлөвлөгөөтэй байсан. Бид өөрсдөө их зүйл сурч, боловсорч хөгжихийн хэрээр банк маань улам л хөгжиж байлаа. Үүний үр дүнд манай банк Монголын ТОП-5 банкны нэг болж чадсан. Мөн харилцагчдын үйлчилгээнд ч, дотоод үйл ажиллагааны процессдоо ч мэдээллийн технологийг түлхүү хөгжүүлж чадсан банк болж чадсан. Эх орондоо байгаа монголчуудаас гадна, гадаадад амьдарч буй монголчууд ч цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн эх орны банкаараа чөлөөтэй үйлчлүүлж байх боломжтой болгохын төлөө бид ажиллаж, тодорхой амжилтанд хүрсэн байсан.
Энэ хугацаанд биднийг дэмжиж, харилцан ашигтай хамтран ажиллаж байсан харилцагч, хадгаламж эзэмшигч, зээлдэгч, үйлчлүүлэгч нартаа ч талархахгүй байхын аргагүй. Та бүхний итгэл дээр бидний ажил үйлс, амжилт тогтдог учраас бидэнд энэ итгэлийг хөсөрдүүлэх эрх байхгүй. Бид ард түмний итгэлийн төлөө, эх орныхоо цаашдын хөгжил, дэвшлийн төлөө, цаашлаад энэ нийгэмд тогтсон шударга бус ёсыг халахын төлөө банкаа аврах чин хүсэлтэй байна. Манай банкинд итгэж мөнгөө хадгалуулдаг хадгаламж эзэмшигчидийнхээ төлөө, манай үйлчилгээг сонгож төлбөр тооцоогоо гүйцэтгэдэг харилцагчдынхаа төлөө, манайхаас авсан зээлээр бизнес эрхэлж, эх орныхоо хөгжил дэвшилд бага ч атугай хувь нэмрээ оруулдаг зээлдэгчдийнхээ төлөө, манайхыг улам өсөж, дэвжиж хүчирхэг банк болно гэж итгээд хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийн төлөө бид банкныхаа үйл ажиллагааг хэвийн болгох ёстой. Бид ард түмний итгэлийг эргүүлж олж авахын төлөө, банкныхаа төлөө, санхүүгийн хямрал нүүрлэсэн энэ хүнд нөхцөлд улс орныхоо эдийн засгийн өсөлтөд бага ч атугай хувь нэмрээ оруулахын төлөө тэмцэхээр шийдлээ. Бид банкаа аврахын төлөө Сүхбаатарын талбай дээр жагсаж, өлсгөлөн зарлахгүй, чулуу барьж Монголбанк руу дайрахгүй, харин хууль дүрмийн дагуу чин шударгаар хөдөлмөрлөж, ямар нэгэн дарамт, хаалтгүйгээр үйл ажиллагаа явуулж банкныхаа үйл ажиллагааг хэвийн болгох зорилготой байна. Санхүүгийн хямралын үед, төлбөрийн чадварын алдагдалд орсон банкийг хэрхэн хэвийн үйл ажиллагаанд нь оруулах талаар бид мэдлэг боловсрол, ур чадвараа зориулан ажиллахад бэлэн байна. Бид улс төрөөс ангид, цэвэр эдийн засаг, бизнесийн хүрээнд ажиллах хүсэлтэй байна.
Бидэнд дахин нэг итгэл үзүүлж, биднийг дэмжин хамтран ажиллах чин сэтгэл та бүхэнд байгаа гэдэгт итгэж байна. Та бүхний эх оронч сэтгэл, халуун дэмжлэг бидэнд хэрэгтэй байна.